2018 оны 1 сарын 17
Данхайсан том төрийн албадууд
Нэгэн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзах гэж хоёр өдөр сахиад барсангүй. Туслах нь бололтой годогносон охин “Дарга ажил ихтэй, хүнтэй уулзах завгүй яваа” гээд халгаадаггүй. Гэтэл тийм их дуусч дундардаггүй ажилтай Төрийн нарийн бичгийн дарга ажил үйлсээрээ цойлж байх учиртайсан. Гэтэл мань эрийн талаар тийм ч гялайж гялтайх юм сонсогдохгүй л байгаа юм. Энүүхнээс олон салаа бодол хөврөн урсаж байна. Эрхэм Төрийн нарийний өрөөний хаалгыг сахин сууж байхад тархи толгойд олон янзын гурвалжин, дөрвөлжин бодол чихэлдэн харваж байгаа юм.
Бодоод байхнээ Монголчууд бид ихээхэн дарамтан доор хүлцэнгүй амьдарч чаддаг, “Илжиг модон хударгандаа дуртай, нохой зодуулсан эзэндээ янаг” гэдэг шиг үг дуугүй чимээгүйхэн дагаж, дарга нарыг царайчлан амьдардаг ертөнцийн сүүлчийн үндэстэн болж байх шиг.
Өөр улс үндэстнүүд татвар өөрчлөх, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх жижигхэн хөдөлгөөнд л дэрхийн босдог. Германы дэлгүүрт гуравхан хоног банан тасрaхад л төрөө хөмрүүлнэ гэх юм билээ. Гэтэл Улаанбаатарчууд хэдхэн хоногийн өмнө болсон бензин шатахууны үнийн өсөлтийг өнөөдөр чимээгүйхэн дагаж, “Хүнсний бараанууд л багахан шиг үнээ нэмээсэй” гэсэншүү юм ярилцаад л сажилцгааж явна.
Гэтэл Улаанбаатарт хамгийн том барилгуудтай, хамгийн олон хүн хүчтэй, төрийн нэрийн өмнөөс цэрэгжсэн формтой, хүмүүстэй дээрэнгүй харьцаж, байгалиас заяасан адгууслаг араншингаараа кайф авч ажилладаг ажил мэргэжил “Борооны дараах мөөг” шиг л толгойгоо өндийлгөж байна.
Тэд бол цагдаа, шүүх, прокурор, хяналт шалгалтын байгууллагууд, татварын газрууд билээ. Төрийн яамд нь бодлого, шийдвэрээрээ өрсөлдөхөөсөө илүүтэй том том барилгаараа өрсөлдөж, тэдгээртээ багтаж ядан язганалдаж байна. Тэд монголын армиас олон дахин том, илүү хүчирхэг, илүү олон хуулиар зэвсэглэжээ.
Тэдгээр хууль хүчний багтаж ядсан олон байгууллагууд нь монголын ард түмнийг харийн дайснаас хамгаалахгүй, дээрэмчин, луйварчин, хулгайч, авилгачдаас авран хамгаалахдаа өөрийн үзэмжээр хандаж, ааш муутай хойд эхийн сэтгэлээр ард түмнээ зэрэг дэвээр дугаарлана. Татварчид асар том хулгайчдаас холуур явж, уул уурхай, алтчин, барилга, шатахууны олигархийн өмнө толгой гудайлган шарвалзана.
Харин тэд жижиг үйлдвэрлэгч, жирийн иргэд, ТҮЦ ажиллуулдаг хүмүүст ёстой л эр бараа үзүүлж, толгойг нь хяргачих шахна.
Муу нэртэй социалист нийгэмд хамгийн том барилгууд сургууль, эмнэлэг байсан бол өнөөгийн монголд цагдаа, шүүх, хяналт татварын газрууд. Мөрдөн байцаах газрууд, АТГ, дүүргүүдийн шүүх, прокурорууд, татварын газрууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, шоронгууд улам л томорч Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нарын байгуулсан Хууль сахиулах Их сургуульд тэр талын ирээдүйн хүчнүүд нь багтаж ядан бужигналдаж байна. Жижиг монголд юу их вэ. Гудамжаар дүүрэн шар эрээн хантаазтай цагдаа нар. Улаанбаатар хотын төсвийг Э.Бат-Үүл нар яаж баян болгосон билээ. Замын цагдаа, машин ачигчдаар л баяжуулсан. Тэдний сайн туршлагыг өнөөдрийн Су.Батболдтон гайгүй сайн үргэлжлүүлж яваа.
Энэ төр засаг хамгийн том дээрмүүд хийх шийдвэр гаргаж байхад монголчууд “Оффшорын мөнгийг оруулаад ирээч” хэмээн хэчнээн гуйгаад ч бүтэхгүй, чадахгүй, нотлохгүй, нотолсон ч нарийн арга, хамгаалалт, мөнгөтэй 20-30 амьтны эсрэг жагсаад жагсаад ямар ч үр дүнгүй.
Догшин Иван хааны үед Оросууд сахал ургуулсны татвар, сахал ургуулаагүйн татвар гэж зэрэг авдаг байсан шиг Улаанбаатарт хурдан явбал торгууль, удаан явбал торгууль, зогсвол торгууль, зогсоол барихад татварын мөнгөнөөс зарцуулаагүй байж машин ачсаны дээрэм, урд өдөр нь шинэ жил тэмдэглэснийг үүрээр ангуучлан үлээлгэдэг шинэ аргачилал, булангийн ард жирийн иргэдийн машиныг отож ангуучлах маневр зэргээс асар их төсөв бүрдүүлдэг шинэ технологи хүчээ авав.
Төр засаг нь татварын нэмэгдлээр хамаг нийтээр нь дээрэмдэж, цалинг нь хугасалж байхад ган ч хийхгүй, мөн ч тэвчээртэй гүргэр ард түмэн бол Монголчууд.
Товчхондоо Монгол монголчуудынх биш ноходын орон болж байна. Толгой дээрээ алуурчин, авилгач, хулгайч, дээрэмчид, хятадын ач, зээ нарыг залаад гудмаар дүүрсэн цагдаа нарт торгуулаа угаадсаа гиншигнэн долоох зодуурын нохой болсон мэт л санагдана.
2018 оны 1 сарын 17
Д.Мөнгөндалай: Аав минь авьяас онгодын ундарга хүн байсан
Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ой өнгөрсөн оны төгсгөлөөр болж эхнэр үр хүүхдүүд нь ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. О.Дашбалбар агсны 60 насны ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг О.Дашбалбар сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан.
Яруу найрагч О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, ”Миний мэдэх Очирбатын Дашбалбар” эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болсон.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүст бэлэг гардуулсан бөгөөд зөвхөн тэр өдөр зохиолчийн шинээр хэвлэгдсэн бүх номыг хямдралтай үнээр борлуулж байсан. Нэрт найрагчийн 60 насны ой хэрхэн болж өнгөрсөн хийгээд удахгүй болох шагналын сан өндөртэй О.Дашбалбар, З.Дорж нарын нэрэмжит яруу найргийн наадмын талаар нэрт найрагчийн том охин “Өдрийн сонин”-ы Улстөр, гадаад мэдээллийн албаны дарга Д.Мөнгөндалайгаас сонирхон ярилцсанаа хүргэж байна.
-Дарьгангын эрхэм хөвүүн нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, цогтой эх оронч Очирбатын Дашбалбар агсны 60 насны ой гурван өдөр үргэлжлээд өндөрлөсөн. Ойн арга хэмжээнүүд сайхан болсон уу?
-Тэгсэн. Аавын минь 60 насны ойн баяр дурсгалтай сайхан болоод өнгөрсөн. Ойн арга хэмжээний хүрээнд таван ном хэвлүүлсэн. Номын нээлт болон аавынхаа зурсан уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийг хийсэн. Маш олон хүн ирсэн сайхан арга хэмжээ болсонд одоо ч сэтгэл өндөр яваа. Мөн эрдэмтэн судлаачид оролцсон эрдэм шинжилгээний хурал болж, зарим хүмүүст шагнал гардуулсан.
-60 насных нь ойн энэ томоохон арга хэмжээг О.Дашбалбар сан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан гэсэн. Аавын тань 60 насны ойн арга хэмжээнд сэтгэлээ гаргаж хичээнгүйлэн оролцсон хувь хүмүүсийн талаар танилцуулна уу?
-Ер нь л олон хүний чин сэтгэл шингэж, тусалж дэмжсэн. Ээж, дүү нар минь ихээхэн ачаалалтай ажиллаж, гол ажлыг нугалсан. Найрагч аавын уран бүтээлийг залуу үеийнхэнд таниулах, сурталчлах зорилгоор“Миний мэдэх О.Дашбалбар” нэртэй эссе бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд болон насанд хүрэгчдийн ангиллаар зарласан. Залуус маш идэвхтэй оролцсоныг тэмдэглэн хэлье . Ялангуяа хөдөө орон нутгаас маш олон эссэ ирсэнд их талархаж байгаа.
-О.Дашбалбар агсан бол нэр яруу найрагч, соён гэгээрүүлэгчээс гадна сонин хэвлэлийн алдартай нийтлэлч байсныг хүмүүс тэр болгон мэддэггүй. Түүний бичсэн “Мөнхий бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас”, “Газрын төлөөх тулалдаан”, “Ардаасаа нуусан ардын эмнэлэг” гээд аргагүй чансаатай, алсыг харсан олон сайхан нийтлэл байдаг. Эдгээрийг нэгтгэн хэвлэж гаргах бодол бий юу?
-Тийм ээ. Аав маань үнэхээр чансаатай, маш сайхан уншууртай олон нийтлэл бичсэн байдаг. Тэдгээрийг нь нэгтгээд нийтлэлийнх нь номыг гаргахаар бэлтгэсэн. Одоо удахгүй хэвлэгдэнэ. Хойшдоо уран бүтээлийг нь өөрийнх нь бэлтгэж үлдээсэн эх хувиар нь хэвлүүлэх ажлыг үргэлжлүүлээд хийгээд явна гэсэн бодолтой байгаа.
-Удахгүй О.Дашбалбар, З.Дорж зэрэг төрийн соёрхолт нэрт яруу найрагчдын нэрэмжит, шагналын сан өндөртэй яруу найргийн тэмцээн болно гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж явсан манай аав болон Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж агсан нарын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмыг энэ жилээс эхлэн зохион байгуулахаар болоод байгаа юм.
Энэхүү наадам нь Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн зүтгэлтэн Очирбатын Дашбалбар нарын нэрэмжит бөгөөд энэ сарын 26-нд болно. Наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг, хоёрдугаар байр таван сая төгрөг, гуравдугаар байранд орсон найрагч ном хэвлүүлэх эрхээр шагнах юм билээ. Зохион байгуулалтын ажилд нь манай дүү Д.Гангабаатар голлон оролцож байгаа. Миний хувьд дүүгээсээ сонсож мэдсэнээ л хэлж байна.
Шагналын сан өндөртэй энэ яруу найргийн наадмын эхний шатанд яруу найрагчид Их дагина Дондогдуламын үйл хэрэг, Их дагина Дондогдуламын эрдэм чадал, Их дагина Дондогдуламын нэрээр нэрлэсэн анагаах увдис нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд “naadam@sodmongolgroup.com и-мэйл” хаягаар энэ сарын 19-ний өдрийн дотор бүтээлээ илгээх ёстой гэсэн.
Нэгдүгээр шатанд ирсэн шүлэг, яруу найргийг мэргэжлийн шүүгчид шүүж шалгарсан бүтээлийн эзэд II, III шатанд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөнө.
Яруу найргийн энэ наадам нь эх оронч сэтгэлгээг алдаршуулах, Монголд оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиолч уран бүтээлчдийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлийг гадаад хэлээр орчуулан Олон улсад гаргах давхар зорилгыг агуулж байгааг хэлэх нь зүйтэй байх.
-Өөрийн тань бага дүү Д.Дэжидмаа Японд ямар чиглэлээр сурч байгаа вэ. Төгсөх болж байгаа юу?
-Дүү минь сэтгэл судлал чиглэлээр суралцаж байгаа. Төгсөх арай л болоогүй.
-Та гурвын ээж Н.Борхүүхэн гуай нэрт найрагчийг 42-хон настай цэл залуухнаараа хорвоогоос буцсаны дараа ”Гадаа гарч эр болж, гэрт орж эм болсоор” та гурвыг хүний зэрэгтэй өсгөсөн. Ээжийнхээ талаар хамгийн түрүүнд юу гэж бодож явдаг вэ?
-Ээж минь үнэхээр гайхалтай эмэгтэй. Аав минь залуугаараа бурхан болж ээж минь биднийг хүний зэрэгтэй явуулах гэж мөн ч их хичээсэн дээ. Одоо бид аавынхаа уран бүтээлийг мөнхжүүлж, олон нийтэд хүргэх, ээжийгээ эрүүл энх, тайван амгалан амьдруулж л ачийг нь хариулна даа. Хүний аав, ээж үр хүүхдээ л сайн сайхан явж байвал сэтгэл амгалан, жаргалтай байдаг шүү дээ.
-О.Дашбалбар агсан амьд сэрүүндээ яруу найргийн хэдэн ном хэвлүүлсэн бол. 60 насных нь ойн үеэр та бүгдийн эмхэлж хэвлүүлсэн таван номтой нийлээд ер нь хэд орчим номтой болж байгаа бол?
-Аав арав орчим ном хэвлүүлсэн байсан. Дүү бид хэд аавынхаа арав гаруй номыг нэмж хэвлүүлсэн. Англи хэлээр ч мөн хэвлүүлж гадны уншигчдад хүртээл болголоо. Цаашид энэ ажил үргэлжлээд явна даа. Аав маань өөрөө нэлээд хэдэн номоо эхийг нь бэлдээд үлдээсэн байсныг нь яг тэр хэвээр нь хэвлүүлсэн. Мөн шүлгийн түүвэр, захидлын номыг нь хэвлүүллээ
-“Дарьгангын яруу гурвал” буюу О.Дашбалбар, Д.Нямсүрэн , Г.Мэнд-Ооёо нараас өнөөдөр ганцхан нь л үлдэж. Дорнын гурван том найрагчийн амьд ахуйдаа үерхэж нөхөрлөж явсан гэгээн дурсамжийг хэрхэн ойлгож, хүндэтгэж явдаг вэ?
-Дарьгангын гурван найрагч бол яалт ч үгүй, нөхөрлөх, холбоотой байх учиртай хүмүүс. Нэг нутаг уснаас гадна авьяас билэгтэй, мөн өөр нарийн юм ч байна. Жишээ нь Г.Мэнд-Ооёо найрагчтай хүж барилдсан ах дүү байсан бол, Д.Нямсүрэн ах аавыг маань дунд сургуульд сурч байхад багш нь байсан гэдэг. Тэр гурав бол яах аргагүй Дорнын тансаг яруу найраг, сэтгэл зүрхний гүн бат холбоотой хүмүүс байсан. Бид одоо аавынхаа шинэ гаргасан номын дээжийг хамгийн түрүүнд Г.Мэнд-Ооёо ахад өргөн барьдаг. Хайрлаж хүндлэхээс аргагүй сайхан нөхөрлөл байж дээ.
-О.Дашбалбар судлал өнөөдөр ямархуу түвшинд яваа бол. Түүний ганцхан ”Залуус дүү нартаа хүргэх шүлэг” гэхэд л маш том амьдралын философи, хүний амьдралын зам мөрийг зурагласан тэр чигээрээ ухаарал шингээсэн мөрүүд байдаг. Ганцхан тэр шүлгийг нь л гэхэд судлаад, шинжлээд барахгүй дээ?
-Яг үнэн. О.Дашбалбар судлалын эхлэл аль хэдийнээ тавигдсан. Аавын маань шавь Х.Сүглэгмаа судалгааны том ном хэвлүүлээд хэдэн жил боллоо. Мөн дүү Д.Гангабаатар маань “Галав эриний зөнч” ном эмхтгэн хэвлүүлсэн. Энэ номд О.Дашбалбар судлаачдын илтгэлүүд багтсан. Аавын 60 насны ойн баярын үеэр болж өнгөрсөн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг ч бид эмхтгэн гаргана.
-О.Дашбалбар агсан нэрт яруу найрагчаас гадна их сайн зураач байсныг олон хүн зургийнх нь үзэсгэлэнг үзээд мэдэрсэн болов уу. Аав тань шүлгээ голдуу хэдэн цагт бичиж, зургаа аль үед нь туурвидаг байсан бол?
-Аав шөнө орой их сууж, бүтээлээ туурвидаг хүн байлаа. Авьяасын ундарга хүн байсан юм шүү дээ. Хөгжим тоглоно, ая зохионо, маш сайхан дуулдаг, мөн зураг зурдаг, хайчилбар хийдэг байсан. Тиймээс ээж, дүү бид хэд зөвлөлдөж 60 насных нь ойгоор уран зургийнх нь үзэсгэлэнг гаргаж олны хүртээл болгоё гэж шийдсэн юм. Үзэсгэлэнг гурав хоног гаргасан. Хүний хөл татрахгүй, маш олон үзэгч ирж үзсэн. Ээж, дүү, бид хэд үзэсгэлэнгээ өөрсдөө танилцуулж, зарим хүний хүссэнээр нь тайлбарлаж өгөөд л байсан. Тийм олон үзэгчид хүрэлцэн ирж аавын минь зургийн үзэсгэлэн, номын баярт оролцсонд үнэхээр их баярлаж, урам зориг сэргэсэн шүү.
-Бас их боломжийн сайхан дуулчихдаг хүн байсансан. Нэг удаа өөрийнх нь шүлгээр ”Чингис хаан” хамтлагийн ахлагч Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайханы зохиосон ”Цамцаа дэрвүүлсэн жаахан хүү би цагаан унагаа хөлөглөн одох юм” дуугаа ихэд уяралтай дуулж байхыг нь дэргэдээс нь харсанаа мартдаггүй?
-Таны хэлснээр “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ах аав хоёр их дотно сайхан нөхөрлөж, олон дууг хамтдаа бүтээсэн уран бүтээлийн хамтрагчид байлаа. 60 насных нь ойн арга хэмжээнд Жагаа ах маань ирж хамтын уран бүтээлээсээ үзэгдэд толилуулсан л даа.
-Өөр тэр хоёрын хамтран зохиосон ямар уран бүтээл байдаг билээ?
-“Гэгээн наранд ойрхон өслөө би” дууг хоёулаа ярилцан аяаа хийж байхад нь би яг хажууд нь сонсоод сууж байлаа. Нэрлээд байвал олон дуу бий. Их сайхан ярилцаж, нэг нэгнийгээ сонсож, хүндэтгэлтэй харьцаж уран бүтээлээ хамтран хийдэг байж билээ.
-О.Дашбалбар агсныг нэг л өдөр цэл залуухнаараа буцаж ирдэггүй аяндаа мордоход ханилсан хань ижил, үр хүүхдээс нь гадна Монголын ард түмэн ихэд эмгэнэн гашуудсан юмдаг. Ер нь аавыгаа ”Монголын улстөрийн бохир заваантай хэрэггүй л хутгалдсан юм” гэж бодогдох үе байдаг уу?
-Тийм ээ, аавд минь монголчууд хайртай байсан, одоо ч түүнийг хүндлэн биширдэг, хайрладаг, зохиол бүтээлийг нь шимтэн уншигчид маш олон байна. Улс төрд орсныг нь би хувьдаа буруутгадаггүй. Аавын минь дуу хоолой хэрэгтэй байсан болоод л тийшээ орсон шүү дээ. Дэлхийн том яруу найрагчид үргэлж том сэтгэдэг, олон талтай, содон сонин өвөрмөц ертөнцүүд байдаг. Тэд бүгд л улс орныхоо төлөө дуу хоолойгоо хүргэж, дайнд явах нь явж, улс төрд орох нь орж л байсан байдаг юм. Зүгээр л цэцэг навч, хайр дурлал бичээд агуу найрагч болохгүй шүү дээ
-Уучлаарай эвгүй ч гэсэн уншигчдын сонирхоод байдаг нэгэн асуултыг тавилгүй горьгүй. Сэтгүүлч Мөнхбаясгалан О.Дашбалбар агсантай амьд сэрүүнд нь багагүй тэрсэлдсэн. Мэргэжил нэгтэйн хувьд, бас эмэгтэй хүнийхээ хувьд Мөнхбаясгалангийн тэрхүү үйлдийг юу гэж бодож явдаг вэ. Ер нь учир зүйгээ ололцсон уу?
-Аавынхаа 60 насны ойн тухай энэ сайхан ярилцлага дундуур тиймэрхүү асуудлыг яримааргүй байна. Та ойлгоорой.
-Аавын тань 60 насны ойн арга хэмжээг дэмжин тусалж, хамтран зохион байгуулалцсан ямар газрууд байгаа бол. Заримыг нь дурдахгүй юу?
-Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Улаанбаатар их сургууль болон тусалж дэмжсэн найз нөхөд, шавь нар, дэмжигч уншигчид, Дэлхийн яруу найргийн академи, Сити дээд сургууль, Шинэ ази групп, “Өдрийн сонин”-ы хамт олонд талархлаа илэрхийлж маш их баярлаж байгаагаа танай сайтаар дамжуулан илэрхийлж байна, баярлалаа.
-За та бүхний хойшдын ажилд их амжилт хүсч, Дорнын их яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны уран бүтээлүүд үргэлжлэн уншигчдын сонорыг мялаасаар байх болтугай гэсэн ерөөлийн үгээр ярилцлагаа өндөрлөе?
-Аавын минь 60 насны ойн тухай хэрэг болгон уншигчидтайгаа уулзуулж байгаа танд гэр бүлийнхнийхээ өмнөөс талархал дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт хүсэхийн ялдамд танай сайтын уншигчдад сайн сайхныг хүсч байна, баярлалаа.