Өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод Говийн бүсийн ард түмний их хуралдай боллоо. Тус хуралдайд Говьсүмбэр, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн 300 гаруй зочид төлөөлөгчид оролцож говийн бүсэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар илэн далангүй ярилцав. Говийн аймгуудын ард иргэдэд тулгамдаж буй гол асуудал газар, ус юм гэдгийг хуралд илтгэл тавьж, үгээ хэлсэн иргэд онцоллоо.
Тухайлбал, Өмнөговь аймгийн МАХН-ын ерөнхий зохицуулагч Ж.Мөнххүрэл “Өмнөговь аймаг бол экологийн сүйрлийн сонгодог жишээ” илтгэлдээ “Өмнөговиос их хэмжээний баялаг бүхий орд газрууд илэрсэн нь бидний сүйрлийн эхлэл болсон. Одоо манай аймагт 12 төрлийн ашигт малтмалын 71 орд, 185 илэрц илэрсэн бөгөөд энэ оны байдлаар ашиглалтын 57, хайгуулын 463 зөвшөөрлийн дагуу хүмүүс үйл ажиллагаа явуулж байна. Ашигт малтмалыг манай аймгаас олборлож эхэлснээс хойш эх нутаг минь сүйдсэн бөгөөд манай аймгийн иргэд нүүрс шорооны тосон дунд дарагдаж, цианит натри зэрэг химийн хорт бодисын нөлөөн дор дарагдаж амь нас, эрүүл мэндээрээ ноцтой хохирч, байгаль дэлхий нь гандан доройтож ан амьтад нь сүйдэн дайжиж байна. Тэр их баян орд газрууд гадныханд л үр өгөөжөө өгсөн байх, харин говийн ард иргэдэд өгсөнгүй ээ. Бид өнөө мөн тог цахилгааны асуудлаа шийдээгүй байгаагийн дээр говь нутагт уул уурхайгаас үүдэн залуу гэр бүлийн салалт ихсэж, бүр өрх толгойлсон хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. 2009 онд Өмнөговь аймагт 171 хүүхэд өрх толгойлон амьдардаг байсан бол энэ онд 376 хүүхэд өрх толгойлон амьдарч байна. Дээр нь усны хомсдол өдрөөс өдөрт газар авч байгаагийн дээр малчид нь малаа услах битгий хэл амны усгүй болоод байна. Байгалийн сүйрэл, хүмүүний сүйрэл болоход хүрээд байгаа эх нутгийг минь хамгаалах ажлыг төр засаг минь хараандаа аваач ээ” тэрээр хүссэн юм.
Говьсүмбэр аймгийн иргэн Э.Батцэцэг “Говьсүмбэрийн хамгийн мартагдсан хүмүүс бол малчид болоод байна. Сум орон нутгийн хүмүүс мал тооллого гэж жилдээ нэг ирэхээс биш бусад үед малчдынхаараа шагайдагчгүй. Малчин ардууд сүүлийн үед маш эрчтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон уурхайнуудаас болж усны хомсдолд ороод байгаа бөгөөд мал услах үсгүй байна. Бүр амныхаа усыг манайх гэхэд Чойроос зөөж хэрэглэж байгаа нь эмэгнэлтэй байна. Бид төр засгаас мөнгө төгрөг өгөөч гэж гуйхгүй ээ. Харин биднийг малаа бэлчээх бэлчээртэй, амаа услах худагтай л болгоод өг тэгвэл бид хэнээс ч дутуугүй амьдарч чадна. Чадсаар ч ирсэн” гэв.
Дундговийн иргэн Цэцэгсайхан “Манай аймаг иргэдийнхээ амжиргааг сайжруулах талаар дэмжих биш харин боогдуулах ажлыг ихээр хийж байгаа нь муухай байна. Засгийн газраас иргэдийн амьжиргааг сайжруулах бага дунд үйлдвэрлэлд зориулсан зээлийг олгож байгаа. Тус зээлд хамрагдах өргөдлөө өгсөн иргэдийг элдвээр гоочилсоор байгаад ямарч зээл тусламжинд хамруулахгүй байгаад бид бухимдаж байгаа. Манай аймагт сүүлийн жилүүдэд ямарч бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлт явагдаагүй. Хүмүүс биднийг хөгжил дорой Хөшөө олонтой” хэмээн цоллон шоолж байна. Энэ нутаг орны удирдлагууд маань төсвийн мөнгийг юунд зарцуулж байгааг илчилсэн хэрэг мөнөөсөө мөн” гэсэн юм. Энэ мэтчилэн говийн аймгуудад тулгамдаад байгаа олон асуудал байгааг иргэд хэллээ.
Говийн бүсийн ард түмний их хурилдайг хааж, МАХН-ын ЕНБД Н.Удвал хэлсэн үгэндээ “Юуны өмнө МАХН, МҮАН, БНН-аас хамтран зохион байгуулсан говийн бүсийн их хурилдайд оролцогчдодоо баярлалаа. Говь нутагт минь цөлжилт, усгүйжилт, уул уурхайн буруу хөгжлөөс үүдсэн олон арван асуудал байгааг бид бүхэн өнөөдөр мэдэж авлаа. Энэ бүхнийг шийдэх гарцыг бид хайж олж гаргаж ирээд ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө заавал тусгаж оруулна” гэв.
Б.Чимэг