
-Долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн экс дарга нарыг яллахаар болоод байна. Та бүхэн энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-Хэрэг явдлын дараа тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр ярилцлага өгөхдөө “Цагдаа буудсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Тэгвэл Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан “Цагдаа буудсан нь тогтоогдсон”. Мөн цагдаагийн экс дарга нарыг яллахаар шүүхэд ирээд байна. Тэгэхээр “Эр хүн амласандаа, эмээлт морь харайсандаа” С.Баяр хариуцлагаа хүлээх ёстой.
-Тэгэхээр та цагдаа буудсан гэж бодож байна уу?
-Тийм. Угаасаа цагдаа нар буудсан гэдэг нь тодорхой. Тэднийг буудсан гэдгийг гэрчлэх гэрч ч байгаа. Гэхдээ цагдаа буудсан нь үнэн ч тэд ямар нэгэн даргын тушаалаар л буудсан байж таарна. Мэдээж тэд өөрсдөө буудна гэж байхгүй шүү дээ. “Бууд” гэж тушаал өгсөн ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд, Ерөнхий сайд байсан С.Баяр хоёрын аль нэгэнд нь хариуцлага хүлээлгэж байж миний санаа амарна.
-Ер нь хүү тань тухайн үед үймээнд оролцож байсан юм уу?
-Үймээнд оролцоогүй. Хамгийн гол нь түүнд л харамсч байна. Хүү маань үймээнд оролцогчидтой дуу нийлүүлэн, эмх замбараагүй байдал үүсгэж яваагүй юм шүү дээ. Гэртээ ирчихээд өөрийнхөө гэрлүү харих замдаа буудуулчихсан. Гадаад хэргийн яамны урд замд явж байхад эрүү рүү нь буудсан байгаа юм. Тэгээд хүү маань цусаа урсгаад зугтаж байхад цагдаа нар араас нь гүйцэж очоод зодсон гэсэн. Тэгэхээр Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд нараас үхэн үхэтлээ хүүгийнхээ амийг нэхнэ.
Б.Чимэг