-
2018 оны 1 сарын 13
Виски, ром, брэнди, архи...
Өндөр хатуулагтай согтууруулах ундаануудын ялгааг тайлбарласан мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.
Виски (Whiskey)
Виски бол үндсэндээ зөрөг цэцгийн найрлагагүй шар айргийг нэрж гаргасан ундаа. Орц нь арвай, улаан буудай, хөх тариа, эрдэнэ шиш, шар будаа, овъёос гээд аль нь ч байж болно. Шар айрганд эдгээрээс хийгээд нэрж гаргасан ундаа гэж ойлгож болох юм.
Single malt whiskey (шотландууд “e”-гүйгээр whisky гэдэг) бол цэвэр арвайнаас нэг удаагийн нэрэлтээр гаргасан виски юм.
Bourbon бол Америк виски. Найрлагын 51 хувиас дээшд нь эрдэнэшиш орсон байх дүрэмтэй. Ихэнх нь Кентаккид үйлдвэрлэгддэг учраас хүмүүс зөвхөн Кентаккынх гэж ойлгодог. Өөр хувилбарууд бас бий. Хувилбаруудын ялгаа нь торхонд дарах хугацаанаасаа ихэвчлэн хамаарна.
Scotch Whisky (шотландууд “e”-гүй бичих дуртай) бол зөвхөн Шотландад хийгдсэн виски. Дүрмээрээ гурваас дээш жил модон торхонд дарсан байх ёстой.
Брэнди (brandy)
Брэнди бол ердөө нэрсэн дарс (wine). Дотроо Cognac, Armagnac зэргээр нэрлэдэг нь Францын аль бүс нутгаас гаралтайг нь харуулна. Шампань дарсыг Champagne мужаас гаралтай учир ингэж онцгойлж нэрлээд бусдыг нь оргилуун дарс “sparkling wine” гэж ерөнхийд нь нэрлэдэгтэй ижил.
Ром (Rum)
Rum-ыг чихрийн нишингэ болон түүний дайвар бүтээгдэхүүнээр хийдэг. Нишингийн эсвэл дайвар бүтээгдэхүүнийх нь шүүсийг исгээд дараа нь нэрнэ. Заримдаа хэд дахин нэрж гаргадаг. Цайвар ромыг удаан дардаггүй эсвэл маш богино хугацаанд дардаг. Амт үнэр багатай тул өөр зүйлүүдтэй хольж уухад тохиромжтой. Бараан ром нь удаан дарсан байдаг тул брэнди, вискитэй төстэй байдаг.
Архи (Vodka)
Архи бол зөвхөн төмснөөс гаргадаг ундаа биш. Сүүлийн үед өртөг өндөртэйгээс нь болоод төмс хэрэглэх нь ховордож байгаа. Ихэнх нь амуу тарианаас нэрж гаргаж байгаа. Вискитэй ижил боловч нэрж дуустал нь өнгө, үнэр, амт оруулагч нэмдэггүй, бас дардаггүй тул тунгалаг, өнгөгүй болдог байна.
Үнэндээ бүх бараан өнгөтэй ундаанууд виски, брэнди, ром нь нэрсний дараа тунгалаг байдаг ч модон торхонд удаан дарсны дараа өнгө, үнэр ордог.
Текила (Tequila)
Текила нь зуун настын шүүсийг исгээд дараа нь нэрж гаргасан ундаа. Өнгө, хатуулгийн ялгаа нь хэр удаан дарснаас хамаарна. “Текила” нэр нь Мексикийн зөвхөн нэг нутгаас гаралтайн баталгаа. Бусдыг нь “Mezcal” гэдэг.
Жин (Gin)
Жин бол архитай ерөнхийдөө адил боловч янз бүрийн ургамлаар амт оруулсан байдаг.
“Pastis” төрлийн ундаа
Энэ төрөлд Ouzo, Pernod, Absinthe зэрэг согтууруулах ундаанууд орно. Эдгээр нь ерөнхийдөө улаан гоньд (anise), чихэр өвс (liquorice) зэрэг ургамлаар амт оруулсан байдаг ба ус нэмэхэд хандлагдаж цайвар өнгөтэй болдог байна. Харин Absinthe нь онцгой төрлийн агь өвс (wormwood) хэрэглэдэг. Агь өвсөнд “thujone” гэдэг бодис байдаг тул зарим улсад тариалахыг хориглодог байна. Үүнийг уусан хүнд хий юм харагддаг гэсэн яриа бий. Absinthe нь хэт өндөр хатуулагтайд тооцогддог буюу 65 хувиас дээш агууламжтай байдаг. Уухдаа ус болон ёотонтой (заримдаа ёотонг гал дээр хайлуулна) хольж хүчийг нь бууруулж уудаг уламжлалтай.
-
2018 оны 1 сарын 13
Таалагддаг бүсгүйгээ өөрийн болгох эр хүний 18 мэх
Нэг: Та эхлээд орон гэрээ сайхан цэвэрлэ : Таны урьсан бvсгvй чинь хэдхэн минутын дараа ирэх гэж байгаа. Юуны тvрvvнд бvх өрөөндөө орж шалга. Гал зуухандаа угаагаагvй таваг, угаалгын өрөөндөө хиртэй бохир хувцас, мөн хуучин амраг бvсгvйчvvдийнхээ зураг байдаг бол цааш нь далдхий.
Хоёр. Цоглог орчин бий болгоорой : Ингэхийн тулд хөгжмөө асаа. Эхлээд хөгжилтэй, цоглог хэмнэлттэй ая тавьсан нь дээр.
Гурав. Угтах ажиллагаа : Найз бvсгvйгээ орж ирмэгц мэндэлж, гадуур хувцсаа тайлахад нь тусал. Энэ vед хацар дээр нь vнс. Илvv зоримог vйлдэл бvv хий. Та тvvнийг айлгаж, эвгvй , сэтгэгдэл төрvvлж магадгvй.
Дөрөв. Магтаалын vгийг хайр найргvй урсга : Тун эелдэг аашлаарай. Коридорт байхдаа л магтаалын vг урсгаж гарах нь зvйтэй. Жишээ нь, “Чи өнөөдөр маш сайхан харагдаж байна шvv” гэх мэт.
Тав. Орчинтой нь танилцуулахдаа : Хундаганд дарс дvvргэж, гарт нь бариул. Ингээд хундагаа барьсан чигээрээ тvvнийг дагуулан явж байраа vзvvл. Угаалгын өрөөгөө vзvvлэхдээ тvvнд “Энэ бол миний унтлагын өрөө” гэж зориуд хэлж анхаарлыг нь татаарай. Цаадахад чинь энд юу яах гэж байгааг нь урьдчилан сануулж дохио өгч байгаа хэрэг.
Зургаа. Анхаарлыг нь татах бусад ажиллагаа : Тvvнээс өдөр яаж өнгөрснийг асуу. Энэ vед зочны өрөөндөөхундагуудаа барьсаар буцаж ирнэ. Тvvнд дуртай дискээ тавь гэж хэл, тэгэхээр цаадах чинь таны цуглуулгатай танилцана.
Долоо. Өөрийнхөө талаар мэдээлэл өг : Оройн зоогоо бэлдэхээр галын өрөө рvvгээ орохдоо бvсгvйдээ гэрэл зургийн цомгоо гаргаж өг. Таны гэрэл зургийн цомог номын санг vзэж танилцаг. Vvний vр дvнд цаадах чинь таны тухай арай өргөн мэдлэгтэй болно.
Найм. Дайллагын эхний vе шат : Зуушаа ширээн дээрээ тавь. Эхлээд хөнгөн чанарын хоол зохимжтой шvv. Хvнд хоол, сонгино, сармис тvvхий загас зэргийг өгөх хэрэггvй.
Ес. Хөнгөхөн шvргэх маягаар өдөж эхэл. Бvсгvйг галын өрөөндөө урь. Өөрийгөө хэрхэн оройн хоол хэрхэн бэлдэж байгаагаа харуул. өөрийг чинь олон талын чадвартайг нvдээр харж vнэмшиг. Тvvнд хоолноосоо бас амсуулаарай. Гэхдээ өөрийнхөө амссан халбагаар шvv. Ингэснээр та хоёрт улам дотносох боломж гарна. Хэрэв бvсгvй танд туслахыг хvсвэл шуудхан л зөвшөөр. Энэ vед тvvний биеийг хааяа хөнгөхөн шvргэж өдөх нь зvйтэй. Хөнгөн шvргэлт зэрэг нь сэрэл ам архан хөдөлгөдөг.
Арав. Дайллагаа эхэл: Ширээний ард урьж хамтдаа сууцгаа. Энэ vед чийдэнгээ унтрааж лаа асаавал зохино. Хэдийгээр энгийн зvйл мэт боловч маш vр дvнтэй арга шvv.
Арван нэг. Оройн зоогний дараа : Оройн зоогоо барьж дуусаад аяга тавгаа зvгээр л хажуу тийш тавиад орхиорой. Хэрэв тэр дороо угааж эхэлвэл саяхан vvссэн дотно байдал арилчихна шvv. Тэр тусмаа бvсгvйгээрээ аягаа угаалгаж огт болохгvй. Орхи цаашаа өглөө л болно биз.
Арван хоёр. Ойртох алхмаа хий : Ингэхийн тулд сандлаа тvvний ширээнд дөхvvлж тавиарай. Гэхдээ яарах хэрэггvй. Тvvнд дахин нэг дарс хундагалж өг. Тэгээд аажмаар диван руу шилжин сууцгаа. Эхлээд хоёулаа жаахан ярьж суу. Уянгалаг хөгжим тавь, хайр дурлалын тухай яриа өрнvvл.
Арван гурав. Бvжгэнд урь : Одоо шууд дараагийн алхамдаа орох нь зvйтэй. Хөгжмийн аянд тvvнийг урьж бvжиглэ. Бvжиглэж байхдаа тvvний хvзvvг зөөлөн vнсээрэй.
Арван дөрөв. Одоо бие арчил : Тvvнээс уучлал гуйн өрөөнөөс гар. Гэхдээ хvvхдийнхээ өрөөнд ороод ирье, эсвэл морь харъя энэ тэр гэж бvv хэлээрэй. Цаад бvсгvй чинь аяндаа ойлгоно. Энэ vед та нvvрээ угааж, амаа усаар зайл. Vнэртэй ус хэтрvvлж хэрэглэж болохгvй. Гутал оймсоо тайлж болно.
Арван тав. Одоо хувцсаа тайлж эхэл. Бvсгvйд дөхөж очоод зөөлхөн vнс. Дараа нь аажуухан тэврээд цамцыг нь тайл. Тvvнийг энхрийлж таалахаа тасалдуулж огт болохгvй. Хөхний даруулгыг нь тайлж, хөх цээжийг нь vнсэхээ мартав.
Арван зургаа. Санаачлагыг гартаа ав : Бvсгvйн биеийн бусад хэсгvvдийг илж таал. Өөрөө идэвхитэй санаачлагатай бай. Дотуур хувцсаа тайлахын өмнө тvvнд ч бас хэлээрэй. Цаадах чинь мөн адил дуурайх байх. Ингээд хvссэнээ гvйцээ, гэхдээ бvv яар. Ийм тийм байрлал гэж бvv тулга. Өөрөө ихэд тачаангуй бай.
Арван долоо. Төгсгөлийн шат : Би чамд хайртай гэж тангараглах хэрэггvй. Зvгээр л тvvнийг чанга тэвэр “Чи ямар тачаангуй юм бэ?” гэж чихэнд нь шивнээрэй. Дууссаныхаа дараа оройтчихов уу энэ тэр гэж тvvнийг яаруулах хэрэггvй.
Арван найм. Тvvнийг явсны дараа: Нэгэнт бvх юм амжилттай болж өнгөрсөн тул одоо өөрийгөө маггах хэрэгтэй. Тэгээд тайван унт даа.
Залуус минь таалагддаг бүсгүйгээ өөрийн болгоход тус нэмэр болох эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээд үзэхийг зөвлөж байна. Амжилт хүсье.
-
2018 оны 1 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгч асан нар аа гэж...
Монгол Улс тайван замаар нийгмийн байгууламжаа сольж, зах зээлийн системд шилжсэнээс хойш хугацааны зургаа дахь, биеэр эдэлсэн тав дахь Ерөнхийлөгчийнхөө тушаал, шийдвэрийг дагаж буй.
Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны есдүгээр сарын 03-нд тангараг өргөж, үндэсний сэргэн мандалтын бэлгэ тэмдэг боллоо хэмээн гадаад, дотоодгүй шуугиснаас хойш 28 дахь онтойгоо золгов.
Дорнодын талаас ундарсан нефтиэр ганган цагаан дээлээ халтартуулан будаж зогссон П.Очирбат Ерөнхийлөгчийн энэ “заваан” үйлдэл нь өөрийнх нь ч тооцоолоогүй тун давгүй сурталчилгаа болж, олон түмнээс “хээгүй” хэмээх хөөрхөн алдар салгасан түүхтэй.
Дээлээ завааруулж зогссон Ерөнхийлөгчийн “хээгүй” дүр төрхийн цаанаас тун ч удалгүй “хиртэй” сэтгэл цухалзах болж, Монголд шинээр төрөн гарсан олигархиудын “загалмайлсан өвөө” гэгдэх болтлоо хөрөнгөжиж амжсан.
Мань “хээгүй” эр 1997 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Н.Багабандид тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр зам нь шулуудаж, уул уурхайн инженер мэргэжлийнхээ хэргийг ёстой л нэг гаргах шиг болсон билээ.
Уул уурхайн инженер мэргэжлээр хойно сурсны хэрэг юу билээ Монгол орны дөрвөн зүг, найман зовхист уурхай баялгийг ёстой л нэг сэндийлж өгсөн. Асар их мэдээлэл, танил талын “аалзны тор” шиг холбоо, сүлжээгээ гаргуун сайн ашигласны хүчинд монголын хамгийн их нөөцтэй орд газруудыг ойр дотны хүмүүсдээ найр тавин олгож, өөрөө ч түүнээс чамгүй хувь хүртсээр өнөөдрийг хүрсэн.
Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг шандын ус ширгэн хатаж, ойн баялагийн гуравны нэг нь устаж алга болоход гамшигтай үр нөлөө үзүүлсэн “Алт” хөтөлбөрийг чухамдаа “хээгүй” нь дэндсэн П.Очирбат санаачлан хэрэгжүүлсэн бэлээхэн түүх байж л байна.
“Алт” хөтөлбөрийн хамгийн анхны лицензийг өөрөө авч социализмын үед хайгуул хийж нөөц нь тогтоогдсон Хэнтий аймгийн Батширээт сумын алтны ордыг сорчлон олборлоод нөхөн сэргээлт хийлгүй Хятадын нэгэн компанид 800.000 ам. доллараар зарчихаад сурсан зангаараа чимээгүйхэн зайлж одсон байдаг.
Анхны Ерөнхийлөгч хэмээн хийрхэж, ард олон нь хоосон хонон байж, төсвөөсөө хянаж, тасдсаар 160 сая төгрөгрөөр энэ “нөхөр”-т орд харш барьж өгч байв шүү.
Тэр үеийн 160 сая төгрөгөөр барьсан харш өнөөдөр хэдэн зуун мянган ам.доллар болохыг “хээгүй” нөхөр л мэднэ. Гэхдээ Монголын ард түмэн тэнэг, сохор биш болохоор “хээгүй” эрээс зэм асуух эрхтэй. Сураг сонсвол Хуримын ордны хажууд байсан харшаа газартай нь “МСS” компанийн эздэд хоёр тэрбум төгрөгөөр арилжчихаад “Би хувийн өмчөө зарна уу, үрнэ үү хэнд ч хамаагүй” гээд харайлгаж явсан дуулддаг.
“Төмөртэйн цайр”-ын ордыг хятадуудтай тогтвортой байдлын гэрээ байгуулан зүгээр өгөхдөө “хээгүй” нь дэндсэн П.Очирбат хэчнээн мянган ам.долларын хахууль авснаа хүлээчих хэрэгтэй. Ер нь эрх мэдэл, баталгаатай баримт бичгэн дээр үндэслэн Монгол орны хаана ухаж төнхөж, нутгийн ард олныг малнаас доор үзэж байгаагаа зарлах учиртай.
“Төмөртэйн цайр”-ын ордыг Хятадын компани ашиглаж эхэлмэгц “тогтвортой” байдлын гэрээ гэгчийг яаран сандран байгуулсан нүглээ “хээгүй” П.Очирбат та одоо хүлээх ёстой.
Одоогоор тодроод байгаа таван “Ерөнхийлөгч”-ийн эхнийх нь ийм балаг тарьчихаад хээв нэг малийгаад явж байна. Дараагийнх нь Н.Багабанди хэмээх сөөвгөр сахалтай Төрийн “хар хүн” Оюу толгойд монголчуудын эрх ашгийг хамгаалсан нэрээр сард 40 мянган ам. долларын цалин аваад цохиж явна. Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр “Рио Тинто”-гийн эздийг тавьж, монголчуудын эрх ашгаас холдож хөндийрсөн Н.Багабанди даргаас Оюу толгойн талаар нааштай өөрчлөлт хүлээгээд нэмэргүй.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг ярилцаж байсны хувьд өнөөдөр Оюу толгойн алдаатай гэрээний талаар дорвитой дуугарах ёстой ч ус балгасан мэт таг дуугүй гэлдрээд байгаа нь олон хардлага дагуулж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх эрхэм дээд хариуцлагатай алба хашиж байсан хэрнээ аль нэг улсын хувийн компанийн эрх ашгийг төлөөлөөд явж байгаа нь ёс зүйд аль ч талаараа нийцэхгүй.
Сардаа ганц хоёр “Титэм үг” тэрлэхээс өөрөөр монголын ард түмэнд хэрэгтэй
өнөөдрийнх нь амьдралд наалдах ганц ч ажил хийлгүй хувиа бодож, довоо шарлуулсаар л яваа Н.Багабанди 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын байр хавиар идэвхтэй эргэлдсэн ч намын удирдлагын зүгээс дэмжлэг хүлээгээгүй учир том бодлоо орхисон гэдэг.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд асуудал тодорхой. Одоогоор УИХ дахь ганц төлөөлөл болсон О.Баасанхүүтэйгээ тулга тойрсон хэл ам хийж, түүнийгээ намаасаа хөөлөө, туулаа гэсхийгээд л гэлдэрч явна.
“Шударга л байцгаая л даа” хэмээн уриалан гарч ирсэн өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед хувь хүний эрх чөлөө гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж хаана рок тоглолт болно тэнд хоёр гараа байдгаар нь өргөчихсөн л харайлгаад яваа. Гэхдээ сүүлийн үед Ц.Элбэгдоржийн МАНАН бүлэглэл цагийн шалгуурт өртөж Эрдэнэтийн 49 хувиа Монголын төрд алдсан, гол хамтрагч М.Энхболд нь МАН-ын даргын суудлаас шавхуурдуулсан, Тавантолгойд тааламжгүй байдал үүссэн гээд багагүй хохирол амсаад байгаа учир мань эрийн тухайд өдөр бүр “Цэнгэн хөгжилдөх” нөхцөлгүй шахам болж буй нь ойлгомжтой. Ердийн л дөрвөн Ерөнхийлөгч аман, өнөөдрийн дөрвөн иргэний амин зуулга, ажил төрлийн зах зухаас дурьдахад нэг иймэрхүү.
-
2018 оны 1 сарын 13
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 6 дахь удаагаа улсын аварга болов
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Орхон аймагт өчигдөр эхэлсэн “Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” маргааш дүнгээ гаргана. Эрдэнэтчүүд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг аймагтаа зохион байгуулж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин Монголын шилдэг бөхчүүдийг аймагтаа хүлээн аваад байгаа нь энэ юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 2018 оноос хэрэгжиж эхлэх эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 гэсэн тус бүр 10 жинд аваргуудаа тодруулах энэ тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 65 кг-д жин өгсөн барилдаж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн цэвэр ялсаар 6 дахь удаагаа Монгол Улсын аварга болов.
Сонирхуулахад улсын аварга шалгаруулах тэмцээнд 25 багийн 300 орчим тамирчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гурван өдөр үргэлжлэх тэмцээн гурван дэвжээнд зэрэг барилдаж байгаа аж. Эхний өөр хөнгөн жингийн барилдаанууд явах бол сүүлийн өдөр эрэгтэй эмэгтэй, хүнд жингийн барилдаан болон багийн төрөлд аваргууд тодорно.
Энэ тэмцээнийг Олон улсын зэрэгтэй 20, улсын зэрэгтэй 24 нийт 44 шүүгч шүүн явуулж байгаа бөгөөд энэ тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчид Улаанбаатар хотод долоодугаар сарын 21-нд болох сорилгод орох эрхтэй болох ба тэндээсээ Азийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах гэнэ. Мөн цаашлаад 2020 оны Токиогийн олимпод оролцох Үндэсний шигшээ багт харьяалагдах гол шалгуур болно гэдгийг Чөлөөт бөхийн холбооноос мэдэгдэж байна.
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн хувьд энэ жил 28 настай бөгөөд УАШТ-д 2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 онд тус тус түрүүлээд байгаа юм. Соронзонболдын Батцэцэг 1990 оны гуравдугаар сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ хоёрын таван хүүхдийн дөрөв дэх нь болон мэндэлжээ. 2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-ын Япон хэлний ангид элсэн суралцсан байдаг. 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд 2008 оноос ”Замчин” клубт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийн шавь болж, 2012 оноос ”Хилчин” спорт хороонд харьяалагддаг болжээ. 2008 оноос З. Дүвчин, Т. Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтжээ. Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ 2008 онд Катарын Дохад болоход мөнгөн медаль, насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ Энэтхэгийн Шинэ Делид болоход мөнгөн медаль, 2009 онд анх удаа ДАШТ-д орсон бол 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны Лондоны олимпоос хүрэл медаль хүртэж Монгол түмнээ баярлуулж байв. 2015 оны ДАШТ-д дахин алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга болсон Монголын анхны эмэгтэй дэлхийн хошой аварга болсон хоёр дахь бөх болсон юм.
Москвад болсон ДАШТ-ээс алтан медаль шүүрсэн С.Батцэцэгийг 2010 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор, 2017 оны долоодугаар сарын 31-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнаж спортын агуу амжилтыг нь үнэлсэн юм. Тэрээр сая олимпийн бус жин 65 кг-д жин өгсөн түрүүлсэн ч түүний өмнө 2020 оны Токиогийн олимп бий гэдгийг Монголчууд мэдэрч, амжилт хүлээн дээлийнх нь захыг мушгицгааж байгаа билээ.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 13
Колумбын их бичгийн хүн Габриель Гарсиа Маркес 1928 онд Аркатаса хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Тэрээр 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Монголын уншигчид ”Зуун жилийн ганцаардал” романыг нь Г.Акимын, ”Мартагдсан хурандаа” туужийг нь Н.Энхбаярын, ”Хурандаад хэн ч бичихгүй” туужийг нь О.Чинбаярын, ”Ирендира охины эмгэнэлт түүх” зэрэг богино өгүүллэгүүдтэй нь Э.Ганболдын орчуулгаар тус тус танилцсан билээ. Түүнийг Латин Америкийн шидэт реализмын хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог аж. Их зохиолч эдүгээ Мексик улсын Мехико хотноо амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлж, хүмүүний дотоод ертөнц рүү гүнзгий нэвтэрсэн ер бусын гэрээслэлүүдээ үлдээсэн билээ.
87 настай Габриэль Гарсия Маркес хорт хавдартай болсноо мэдээд уншигч олонд энэхүү захиаг илгээгээд 18 сарын турш өвчинтэйгөө тэмцсэн Колумбийн суут зохиолч Мексик дэх гэртээ 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд амьсгал хураасан байдаг.
“Хэрэв зээ бурхан тэнгэр намайг утсан хүүхэлдэй гэдгийг минь хэсэгхэн зуур ч болов мартаад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бээр бодсон болгоноо өгүүлэхгүй ч урсан гарах үг бүрээ эргэж нэг эргэцүүлэх нь гарцаагүй ээ. Тэгвэл би эд зүйлсийг алт мөнгөөр биш, мөн чанараар нь үнэлэх байсаан. Нүдээ аних хором бүрнээ гэрэлт хорвоог мэдрэх жаран агшнаа алдаж буйгаа ухааран бага унтаж, машид мөрөөдөх байлаа. Өрөөл бусдыг зогсож байхад урагш алхан, унтах зуур нь сэрүүн байх сан. Бусдын яриа хөөрөөг бал бурам амтлах лугаа таашаан сонсох байсаан.
Хэрвээ бурхан тэнгэр надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвээс илүү даруу хувцаслаж, наранд биеэ ээж, дулаан илчинд нь бие сэтгэлээ бүлээцүүлэх байж. Бурхан минь, хэрэв надад зүрх байсан сан бол үзэн ядах сэтгэл бүрнээ мөсөн дээр сийлж үлдээгээд нар мандахыг хүлээх байлаа. Би сарнай цэцгийн өргөсөнд хатгуулж, улаахан дэлбээнийх нь үнсэлтийг мэдрэхийн тулд цэцэгсийг нь нулимсаараа услах байсаан.
Бурхан минь, өчүүхэн надад өдийхөн чинээ амьдрал үлдсэн бол сэтгэлд минь хоргодох тэр л хүмүүстээ хайртай гэх үгсийг өдөр бүр хэлэх байж. Хамгаас эрхэм хүмүүстээ хайраа илчлэн, хайрлан дурлаж амьдрах байсаан. Хөгширсөн хүн дурлах нь үгүй хэмээн төөрч будилах нэгэнд сэтгэлд нь хайр дурлалын гал ноцохоо больсон тэр л мөчид жинхэнэ ёсоор өтөлдгийг ойлгуулах байлаа.
Балчирхан хүүхдүүдэд нисч сур хэмээн даль жигүүр бэлэглэх байсан сан. Он цаг улирч нас явснаас бус, өрөөл бусдад мартагдваас л тэр хүн үнэн хэрэгтээ хөгширсөн болохыг өтөл буурлууддаа ойлгуулах байлаа. Хүмүүс минь, та бүхнээс би асар их зүйлийг сурч авчээ. Үнэндээ хэн хүнгүй аз жаргалыг уулын оргилд буй хэмээн өөд мацах боловч жинхэнэ зол жаргал гээч нь тэрхүү оргилоос уруудахад тосон суудгийг би эдүгээ л ойлгож.
Дөнгөж төрсөн хүүхэд бяцхан гараараа аавынхаа хурууг анх атгаад насан туршаа суллаж тавьдаггүйг өдгөө л ухаарлаа. ҮНЭНДЭЭ ХҮН ГЭДЭГ АМЬТАН БҮДЭРЧ УНАСАН НЭГНЭЭ ТАТАЖ БОСГОХДОО Л ДЭЭРЭЭС НЬ ӨНГИЙН ХАРАХ ЭРХТЭЙ ЮМ БАЙНА.
Та бүхнээс сурч мэдэх зүйл хичнээн ч их юм бэ дээ? Гэвч үнэн хэрэгтээ энэ бүхний хэрэг гарахгүй биз ээ. Учир нь намайг энэ хайрцганд хийх тэр мөчид би гэдэг хүн хэдийнэ талийчихсан байх болно. Сэрж мэдэрснээ эгнэгт хэлж, бодож санаснаа ямагт гүйцэлдүүлж яваарай.
Чамайгаа нойрсож буйг эцсийн удаа харж байгаагаа мэдсэн сэн бол чанга гэгч нь тэврээд, сахиусан тэнгэр нь болъё хэмээн энэрэлт бурхнаас гуйх байлаа. Эргэж ирэхгүйгээр эцсийн удаа гарч буйг чинь мэдсэн сэн бол энгэртээ наан эрхлүүлэн үнсээд илүү ихийг өгөхөөр ахин дуудах байсаан. Хэрэв зээ чамайгаа сүүлчийн удаа сонсож байна гэдгээ мэдэрсэн сэн бол дуу хоолойг чинь хуурцганд бичиж аваад үргэлжид сонсох байж. Чамайгаа сүүлчийн удаа харж байна гэдгээ мэдсэн бол ”Чамдаа хайртай. Хайртайг минь мэднэ гэдгийг гадарлаа ч үгүй тэнэг шүү дээ, би” хэмээн хэлэх байсаан.
Амьдрал бидэнд алдаагаа зас гэсэндээ маргаашийн өдрийг өгөө биз ээ. Тэгэвч би алдаж яваад, өнөөдрөөс өөр өдөр надад үлдээгүй бол чамд хичнээн хайртайгаа, хэзээ ч мартахгүйгээ хэлэх байлаа. Хөгшин, залуу хэн бугай ч маргаашийн мандах нарыг харна гэдэгтээ нут итгэж болохгүй дэг ээ.
Энэ өдөр хайртай хүмүүсээ харж буй эцсийн өдөр ч байж болох шүү дээ. Тиймээс аливаа зүйлийг хүлээлгүй, хийх гэснээ өнөөдөр л хий. Маргаашийн өдөртэй золгохгүй баймааж нь, ганцхан ч атугай инээмсэглэж, энгэртээ нааж эрхлүүлэн үнсээгүйнхээ төлөө харуусч, дэндүү завгүй явсан тэр өдрөө хараан зүхэх болно.
Ойр дотны хүмүүсээ ямагт дэмжин тэтгэж, чамд ямар их хэрэгтэйг нь шивнэж, тэднийгээ энхрийлэн хайрлаад, “Намайгаа уучлаарай, чамдаа баярлалаа” гэх үгсийг марталгүй хэлж бай! Энэ бүхнээ сэтгэлдээ тээсээр хальваас нэгээхэн ч хүмүүний сэтгэлд торойн үлдэхгүй шүү дээ. Сэрэл мэдрэхүйгээ хэлж өгүүлэх ухаан билиг хайрла хэмээн бурхан тэнгэрээс сөгдөн гуй! Анд нөхөд чинь чиний хувьд хэдий хэр чухал болохыг энэ л өдөр мэдрүүл! Эс бөгөөс маргаашийн өдөр өчигдрөөс өчүүхэн ч ялгаагүй өнгөрөх болно.
Энэ бүхнээ өнөө өдөртөө гүйцэлдүүлэхгүй байх аваас буй бүхэн утга учраа алдах нь дамжиггүй ээ” гэжээ. Агуу хүний амьдралаасаа олж авсан ухаарал гэдэг бас л агуу байдаг ажээ.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 12
Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгаа амжилттай болжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн нэр найрагч Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдрын гуравдугаар үедээ орсон нь оншлогдож нэн яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Дорнын их найрагчийнхаа эрүүл мэндэд санаа зовсон Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгөнөөс хөрөнгө мөнгөөр тусалж, тэр ч байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл тодорхой хэмжээний туслалцаа үзүүлснээр БНСУ-ыг зорьсон. Монгол түмний бахархал болсон их найрагчийн эрүүл мэндэд санаа нь зовсон Өвөрмонголын сайн санаат иргэд хүртэл долоо хоногийн дотор 55 сая төгрөгийн хандив цуглуулан ирүүлснээр Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгааны мөнгө бэлэн болж БНСУ-ыг зорьсноор өнөөдөр долоон цагийн турш хүндхэн хагалгаанд орсон ч амжилттай болсон талаар гурван цагийн өмнөөс мэдэгдэж эхлээд байна. Ямартай ч Монголын төрийг “Тамгагүй төр” битгий л байгаасай хэмээн сэтгэл оюунаа чилээж явдаг их найрагчийн хагалгаа амжилттай болж асар удалгүй мөнгөн цагаан онгоцоор шуугиулаад Улаанбаатартаа буух нь тодорхой боллоо.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 12
Хоёулаа адилхан улаан юм байж
УИХ дахь МАН-ын бүлгийн 32 гишүүн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагахаар зориг шулуудан гарын үсгээ зурцгааж санасандаа хүрцгээж байсан нь 2017 оны есдүгээр сарын 07-ны өдөр билээ. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулагсдын тэргүүнд 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр “Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуулийг зөрчиж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өөрийнхөө оронд тоглоомын Ерөнхий сайд тавилаа” хэмээн УИХ-ын дарга М.Энхболдыг хамгийн хурцаар шүүмжилдэг байсан Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар, Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Я.Содбаатар нарын эсэргүү гишүүд байсан бол Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, М.Оюунчимэг гэсэн гуравхан эмэгтэй гишүүн эсэргүүний бүлэгт хамгийн идэвхтэй явцгаасан түүхтэй. Харин сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн нэртэй ч төрийн ордонд бараагаа цөөхөн харуулдаг Б.Наранхүү гишүүний мэдлийн ресторанд хачин жигтэй уулзалтууд болж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаж, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэх талаар “Хор найрагдаж” эхэлсэн талаар төрийн ордны хонгил буланд шивнэлдэж байна. Магадгүй Монголын улстөрд төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй зууралдсаар байгаа “Улстөрийн өс хонзон авах” ажиллагаа дахин шинээр толгойгоо өндийлгөж эхэлсэн бол дахиад л эдийн засаг хүчтэй савлаж, Олон улсын Валютын сан ч нүүрээ цааш харуулах нь тодорхой юм. Хэрвээ энэ асуудал яах аргагүй үнэн бол Монголын улстөрд үүсээд байгаа хорлонтой нөхцөл байдлаас нэгэн наргиантай зүйрлэл ой ухаанд гялсхийтэл орж ирээд зүгээр суулгахгүй нь.
Одоо жишээ нь Монголын уран сайхны “Төөрсөөр төрөлдөө” хэмээх нэг сайхан кино байдаг даа. Тэр кинон дээр шархадсан хоёр орос офицерын нэг нь “Би улаан, тэр цагаан” гэж хэлдэг хэсэг байдаг. Харин киноны гол дүр, уулын агуйд орогногч Балт хоёулангийнх нь үсийг барьж үзсэнээ “ Хэ цэс. Хоёулаа адилхан шар юм байж” гэдэг инээдтэй хэсэг бий.
Тэгвэл дэлхийн хамгийн том, ядуухан социалист улсыг өнөөдрийн хөгжлийнх нь зөв голдрилд оруулсан Хятадын агуу их шинэчлэгч, өвгөн Дэн Сяопин “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй. Гол нь оготно барьдаг байх нь л чухал” хэмээн тунхагласнаар урд хөршийнхөн өнөөдөр эдийн засгийн гайхамшгийг бүтээж байгаа. Ухаандаа Дэн өвөөгийн тодорхойлсон өмнөд хөршид гайхамшгийг бүтээгч том муурын арьс, үсний гялалзсан сор нь зах зээлийн эдийн засгийн өнгөөр туяарах хэдий ч хавь ойрын харх, оготныг тасар татах хучирхэг араа, шүднийх нь цаанаас аль эрт социализмын үеийн нэвширсэн үнэр сэнхийж л байгаа.
Харин өнөөдрийн Монголын улстөрд хоёулаа адилхан улаан юм байж, оготно барих нь байтугай өөхөлж таргалаад босч чадахаа больсон хоёрын зэрэг муур багшийн үлгэр хөвөрч байна.
Уг нь 90 нас аль хэдийнэ хүрчихсэн жигтэйхэн хашир, урдуураа улаан хөлтэй оготно, хулгана алхуулалгүй, тэр дор нь тасхийтэл шүүрдэг ганцхан том улаан муур байв. Сүүлийн жилүүдэд оготно, хулгана гэнэтхэн айхтар сүрхий өсч, муур багшид илүү хөдөлгөөн хийлгүй хэвтэж байгаад гэдсээ дүүртэл идээд байх бололцоо нээгдсэнээр хөдөлж чадахгүй болтлоо таргалж, элдэв өвчинд ороогдох болжээ. Арьс нь язрах шахталаа таргалсан том улаан муур хөдөлж ч чадахгүй хэвтэж байтал түүний төрсөн дүү хаанаас ч юм гүйж ирснээр хамаг хэрэг үүссэн түүхтэй.
Хөнгөн шингэн биенийх нь улаавтар шаргал сор нь “МАН”-ын өнгөөр солонгорох залуухан муур эхэндээ тун ч түрэмгий, бас омголон байв. Урдуураа оготно, хулгана байтугай зарим үед нохой, шувуу ч явуулахгүй хоргоож хөөрхөн шоглосоор байгаад жинхэнэ аймшигтай араатан болж хувирсан.
Шазруун омогтой, залуухан улаан муур эхэндээ том улаан муур руу сэрвээний үсээ байдгаар нь босгож, хорсолтой муухайгаар чарлан дургүйцлээ илэрхийлдэг байсан бол тун удалгүй өчүүхэн ч эмээлгүйгээр самардалцах болсон билээ. Тэгээд ч энэ тэмцэл удаан үргэлжилсэнгүй.
Бүдүүн улаан муур өдрөөс өдөрт хүч чадал нь бүрэлдэж яваа залуухан, омогтой дүү мууртаа хэдэнтээ цусаа гоожтол самардуулж аваад дуртай дургүйхэн дулаан хэвтрээ тавьж өгөөд хаашаа ч юм гүйж одсон түүхтэй.
Ингээд дүү муурын хаанчлал эхэлж жил гаруй жаргаж үзсэн. Гэвч арьсаа язартал зоолсон энэ жаргал нь хоног хугацаатай байсан.
Нэгэн удаа урд нь харагдаагүй орог саарал хархыг тасар татан хаяхаар өндрөөс үсэртэл буух газраа буруу тооцоолж, том хар чулуу мөргөснөөр хамаг бие нь үйрэх шиг болж, хоёр нүднээс нь гал бутарч, байдаг чадлаараа чарлан хөсөр унасан билээ. Хоёр ч хөлөө хугалж, хэдэн хавиргаа санжуулсан тэр өдрөөс ихэмсэг дүрт дүү улаан муурын сүр, сүлд өдрөөс өдөрт доройтсоор өнөөдөр арайхийн хэвтрээсээ босч ус долоох төдийгөөр амиа торгоож яваа.
Урьдын сайхан цагт ганц үсрэлтээр барьдаг байсан оготно, хулганууд нь “Одоо энэ маньд халдах нь өнгөрсөн” гэсэн шиг хамрынх нь өмнүүр гүйлдэж, өвдөж шаналсан биеийг нь өлсгөлөнгийн аюулаар тарчлаана.
Хэзээ ямагт гурвалжлан, зэрлэг догшноор ногоорч асан хоёр нүд нь ширгэж царцаад, үзэгдэх төдий ёлтойно. Цээжнийхээ цаанаас зовиуртай хүржигнэх өөрийнхөө амьсгалын үл ялиг чимээг сонсон сүүлчийнхээ хүчийг шавхан зантгар толгойгоо арай ядан хөдөлгөж хэвтэхэд цаг хугацаа зогсчихсон мэт туйлын шаналантай.
Бага улаан муур үхлийн өмнөх аймшигт нам гүмийн дунд өнгөрсөн амьдралаа дурсан санахдаа гэнэтхэн ирсэн азгүй тохиолыг бодох бүр хатаж ширгэн, ёозгүйхэн ёлтойх нүднээс нь ганцхан дусал нулимс бөмбөрөн гарч ирснээ газар уналгүй ууршиж одно.
Сүүлчийн хүчээ шавхан омголон давлиун үеийнх шигээ сэрвээний үсээ босгох гэж хэдэнтээ оролдоод хүч нь хүрэлгүй тамирдахдаа хий дэмий л хорсолтойгоор чарлавч түүний дууг сонсож байгаа оготно ч байхгүй нь гачлантай.
Ширгэж ёлтойсон хоёр нүд нь тэрүүхэндээ занал, хорсол, үзэн ядалтаар буцлах хэдий ч хоргодон хэвтээ харанхуй нүхнийх нь булангаас сүүмийсэн улбар цэг төдий л сүүмэлзэх ажээ.
Тэгтэл харанхуй нүхэнд нь нэгэн пөөнийсөн хар юм гулбилзан орж ирсэн нь хэдэн жилийн өмнө өөрийнх нь тасар татчих шахан хөөж явуулсан том улаан муур амандаа сүүжний яс зуусаар орж ирсэн байжээ. Сүүжний ясны үнэрээр зантгар толгойгоо арайхийн газраас хөндийрүүлж, горьдлого тээсэн харцаар хөгшин улаан муур руу харвал нөгөөх нь “За гарзтай ч юм биш. Энэ муу ясыг мэрвэл мэр” гэсэн байдалтай нүхнийх нь нөгөө буланд өмнөөс нь хараад тэрийгээд хэвтжээ.
Ийнхүү саяхан л цусаа гартал маажилцаж асан хоёр муур хэн нэгнээсээ аврал, дэмжлэг харсан шиг харанхуй нүхнийхээ хоёр талд цээжнийхээ гүнээс үл ялиг хүржигнэх чимээг сонсож хэвтэнэ.
Муурнууд хэдийгээр нэгэндээ дургүй, болж л өгвөл хэмлэлдэх хэдий ч хөгширч, өвдөж зовоод ирэхээрээ нохой, гахай, тахиаг бус муураа л барааддаг нь амьдралын жам ажээ.
-
2018 оны 1 сарын 12
БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн хэлтсийн дарга асан Фан Фэнхуй хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн цэргийн прокуроруудад шалгагдаж байна. Тэрээр Ерөнхийлөгч Ши Жинпиний зэвсэгт хүчний салбар дахь авлигын эсрэг эхлүүлсэн кампанит ажлаар шалгагдаж буй хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг юм.
Генерал Фан Фэнхуйгийн хэрэг Ардын Чөлөөлөх армийн Эрүүгийн Прокурорын нэгж рүү шилжсэн байна. Энэ нь түүний хэрэг шүүхээр шийдэгдэж, насан туршийн, эсвэл олон жилийн хорих ял авахыг нь баталж байгаа аж. Тэрээр хахууль өгсөн болон авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд энэ нь авлигын замаар тушаал дэвших, баяжих хамгийн түгээмэл “уламжлалт” арга хэмээн Шинхуа агентлаг мэдээлжээ.
Ерөнхийлөгч Ши Жинпин авлигатай эрчимтэй тэмцэхийн хажуугаар Ардын Чөлөөлөх армийн бүтцийг шинээр зохион байгуулж, Цэргийн төв хорооны гишүүдийн тоо 9 байсныг 7 болгох гэх мэтээр хэмжээг нь жижигрүүлж байна.
Эх сурвалж
-
2018 оны 1 сарын 12
“24tsag.mn” сайт баасан гариг бүр олны танил эрхмүүдийн хүүхдүүдээс нэгийг онцолж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулангийн талаархи 24 баримтыг сонирхуулж байна.
-
2018 оны 1 сарын 12
Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах бодлого хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө сангаа өөрчлөх, нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдээс тавьж байгаа санал, хүсэлтийг цаг алдахгүй, шуурхай хянан шийдвэрлэхэд онцгойлон анхаарч байна. Тиймээс энэ төрлийн санал, хүсэлтийг аль болох цөөн дамжлагаар хянаж, Хорооны даргын тушаалаар баталж байна.
Өнгөрөгч сард буюу 2017 оны 12 дугаар сард Хорооны дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, үнэт цаасны дөрвөн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн шийдвэрлэлээ. Эдгээр компаниудын хоёр нь брокер, дилерийн, хоёр нь хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй юм.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар үнэт цаасны зах зээлд Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх 50, давхардсан тоогоор андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх 22, хөрөнгө оруулалтын зөвлөх 14, хөрөнгө оруулалтын менежментийн 17 компани ажиллаж байна.
-
2018 оны 1 сарын 12
Ордонд тухалсан Д.Зоригт
Санхүүгийн зохицуулах хорооны анхны даргаар ажиллаж байгаад 2006 оны зургаадугаар сарын 15-ны өглөө Ц.Түмэнгэрэл гэгчид зэрлэгээр алуулсан Д.Бадраа агсны төрсөн ах Д.Зоригт УИХ-ын Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуулиар сонгогдож 2009 оны аравдугаар сарын 22-ны өдөр тангараг өргөснөөр Монголын улстөрд орж ирсэн түүхтэй. Улаан гэрлээр улстөрд орж ирсэн Д.Зоригт УИХ-ын гишүүн болоод удалгүй Эрдэс баялаг эрчим хүчний сайд болж томорсон. Түүгээр ч зогсохгүй Монголчуудыг хоёр үеэр нь ч тэжээх боломжтой Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлөн гарын үсэг зурж амжсан. Хоёр УИХ, гурван ч Засгийн газар дамжсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өдгөөгөөс найман жилийн тэртээ буюу 2009 оны 10 дугаар сарын 07-нд гарын үсэг зурж тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй Монголын улстөрчид “Намрын дунд сарын шиний 17-ны билэгт сайн өдөр Оюутолгойн гэрээ батлагдлаа” хэмээн хөөрцөглөж байсан нь одоо нэгэнт түүх болжээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, ”Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, ”Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, ”Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурж байв.
Нэг УИХ-д ажиллаж Оюутолгойн гэрээнд гарын үсэг зураад Монголын улстөрөөс алгуурхан алга болсон Д.Зоригт сүүлд нь Ерөнхий сайд асан Сү. Батболдтой сүрхий сүжрэх болж Сү.Батболдын “Е март”-ын ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа сураг дуулддаг байсан. Харин тэгтэл сүүлийн үед мань эр байсхийгээд л төрийн ордноор сүжрэх болж, ордны хаа нэг буланд тухалсан шигээ сууж харагддаг болов. Өнөөдөр л гэхэд ордны хоёр давхарын хонгилд Монголбанкны нөхдүүдтэй ямархан нэгнийг их л нухацтай ярилцаж суув. Энэ өдрүүдэд УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд Монголбанкны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа билээ. Харин хэсэгтээ л сураг ажиггүй байсан Д.Зоригт энэ үеэр чухам юу хийж яваа нь мэдэгдээгүй ч лав л зүгээргүй яваа бололтой юм. Аль эсвэл мань эрд Банкны тухай хуулийг ямархан нэгэн байдлаар лоббидох хэрэг зориг байдаг юмсан уу, бүү мэд.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 12
Малайзын Авлигын эсрэг хорооноос хууль бусаар валют сольж өгдөг газрууд мөнгө угаах болон авлигын гэмт хэргүүдийн хамгийн том хамсаатнуудын нэг хэмээн мэдэгджээ.
Тус хорооны хөрөнгө хураах, мөнгө угаахтай тэмцэх тасгийн дарга Фикри Абдул Рахим валют солилцооны газрууд хээл хахуулийн хэрэгт хэрхэн хамааралтай оролцдог талаар жишээ дурджээ. Түүний хэлснээр хэрэв төрийн албан хаагч хахууль авахаар шийдсэн бол өгөгч тал мөнгийг тус улс дахь валют солилцооны газарт өгөх бөгөөд хэсэг хугацааны дараа хахууль авагч уг мөнгийг өөр улс дахь тус газрын харьяа салбараас авдаг байна. Ийм замаар авлига авагч нь 3000 малайз ринггит (750 ам доллар) улсаас гадагш эсвэл дотогш шилжүүлэх бүрт нэрээ бүртгүүлэх ёстой шаардлагыг тойрч гардаг аж.
Хууль бус мөнгийг хөдөлгөх энэхүү арга нь мөнгө хаанаас орж ирсэн, хаашаа шилжсэн зэргийг тогтооход асар хүнд байдал үүсгэдэг байна. Иймд валют солилцооны газруудыг удирдах үүрэгтэй Малайз улсын банкыг илүү болгоомжтой ажиллах ёстойг сануулжээ.
Жил бүр дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь буюу 1-2 их наяд ам доллар хууль бусаар угаагдаж байдаг байна. Малайзын Авлигатай тэмцэх хороо өнгөрсөн онд 2 сая орчим долларын хохирол бүхий 100 гаруй мөнгө угаах хэргийг мөрдөн шалгажээ.
Эх сурвалж
Хонгконг: Ахлах түвшний албан хаагч нарт зориулсан байгууллагын шударга байдлын менежментийн гэрчилгээт сургалт
/2018 оны 4 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд/
Сургалт нь Хонг Конгийн Спайс их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн ухаан, хууль зүйн коллеж дээр зохион байгуулагдана.
Сургалтын зорилго: Байгууллагын шударга байдлыг нэмэгдүүлэх, байгууллага доторх авлига, залилангийн үйлдэлтэй тэмцэх албан хаагчдын чадварыг бэхжүүлэхэд оршино. Оролцогчид уг сургалтад хамрагдсанаар дараах зүйлсийг сурна. Үүнд:
1. Байгууллагынхаа дэргэд шударга байдлын хороо байгуулах,
2. Ёс зүйн бодлогын баримт бичиг болон албан хаагчдад тохирсон ёс зүйн дүрэм боловсруулах,
3. Байгууллагын шударга ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг.
Сургалт нь Хонг Конгод 9 хоногийн турш англи хэлээр дараах сэдвээр явагдана.
1. Байгууллагын авлигын эсрэг хяналтын арга хэмжээ,
2. Авлига болон залилангаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл олгох,
3. Авлига, залилангийн үйлдлийг илрүүлж, шалгалт явуулах.
Оролцогчдод тавигдах шаардлагууд:
1. Баклавраас дээш боловсролтой байх,
2. Удирдах түвшний албан тушаалыг 5-аас доошгүй жил хашсан,
3. Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.
Сургалтын төлбөр:
1. 15,500 хонг конг доллар /2005 ам.доллар/
2. 14,000 хонг конг доллар /2018 оны 1-р сарын 31-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн тохиолдолд/
3. 13,200 хонг конг доллар /нэг байгууллагаас 3-аас дээш хүн бүртгүүлсэн тохиолдолд/
Бүртгэлийн хураамж 150 хонг конг доллар.
Бүртгэлийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр.
-
2018 оны 1 сарын 12
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэж, шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт хийлээ.
Шалгалтаар эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж ил задгай авто машин худалдаа эрхэлж байсан нийт 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг илрүүллээ. Энэхүү 40 иргэн, хуулийн этгээдийн 22 өмчлөх, 16 эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, 2 иргэн хуулийн этгээд газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.
Эдгээрээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” ХХК-ний авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан бол хэд хэдэн иргэн аж ахуйн нэгжүүд мэдэгдлийн дагуу өөрсдөө газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Энхтүвшинбэлэг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал плаза” ХХК болон Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбаяр нар Нийслэлийн Газрын албанаас хүргүүлсэн шаардлагын дагуу сайн дураар зөрчлөө арилгаж, авто худалдааны үйл ажиллагаагаа зогсоолоо.
Цаашид Газрын тухай хуулийн хүрээнд зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, өмчлөх эрхийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах ажлууд хийгдэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 12
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэх асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод энэ сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар шийдвэрлэсэн юм. Хоёр Байнгын хорооноос байгуулагдсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж ажиллажээ. Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулсан байна.
Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж, эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар Байнгын хороо болон Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 36600 гаруй хүн хэлмэгдсэнээс 30220 нь цагаатгагдсан байна. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа юм билээ. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болоод байсан, одоо энэ хуулийн төсөл батлагдсанаар 2020 оны эцэс хүртэлх хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм гэдгийг хэллээ.
Мөн төсөл санаачлагч гишүүдийн нэг-Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 25-нд зөвлөмж гаргаж, хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийг цагаатгуулах өргөдөл гомдол хүлээн авах хугацааг эцсийн удаа хоёр жилээр сунгах зөвлөмж өгсөн. Энэ үндсэн дээр дуусгавар болоод байсан хуулийн хугацааг хоёр жилээр дахин сунгах асуудлыг санаачлан хэлэлцүүлж байгаа юм. Ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох хувилбарыг тооцоолж оруулсан. Энэ нь одоогийн орон сууцны зах зээлийн ханшаар харьцангуй хямд үнэтэй 1-2 өрөө сууцны жишиг үнэтэй дүйж байгаа юм. Энэ хуулийн төсөлд заасан хоёр жилийн хугацаанд цагаатгуулах өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээр хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах ажил үндсэндээ дуусгавар болох юм гэсэн нэмэлт тайлбар өгөв. Түүнчлэн Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар өгсөн юм.
Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэл нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.
Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн гэр бүл, үр хүүхдэд улсаас зохих нөхөх олговор олгох талаар Улс Их Хурал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цагаатгах ажлыг эцэс болгохоор шийдвэрлэлээ. Цаашид хэлмэгдүүлэлтийн аливаа хэлбэрийг дахин гаргуулахгүй байхад төрөөс онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод төсөл санаачлагч гишүүд болон Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэв.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Тус Байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан нар Байнгын хорооны дарга болон салбарын сайдаас асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан хуулиар шинэ Үндсэн хуулийг батлалцсан 1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатуудыг нэмж оруулахаар болсон. Тэдэнд олгох нэмэгдлийг 2018 оны улсын төсөвт суулгасан. Иймээс уг хуулийг хэрэгжүүлэх зохицуулалтыг хангах үүднээс энэ төслийг боловсруулсныг Байнгын хороо дэмжиж буйг хэллээ.
Харин Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэврийн хэмжээ бага байгааг хүлээн зөвшөөрч байна. Улсын хэмжээнд тэтгэвэр авч байгаа 381 мянган ахмадын 60 хувь нь бага тэтгэвэр авдаг, тэдний 230 мянга нь тэтгэврийн зээлтэй байна. Иймээс арилжааны банкуудтай ярилцаад тэтгэврийн зээлийг хүүг жилийн 12 хувь болгох, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авсан. Цаашдаа тэтгэврийн зөрүүг багасгах, халамжийн тэтгэвэр тэтгэмжийг амьжиргааны түвшинд ойртуулах, боломжтой бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймээс Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.
Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 67.3 хувь нь дэмжлээ.
Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр тохиож байна. Энэ өдрийн өмнө Улсын Их Хурал чухал шийдвэр гаргаж, Үндсэн хуулиа батлалцсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа нэмэгдэл олгохоор боллоо. Энэ төсөлд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн 238 хүн хамрагдахаар болж байгаа юм гэдгийг тодотголоо.
Уг тогтоолын төсөл батлагдсанаар сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор болж байгаа юм.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын өчигдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.
Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар Байнгын хорооноос гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 58.6 хувь нь дэмжив.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 65.5-69 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн санаачлан боловсруулж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг хэлэлцэж дэмжжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар Байнгын хорооны Ажлын хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хурлдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалтын “Монголбанкны Ерөнхийлөгч нэр дэвшүүлж” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвүүүлж” гэж өөрчлөн “4/сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй” гэснийг хасахаар тогтов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын “6.Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно“ гэснийг “6.Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалтыг “5.Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 65.5-70.9 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2018 оны 1 сарын 12
“Пёнчон-2018” өвлийн олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монгол Улсын хувьд 1964 оны өвлийн олимпод анх оролцож эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл цагаан олимпийн буухиаг таслаагүй түүхтэй. Удахгүй болох “Пёнчон-2018” өвлийн олимп болон олимпизмийн талаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй ярилцлаа. Энэ удаагийн олимпийн талаар түүний хэвлэл мэдээлэлд өгсөн анхны ярилцлагыг хүргэж байна.
-
2018 оны 1 сарын 12
Зам, тээврийн хөгжлийн сайд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын байгуулах “Зам тээврийн салбарт 2018-2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн яаманд боллоо.
Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Стандарт нормативын хэлстийн дарга Ж.Сэрээтэр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат, ЗХУТ-ийн ОНӨҮГ-ын ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцов. Ажлын хэсэг нь 2018 оны нэгдүгээр сарын 26-нд багтаан шинэчилсэн төслийг боловсруулан танилцуулах аж.
Энэ ажлын хүрээнд
2017 онд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх
Санамж бичгийн зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлох
Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтран ажиллах боломжтой үйл ажиллагааны чиглэлийг тогтоох
Улаанбаатар хотын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тодорхойлох
Цаашид хамтран ажиллах боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг тогтоох
Санамж бичгийн төслийг боловсруулан танилцуулах зэрэг ажил хийгдэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 12
Дэлхийн банкны группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туеэн Нгуеэн тэргүүтэй төлөөлөгчдийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын хурдны авто зам”-ын ашиглалт, засвар арчлалтын үйл ажиллагааг ТХХТ–ийн хэлбэрээр концессын гэрээгээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх талаар болон Монгол Улсын Засгийн газраас зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх бусад төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоог хангах, үр ашиг, үр дүнг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
-
2018 оны 1 сарын 12
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг хураан авсан байна. Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан” зөрчлийг илрүүлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байна.
Түүнчлэн тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгажээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 83 хувь нь эрэгтэй, үүнээс 18-35 насны залуус 80 гаруй хувийг нь эзэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг.
-
2018 оны 1 сарын 12
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 12-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн 12-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.013 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.3%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.22 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 12-р сарын үр дүнтэй харьцуулахад 0,34 хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 1,164 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.32 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,75 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,912. Суурь үеэс 8,80%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,28 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.16 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үзүүлэлт
Ерөнхий
Шинэ о/с
Хуучин о/с
Индекс
1,013
1,164
0,912
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/
1,28%
16,38%
-8,80%
Өмнөх сартай харьцуулахад
0,22%
0,32%
-0,28%
Оны эхэнтэй харьцуулахад
0,34%
0,75%
-1,16%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад
0,34%
0,75%
-1,16%
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4840 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
-
2018 оны 1 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа өнөөдөр гардуулан өгч, Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосон юм.
Зарлигт, “Монгол Улс Бүгд Найрамдах Солонгос Улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ку Бён Согийг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.
Ку Бён Сог нь 1997 онд Монгол Улсад анх удаа ирж ажилласан үеэсээ хүн амын дунд өвчлөл өндөр байгааг судалж, хүмүүнлэгийн ажлыг санаачлан эхлүүлсэн байна. Улмаар БНСУ-ын Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй 20 жил хамтран ажиллажээ. Нийгэмлэг нь манай улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажилладаг байна.
Ингэхдээ нэн ядуу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг БНСУ-ын эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан байна.
Мөн Эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн ажлыг Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зуунбүрэн сумд, Налайх дүүрэг, Баянзүрх дүүрэгт зохион байгуулж, 30 гаруй хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулж амьдрал бэлэглэн, 54000 гаруй хүнийг эрүүл мэндийн эмчилгээ, оношилгоонд хамруулсан байна.