Түвдийн лам нарт тэтгэвэр олгож эхэлжээ

Яг нэг жилийн өмнөөс Түвдийн өөртөө засах оронд лам хувраг, хандмаа нар өөрсдийгөө зулын гол болгож эхэлсэн. Энэ нь Түвдийн талаар явуулж буй Хятадын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэж, тусгаар тогтнолоо тогтоохоор амь насаа золиослож байгаатай холбоотой юм. Саяхнаас Хятадын засгийн газар Түвдийн асуудлыг анхааралдаа авч, өндөр настан лам нарт тэтгэвэр олгож эхэлжээ. Урьд нь лам нар зөвхөн сүсэгтэн олны өргөл барьцаар л амьжиргаагаа залгуулдаг байв. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр 60 ба түүнээс дээш насны лам нарт орон нутгийн засаг захиргаанаас 360 юанийн тэтгэвэр олгож эхэлжээ. Хятадын эрх баригчид мөн 60-аас доош насны лам нарт сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд хамрагдахыг санал болгожээ. 15 жил тасралтгүй шимтгэл төлсөн лам 60 нас хүрч сар бүр 130-450 юанийн тэтгэвэр авах боломжтой болж байна.