2015 оны 5 сарын 07
Ж.Батзандан санал асуулгын дүнг танилцууллаа
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”, “Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци” ТББ, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ хамтран хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх болох санал өгөх эрхийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 30-наас 5 сарын 03-ны өдрийг хүртэл “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд санал асуулга явуулсан юм. Тэрээр өнөөдөр санал асуулгынхаа дүнг сэтгүүлчдэд танилцуулж, судалгааны материалыг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгт хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15.0 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулж, нийт гаргасан хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол улсын ард иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний ААН-үүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэл хувийг гадаад дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан. Дээрх УИХ-ын тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолд Монгол Улсын иргэн бүрт нэг бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж өгсөн юм.
Гэтэл өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17%-ийг эзэмшээд байгаа Монгол улсын 2.5 сая иргэний 2.5 тэрбум ширхэг, 553 аж ахуйн нэгжийн 8.5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож, Монгол улсын үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.3-р заалт, 16-р зүйлийн 16.3-р заалт, Компанийн тухай хуулийн 34-р зүйлийг ноцтой зөрчиж хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрх, санал өгөх эрхийг хязгаарласан байна.
Иймд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”, “Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци” ТББ, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ хамтран хувьцаа эзэмшигчийн үндсэн эрх болох санал өгөх эрхийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 30-наас 5 сарын 03-ны өдрийг хүртэл “Таван толгойн” хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн хувиар дараах хэдэн асуулгаар санал авлаа.
“Таван толгойн” хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг дэмжиж байна уу?
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг дэмжиж байна уу?
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг дэмжиж байна уу?
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байна уу? зэрэг 4 асуудлаар болон иргэдээс бичгээр санал авсан болно.
Саналын хуудсыг хувьцаат компаний саналын хуудас авдаг нийтлэг шалгуураар боловсруулж иргэдийн овог, нэр, регистрийн дугаар, утас, гарын үсгийг зуруулан авлаа.
Хувьцаа эзэмшиж байгаа иргэдээс нийт 11526 иргэн санал өгсөн байна.
Нэгдүгээр санал, асуулгад 11460 иргэн буюу 99,4 хувь нь дэмжиж, 66 иргэн буюу 0,5 хувь нь дэмжээгүй байна.
Хоёрдугаар саналд асуулгад 11421 иргэн буюу 99,0 хувь нь дэмжиж, 105 иргэн буюу 1,0 хувь нь дэмжээгүй байна.
Гуравдугаар саналд асуулгад 11476 иргэн буюу 99,5 хувь нь дэмжиж, 50 иргэн буюу 0,4 хувь нь дэмжээгүй байна.
Дөрөвдүгээр саналд асуулгад 11485 иргэн буюу 99,6 хувь нь дэмжиж, 41 иргэн буюу 0,4 хувь нь дэмжээгүй байна.
Иргэдийн тусгайлан өгсөн саналуудыг нэгтгэвэл:
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар үнэн зөвөөр иргэдэд үнэн зөв мэдээлэл алга, дандаа буруу ташаа мэдээллийг өгч, ард түмний толгойг угааж байна. Сургалт зохион байгуулахыг иргэд хүсч байна. /Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын 9 дүгээр заалтаар иргэдэд мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах үүргийг БСШУЯ, ТӨХ, Эрдэнэс Таван толгой компаны удирдлагад өгсөн байдаг./
Монгол улс өндөр хөгжсөн улс орнуудаас орчин үеийн хүчин чадал бүхий уул уурхайн техник тоног төхөөрөмжийг авч, өөрсдөө газар нутаг, байгуулын баялгаа ашиглах,
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зэрэгт иргэдийн саналыг авах,
Байгалийн баялгийг эзэмших, ашиглахыг улс төржүүлэхгүй байх,
Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох,
Монгол хүн өргүй болмоор байна, өргүй Монгол болмоор байна.
Монгол улс эдийн засгийн хувьд аль 1 орны хараат болоход ойрхон байна
Олон намуудын оронд сайн төр монголд хэрэгтэй байна, 3 сая иргэдээ сайхан амьдруулах төр хэрэгтэй байна.
Орон нутаг, бүс нутгийн эрх ашиг, эко системийг хамгаалсан тусгай бүлэг оруулах,
Нүүрсийг конверын системээр зөөх /төмөр замаар зөөхийг хориглох/ гэх тусгайлан саналуудыг бичсэн байна.
Иргэдийн тусгайлан өгсөн санал нь энэхүү санал асуулга зохион байгуулагчдын бидний үзэл бодлыг илэрхийлэхгүй болно.
Эцэст нь дүгнэхэд санал асуулгад оролцсон иргэдийн үнэмлэхүй олонх буюу 99.4 хувь нь “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдсэн юм.