Өнгөрсөн амралтын өдрөөр УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах байцаагчид албаны шугамаар олж авсан нууц мэдээллийн мөрөөр хэд хэдэн газарт гэнэтийн шалгалт хийжээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах байцаагчид албаны шугамаар олж авсан нууц мэдээллийн мөрөөр хэд хэдэн газарт гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис зарж борлуулсан байж болзошгүй зургаан иргэнийг илрүүлэн саатуулсан байна. Энэ талаар УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дагвасүрэнгээс тодруулахад "Хар тамхины хэрэгт холбогдуулан иргэдийг саатуулсан нь үнэн. Гэвч, хэргийн бодит үнэнийг илрүүлэхэд саад болох учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Он гарсаар манай улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн 192-196 дахь зүйл ангид заасан буюу Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг ес бүртгэгджээ. Эдгээр хэрэгт 29 хүнийг холбогдуулан, яллагдагчаар татан шалгаж байна. Тухайлбал, "Дижитал" хамтлагийн ахлагч Баабар буюу Ш.Батбаяр, "Айс топ" хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаатар нар энэ төрлийн хэрэгт нэр холбогдсон. Баабар прокурорын зөвшөөрлөөр батлан даалтад гарсан бол Коби ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдсон хэвээр байгаа аж.
Б.Чимэг