-
2016 оны 8 сарын 05
“Хөргөгчинд байсан пиво авч уулаа” хэмээн нэгнийгээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн ял оноолоо
-
2016 оны 8 сарын 05
Говийн есдүгээр Ноён хутагт Данзанлувсантүдэв өнөөдөр /2016.08.05/ өглөө 10.00 цагт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпил дацанд Оточ Манал бурхныг залж, мандал өргөлөө.
Тэрбээр Говийн тавдугаар Ноён хутагт Данзанравжаагийн ес дэх дүр бөгөөд өнгөрсөн жил улаанбурханы халдварт өвчин гарсантай холбогдуулан өвдөн шаналж буй хүүхдүүдэд зориулан 21 гэлэн ламаар 21 дарь эхийг 21 удаа, Оточ Манал бурханы тарнийг 1000 удаа уншуулсан байна.
-
2016 оны 8 сарын 05
АТГ-ынхан Н.Энхбаярыг албадан саатуулахаар албан өрөөнд нь цоожилжээ. Тодруулбал МАХН-ын төв байранд АТГ-ын 10 гаруй албан хаагч Н.Энхбаярыг албадан саатуулахаар очиж, албан өрөөнд нь цоожлоод байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 05
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хэсэг болох анхан, хоёрдогч шатлалын болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээтэй танилцсан билээ. Энэ үеэр эрүүл мэндийн салбарт агаарын хэмийн зөрүүнээс болж маш их эрсдэл үүсч байгааг олж мэдсэн байна.
АСЕМ-ын уулзалтын үеэр манай улсад буцалтгүй тусламж болоод хөрөнгө оруулалтын чиглэлээр олон санамж бичгүүдэд гарын үсэг зурагдсан. Үүний нэг болох БНХАУ-ын Засгийн газраас манай улсад буцалтгүй тусламжын хөрөнгө оруулалт оруулахаар болсон нь эрүүл мэндийн салбарт хүртэж эхэллээ. Ийнхүү өнөөдөр БНХАУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгогдож буй 60 ширхэг Айркондишныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хүлээлгэн өглөө.
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн эхний хэсэг болох нийт 73 сая 800 мянган төгрөгийн өртөг бүхий 60 ширхэг айркондешнийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн сайдад шилжүүлэн өгснөөр 30 эмнэлгийн байгууллагуудад очихоор болов.
Энэхүү айркондишныг эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасаг, лабораториуд болон температур шаардсан тоног төхөөрөмжтэй өрөөнүүдэд байршуулахаар болж эмнэлгүүдэд хуваарилан өглөө.
-
2016 оны 8 сарын 05
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хоёр настай хүү халуун цайнд түлэгдэж Гэмтлийн эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн боловч өчигдөр нас баржээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
-
2016 оны 8 сарын 05
БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот руу явж байсан зорчигч тээврийн автобус өнгөрсөн шөнө шатсан байна.
-
2016 оны 8 сарын 05
Гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй ”Оюутан цэрэг хөтөлбөр”-т хамрагдах оюутан цэргүүд энэ сарын 18-нд тангарагаа өргөнө.
-
2016 оны 8 сарын 05
Их хотын залуус аа та бүхэн энэ зуны хамгийн том задгай партиндаа явахад бэлдэж байна уу? Та бүхний хүсэн хүлээсэн ”SUNRISE FESTIVAL” болоход ердөө ганцхан хоног үлджээ.
Өнөөдөр SPECIAL TAX-ны хямдралтай үнээр борлуулах хамгийн сүүлчийн өдөр бөгөөд Prolive Entertainment-н салбарууд, мөн www.ticket.mn, 1900 1800 төлбөртэй хүргэлт шөнө 23:30 гэхэд зогсох юм байна шүү.
”Sunrise Festival”-н Special таксны зарагдсан тоогоор Монголын Үндэсний олон нийтийн телевизээр явуулж буй ”Сэтгэлийн Үндэс” цэцэрлэг барих төсөлд тоосго бэлэглэх юм. Ингээд зуны хамгийн саак партиндаа оролцож мөн сайн үйлсэд нэгдэх боломжийг бүү алдаарай залуус аа.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99707387 дугаарын утаснаас аваарай.
-
2016 оны 8 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/595 дугаар захирамжаар Москва хотын Засгийн газрын зөвлөх институт, Москва хотын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг Улаанбаатар хотыг бүтээн байгуулж, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ”Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг”-ээр” шагналаа. Тэрээр хотуудын найрамдалт харилцааг хөгжүүлж бэхжүүлэх, Улаанбаатар хотын төлөвлөлт, ногоон байгулуамжийг сайжруулах чиглэлээр олон ажлууддыг санаачлан хэрэгжүүлж ирсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 05
Дэлхийн 17 хотод гарч, 3 олон улсын кино наадмын шагнал хүртсэн, АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “LIVE from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь 8-р сарын 6-ны өдөр Тэнгис кино театрт 18.00 цагт Монгол дахь нээлтээ хийнэ. Энэхүү киноны нээлт нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлж байгаа ба суудлын тоо хязгаартай, түрүүлж ирсэн дарааллаар оролцоно. Тэнгис кино театрт нэг өдөр гарах боловч, үүний дараагаар СУИС, Хөгжим бүжгийн коллеж зэрэг газруудын фондод бэлэглэж, цаашид энэ киног үзэх боломжтой болгох юм.
Киноны нээлтийн дараа долоо хоногт “Монгол рок н ролл” нэртэй хэлэлцүүлэг 8-р сарын 12-ны 19.00 цагаас Гэгээнтэн Энтертайнмент төвийн CUE+ кафед болно. Хэлэлцүүлэгт Моханик хамтлаг, HiFi Records, Нисванис, The Colors хамтлагийн уран бүтээлч, продюсерүүд энэхүү кинонд оролцсон тухайгаа, Монголын рок-н-ролл хөгжмийн урсгал дэлхийд цаашаа хэрхэн хөгжих боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн хөгжмийн салбарын нөлөө бүхий уран бүтээлч, продюсерууд оролцох ба Моханик хамтлаг концерт тоглох юм байна.
-
2016 оны 8 сарын 05
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ.
-
2016 оны 8 сарын 05
Тарваган тахлын голомттой газраас таргава агнаж махаар нь боодог хийж идээд тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
-
2016 оны 8 сарын 05
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 238 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 169 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 8 сарын 05
”Рио-2016” олимпийн наадам өнөөдөр эхэлж байгаа билээ. Тэгвэл жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан 06-нд эхэлнэ. 60 кг-ын жинд манай улсын тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалагийн бөх Рамос Жосетэй учираа таарчээ.
Харин Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогт БНСУ-ын тамирчин Jeong Bokyeong-той хүч үзэхээр боллоо.
-
2016 оны 8 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгүен Твин болон Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн хотуудын хөтөлбөрийг хариуцсан ахлах Жессэ Анг нарыг хүлээн авч уулзлаа.
Уузалтаар талууд хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж, ногоон технологийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.
Олон Улсын санхүүгийн байгууллага нь Дэлхийн банкны гишүүн байгууллага бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэсэн үйл ажиллагааг голчлон явуулдаг юм байна. Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Нгүен Твин хэлэхдээ “Хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох зэрэгт техник туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх боломжтой” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хот ногоон хот болих зорилт тавин ажиллаж байна. Тиймээс дэд бүтэц, ус, цахилгаан, дулааны хэмнэлттэй ногоон технологи ашиглах, эрчим хүч хэмнэх зэрэг төслүүд дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаад таатай байна. Монгол улсын санхүү эдийн засгийн байдал хүнд байгаа учраас нөөц бололцоогоо зөв ашиглах, төсвийн зардлыг, бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэсэн төсөл хөтөлбөрт илүү төвлөрөн ажиллаж хэрэгтэй. Энэ чиг үүргийг хариуцдаг Улаанбаатар хотын Хөгжлийн корпорацитай хамтран ажиллах боломжтой” гэв. Мөн гэр хорооллын иргэдийг өртөг багатай орон сууцаар хангах, утаа, хүлэмжийн хийг бууруулах технолгийн шийдлийг нэвтрүүлэх, аж үйлдвэрийн парк, логистикийн нэгдсэн төв байгуулах зэрэг төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 05
Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг туршилтаар тээвэрлэж эхлэх гэж байна.
Энэхүү тээвэрлэлт нь хамгийн наад зах нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй үүнийгээ дагаад эдийн засгийн эргэлт сайжирч, үйлдвэрлэл хөгжиж, ард иргэд ажлын байраар хангагдах нөхцөл ч бүрдэнэ гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.
Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Гурван улсын хоорондын хэлэлцээрээр олон улсын тээвэрлэлт хийх туршилтын ажил удахгүй болно. Үүнийг сонирхож буй хүмүүс их бий ч төдийлөн мэдээлэл дутмаг байна. Ер нь энэхүү хэлэлцээр хэзэнээс яригдаж эхэлсэн хийгээд манай улсад ямар ашиг тустай талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?
-Ази, Европыг холбосон ачаа тээвэрлэлтийг хамгийн түргэн хугацаанд, аюулгүй, стандартын шаардлагын дагуу зөөвөрлөх боломжтой болох юм.
Эл хэлэлцээр арав гаруй жилийн түүхтэй. Хоёр улсын зүгээс Монгол улсаар дамжиж өнгөрч байхаар хийе гэдэг байсан. Харин бид дамжиж өнгөрөхөөс гадна Манай улсаас тээвэрлэлтээ давхар хийдэг байхаар ярьж ирсэн. Мэдээж Хятад, ОХУ-ын тээврийн хэрэгсэл манай нутгаар дамжин өнгөрнө. Харин манай тээврийн хэрэгсэл Олон Улсад зорчих боломжтой болж байгаа юм.
Түүхэндээ Тяньжин боомт хүртэл гадны ямар ч тээврийн хэрэгсэл явж байгаагүй. Тэгэхээр бидний энэ удаад хийх туршилтын тээвэрлэлт анх удаагийнх.
-Яг ямар чиглэлээр явах гэдэг дээрээ тогтож чадсан уу?
-Ази, Европыг холбосон хоёр гарцыг Монголд өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, H3 буюу Сүхбаатар аймгийн Алтанбулагаас, Замын-Үүдийн боомтоор Хятадруу гарах маршрут, H4 буюу Баян-Өлгий аймгийн Улаанбайшинтын заставаас /Цагаан нуурын боомт/ Ховдын Булган /Ярантын боомт/-аар гарах талаар яригдаж байгаа.
Гэхдээ бидний ОХУ, БНХАУ-ын хоёр талтай хийсэн хэлэлцээрээр бол Ново-Сибирскээс Улаанбайшинтаар дамжаад Ярантаар гараад, Өрөмчөөр дайраад, цаашаа Пакистаны хил хүрэх чиглэл. Нөгөө нь Улаан-Үдээс Тяньжин боомт хүртэл явах чиглэл яригдаж байгаа. Энэхүү туршилтын тээврийг хийчихээд бид хэлэлцээрээ үргэлжлүүлнэ.
-Туршилтын тээврээс их зүйл шалтгаалж, үүний дараа тодорхой хийгдэх ажлууд ч гарч ирэх нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл, бүх тооцоолол явагдах байх?
-Хэлэлцээр хийж байх хугацаанд хоёр талд учрах хүндрэл бэрхшээлийг судална. Тухайлбал, Хятадын нутаг дэвсгэр дээгүүр явж байхад ямар төлбөр хураамж авах юм, цаашлаад Монголын нутаг дэвсгэр дээр явж байхад төлбөр тооцооны хувьд хэр байх гээд бүх зүйлд тооцоо гаргана. Энэ нь цаашдаа үнэ ханш тогтооход ч хэрэг болох юм.
Замын хураамж, замын урт, хаана хоноглож болох боломжтой гээд бүх зүйлийг бид бодит байдал дээр нь очиж судална.
Цаашдаа замын дагуулах байгууламжуудыг гаргах ёстой. Төлөвлөгөө, зураг төсөл ч хийгдсэн байгаа. Тэнд жолооч амарч, масл, тосоо сольж, бүртгүүлж, машиндаа шаардлагатай засвар үйлчилгээг авах боломж бүрдэх ёстой. Асар их эдийн засгийн тооцоо байх хэрэгтэй.
-
2016 оны 8 сарын 05
Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 8 дугаар сарын 2-ний өдөр Нийслэлийн 2015-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай А/599 дүгээр захирамж гаргалаа. Захирамжид инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгасан байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын жагсаалтыг баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН
ХОЛБОГДОХ ГАЗРУУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ
АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
АЖЛЫН ЖАГСААЛТ
Нэг. “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Цахилгаан
дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
2. 2016 оны их болон урсгал засварыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэн тухай бүр нь туршилт тохируулгыг хийсэн байх.
3. Гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил болон гэр хороолол дундах фидерийн ачаалал хөнгөлөх ажлуудыг чанарын өндөр түвшинд хүлээн авч фаз тэгшитгэх ажлыг дуусган хүчдэлийн хязгаарлалттай бүсүүдийг хэвийн болгох ажлыг бүрэн дуусгах.
4. Их тойруу төслийн хүрээнд хийгдэж буй 110кВ-н Цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудын ажлыг гэрээт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
Хоёр. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
2. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
3. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
5.Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран орон сууцны барилгын халаалтын дотор системийн угаалга цэвэрлэгээг хийлгэх ажлыг зохион байгуулах.
6. Дулааны төв шугамын гидравлик горимын тооцоог хийж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулж мөрдөж ажиллах.
7.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
Гурав. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь уялдуулан хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах.
2. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
3. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
4. Харьяа байгууллагуудын Ус дулаан дамжуулах төвүүдэд нөөц насос, автомат удирдлагын самбар болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нөөцөд бэлтгэх.
5. Олон жилийн параметрийн ажиглалтад үндэслэн дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэлтэй байршлуудад анхаарч ажиллах.
6. Халаалтын цогц төхөөрөмжийн хоёрдугаар хэлхээний гидравлик горимын тооцоог хийж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулж мөрдүүлэн ажиллах.
7. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
8. Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай бусад нийтийн аж ахуйн хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь байнгын хяналт тавин ажиллах.
Дөрөв. Ус сувгийн удирдах газарт
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
2. Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл арга хэмжээний ажлуудыг хугацаанд нь дуусгах.
3. Ус түгээх байрны хэвийн найдвартай ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллах.
4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
5. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
Тав. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт
1. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
2. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
3. Гэр хороололд шинээр ашиглалтад орох орон сууцны барилгуудын инженерийн хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулах арга хэмжээ авах.
4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
5. Харьяа зуухнуудын нүүрсний нөөцийг халаалтын улирлаас өмнө татах ажлыг зохион байгуулах.
6. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
7. Байгаль орчны эрүүл аюулгүй байдлыг хангуулж, нүүрсний нөөц, үнслэгийг заагдсан стандартын нөхцөлд хадгалах ажлыг зохион байгуулах.
Зургаа. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
2. Авто замыг халтиргаа гулгаанаас сэргийлж, шаардагдах элс давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай нөөцлөх арга хэмжээ авах.
3. Гол болон туслах гудамж, замуудын эвдрэл гэмтлийг засварлаж дуусгах.
4. Үерийн далан суваг, ус зайлуулах далд сувгийн цэвэрлэгээний ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгах.
5. Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, урсгал засварын ажлыг графикт хугацаанд нь дуусгах.
6. Машин механизмын бэлэн байдлыг хангах, ажилчдыг өвлийн хувцас болон багаж тоног төхөөрөмжөөр хангах.
Долоо. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-д
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
2. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
Найм. Дүүргүүдийн Засаг дарга нарт
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
2. Авто замын халтиргаа гулгаанаас сэргийлж, шаардагдах элс давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай нөөцлөх арга хэмжээ авах.
3. Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь байнгын хяналт тавих.
4. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө бүрэн дуусган улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах арга хэмжээг зохион байгуулах.
5. Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, урсгал засварын ажлыг графикт хугацаанд нь дуусгах ажилд хяналт тавих.
6. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн өмчийн болон иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
7. Аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын явган зам, шатан дээр халтиргаанаас хамгаалсан шалавч наалгах арга хэмжээ авах.
8. Хариуцсан авто замуудад халтиргаа үүсгэхгүй байх арга хэмжээ авч, цас орсон үед нягтрахаас өмнө цэвэрлэх, мөстөлт үүсгэхээс сэргийлэх, цэвэрлэсний дараа элс давсны холимог, тусгай зориулалтын бодисыг цацаж халтиргаанаас сэргийлсэн арга хэмжээ авах.
9. Дүүргийн харьяалалд байгаа нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудаар тогтмол хийлгэж “Улаанбаатар хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам”-ыг мөрдөж ажиллуулах.
10. Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.
Ес. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч
агентлаг, харьяа байгууллагуудын дарга нарт
1. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний барилга угсралт, тохижилтын ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгүүлж Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулах.
2. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
3. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын их засвар шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэх, байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах.
4. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх.
5. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтад оруулах.
6. Томоохон эмнэлгүүдийн цахилгааны нөөц үүсгүүрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулах.
7. Боловсруулсан түлшний нөөцлөн тараах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж тараалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах.
8. Өвлийн улиралд цас мөсний халтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, сургалт явуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах.
9. Авто зам, явган хүний гарцын гэрэл дохионы найдвартай ажиллагааг хангах, хүйтэн сэрүүний улиралд царцахгүй байхаар телекамер холболтыг шийдвэрлэж ашиглалтын найдвартай ажиллагааг хангах.
10. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, дугуйн хээ, өвлийн дугуйгаар солих стандарт шаардлагыг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээг хийж өвлийн улиралд тээврийн үйлчилгээг тасралтгүй явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах.
11. Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.
12. Нийслэлийн иргэд оршин суугчдын хүнсний хэрэглээний мах, хүнсний ногоо нөөцлөх ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулах
-
2016 оны 8 сарын 05
“Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын их наадмын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа Хүрээ жахар цамын хурал өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд өглөө 9.00 цагаас эхлэн хурж, дотоод цам харайна.
Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлдэгээрээ онцлог юм.
-
2016 оны 8 сарын 05
Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууц болон барилгын материалын үнэ ханшийн бодит мэдээллийг иргэдэд өгөх “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” маргааш эхэлнэ.
Энэ намрын үл хөдлөх хөрөнгийн худалдааны эхлэлийг тавих тус үзэсгэлэн энэ сарын 5-7-ны өдрүүдэд Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид болно.
Үзэсгэлэн худалдаанд орон сууцны 100 гаруй төсөл, барилгын материалын худалдаа явагдах бөгөөд иргэд эндээс онцгой хөнгөлөлт урамшуулалтай, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий орон сууц, барилгын материалын худалдан авалт хийх бүрэн боломжтой.
Төсөл хэрэгжүүлэгч болон борлуулагч компаниудын зүгээс иргэдэд төрөл бүрийн мэдээлэл хүргэж, ипотекийн болон компанийн зээлэнд хамрагдаж байртай болох боломж, хууль эрхзүйн зөвлөгөөг өгөх юм.
Байр худалдан авахаар сонирхож буй иргэд та бүхэн энэхүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, хүссэн бүхий л мэдээллээ авах боломжтой аж.
-
2016 оны 8 сарын 05
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно.