Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэд өөрсдөө хагас коксон нүүрс болон шахмал түлшийг (шуудай шуудайгаар нь, жишээ нь 7 шуудай нүүрсний 3 нь шуудай нь хагас кокс байдаг ч юм уу) хольж аваад туршиж үзэх боломжтой. Есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд "Hotula" апплекэйшнийг туршилтын хэрэглээнд оруулж байгаа. Энэ хугацаанд иргэддээ танилцуулж, иргэдээс ирсэн санал шүүмжийг шингээж 12 дугаар сарын 15-ны өдрөөс шинэчлээд явна. Мөн нүүрс авахдаа ашигладаг Сайн картыг хална. Иргэний үнэмлэхний QR кодыг уншуулаад нүүрсээ авах боломжтой болно.
Энэ жил 306 мянган тонн хагас коксон нүүрсийг хэрэглэж эхэлснээр агаарын бохирдол 45-50 хувь буурна гэсэн судалгаа гарсан байгаа.
Мөн 5000 айлыг газын хэрэглээ рүү шилжүүлнэ. Баянгол болон Чингэлтэй дүүргийн Гандан, телевиз, Баянхошууны айлуудыг газ руу бүрэн шилжүүлнэ. Одоо дулаалгын ажил эхэлчихсэн явж байгаа. Дулаан алдагдлыг бууруулахгүйгээр зардал бууруулах боломжгүй. 22 байршилд газ цэнэглэх цэг байна.
Ирэх жил 50 мянган айлыг газын хэрэглээ рүү шилжүүлнэ. 2027-2028 шилжих өвөл гэхэд 105 мянган айлыг газ руу шилжүүлчихсэн байна. Нийслэлийн зүгээс нүүрсний хэрэглээг бүрэн хална гэсэн амбицтай байгаа. Хагас коксын үйлдвэр байгуулах судалгааг хийж байна. Цахилгаан станцуудыг хагас коксон нүүрсээр хангах зорилгоор үйлдвэр барих юм.
Аюулгүй байдлын тухайд, угаар мэдрэгч ажилласан тохиолдол нэгдсэн систем дээр мэдээлэл ирдэг болно. 5-7 минутын дотор тухайн айлд очиж, угаарталтын шинжилгээ хийнэ. Иргэдээ угаарталтаас хамгаалж чадна гэж нийслэлийн зүгээс үзэж байгаа" гэлээ.