
Ерөнхий сайд энэ үеэр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн албан хаагчид, ахмад дайчдын нийгэм, эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн идэвх санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн улс орны батлан хамгаалах салбарт бүхий л амьдралаа зориулж, хүнд хэцүү цагийн дайн байлдаан, энхийн бүтээн байгуулалтад манлайлан зүтгэж ирсэн ахмад дайчид болон өнөөгийн офицер, ахлагч нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч байгаагаа хэллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас “40000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж батлан хамгаалах салбарын олон арван албан хаагч энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Үүгээр зогсохгүй “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд 1662 цэргийн албан хаагчийн орон сууц, “Ахлагч” амины орон сууцны хотхоныг хот, хөдөө орон нутагт барих зорилт тавьж, улс орны бусад бүтээн босголтын ажилд барилгын цэргийн ангиуд, батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг оролцуулж эхлээд байгаа тухай Засгийн газрын тэргүүн энэ үеэр дуулгасан нь цэрэг эрсдээ барьсан түүний бэлэг байлаа. Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ