Англид илүүдэл жинтэй цагдаа нарыг торгоно

Их Британийн засгийн газраас тусгай журам гаргаж хууль сахиулагчдын ажлын тогтолцоонд өөрчлөлт оруулжээ. Тусгай журамд дурдсанаар гүйлт, ханаар авирах, хохирогч болсон хүмүүсийг зөөх зэрэг биеийн хүчний бэлтгэлтэй холбоотой сорилуудыг хэв журам сахиулагчдаас удаа дараа авч, тэнцээгүй цагдаагийн албан хаагчийн сарын цалинг бууруулж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Английн цагдаа нарын дунд явуулсан судалгаагаар эрэгтэй цагдаа нарын 52 хувь нь илүүдэл жинтэйгээс 22 хувь нь хэт таргалалттай байдаг байна. Харин эмэгтэй цагдаа нарын хувьд байдал харьцангуй хэвийн бөгөөд судалгаанд хамрагдсан тэдний 32 хувь нь илүүдэл жинтэй байсан байна. Судлаачдын хэлж буйгаар таргалалт ихтэй цагдаа нар гэмт хэрэгтнийг барих, аюултай ажиллагааг зогсоож чадахгүй хэмээн үзэж байна. Харин Англи ба Уэльсийн цагдаагийн холбооны тэргүүн Пол Маккивер засгийн газрынхаа уг журмыг цагдаагийн албан хаагчдын ашиг сонирхолд халдсан хэрэг болж байна хэмээн шүүмжилжээ. Их Британийн засгийн газар улсын төсвөө танахын тулд зардлаа бууруулах арга хэмжээ авсаар байгаа. Тэд цагдаагийн хэрэгцээнд гаргадаг төсвөө 20 хувиар бууруулахаар ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ юм. Мөн цагдаа нарын биеийн хүчний бэлтгэлээс гадна боловсролыг нь харгалзан үзэж цалинг нь тогтоох гэнэ. Үүнээс үүдэн цагдаагийн үндсэн цалин 3000 орчим ам.доллар байдгийг 2500 болгож бууруулахаар зорьж байна.