-
2017 оны 8 сарын 18
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан нэлээд ширүүхэн уур амьсгалтай болсон талаар хэвлэлээр шуугиад байгаа билээ.
-
2017 оны 8 сарын 18
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарласан. Шалгалтын бүртгэлийг энэ сарын 21-25-нд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба зохион байгуулахаар байсан. Тэгвэл суурь шалгалтын бүртгэл, шалгалтыг хойшлуулах шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өчигдөр гаргажээ.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материал хүлээн авах ажиллагааг 2017 оны есдүгээр сарын 8-ны 09.00 цагаас 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар болсон байна.
Нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлж дүгнэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр болгож өөрчлөв.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан ”Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өмнөхөөсөө өөрчлөгдсөн тул шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хаягнаас өөрчлөлтийг харах боломжтой аж.
-
2017 оны 8 сарын 18
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт Францын Тахь Хамгаалах Холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун бүсийн Их нууруудын хотгорын газарзүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлог бүхий орчинд тахь амжилттай нутагшиж байна.
Тус аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутагт тахь нутагшаад 20 иод жил болж байгаа бөгөөд өдгөө тахийн гурван азарга 60 гаруй толгой болж өсчээ.
Цаашид тахь адууны амьдрах орчинг бүхэлд нь улсын ТХГН-д хамруулах, тахь адууны генетик болон популяцийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох, тахь адууг эзэмших, ТХГН-ын менежментийг хариуцан хамгаалах эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй байгааг албаныхан мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 18
Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлолт, газар ашиглалтыг зогсоох санал боловсруулахаар байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/54 тоот тушаалаар холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын баталсан “Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж, шалгалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02-01/339 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн газрын алба, Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг хийж байна. Нийслэлийн хэмжээнд Туул голын онцгой хамгаалалтын бүсэд /эргээс 50 метр/ газар эзэмших, ашиглах эрх бүхий 1726 нэгж талбар байгаагаас 162 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийгдсэн байна. Тус шалгалтаар зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 4 000 000 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор онцгой хамгаалалтын бүс дэх газар ашиглалтыг зогсоох тухай саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
-
2017 оны 8 сарын 18
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Доан Тхи Хыөнг Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куангийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсад улсаа төлөөлөн ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанд хариу талархаж буйгаа илэрхийлээд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэнд нь хатагтай Доан Тхи Хыөнгд баяр хүргэж, цаашид ажил хэргийн уулзалтууд хийж, хамтран ажиллана хэмээлээ. Мөн Монгол Улсын төр, засгийн байгууллагуудын зүгээс Элчин сайдын ажилд шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлнэ гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа БНСВУ-д айлчилж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр тодорхой ажлууд хийж байснаа дурдав.
Уулзалтын үеэр Элчин сайд Доан Тхи Хыөнг Вьетнам Улсад тохиолдсон дайны хүнд жилүүдэд Монголын төр, засаг, ард иргэдийн зүгээс тус улсад тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг одоо хүртэл вьетнамчууд санан дурсдаг гэлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, албаны бусад хүмүүс байлцлаа.
-
2017 оны 8 сарын 18
Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад Монголын ард түмэн сэтгэлийн хандивын аянг санаачилж, олон зуун иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байгаа билээ.
“Олны олон таван цэн” гэсэн зүйр үг бий. Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэсэн үг байдаг.
“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдэж “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байна.
“Бид эх орондоо хайртай” тоглолт 2017 оны 09 дүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар хотыг гадаадын жуулчинд ээлтэй, аялагч, жуулчид тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлсэн хот болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг жуулчны улирлын хугацаанд /6,7,8-р сард/ их, дээд сургуулийн 30 оюутныг хамруулан амжилттай зохион байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлаа дүгнэлээ. “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээ нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа оюутан цагдаа нар нь гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлахын зэрэгцээ тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь ханган ажилласан байна.
Эдгээр оюутан нь Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн жуулчид ихээр зорчдог гудамж, талбайн 15 чиглэлд 300 хүн/цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, нийслэл хотод зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн чуулга уулзалт, Улаанбаатарын шөнийн гэрэлт гудамж, Үндэсний их баяр наадам, Даншиг наадам-Хүрээ цам-2017 зэрэг гадаад, дотоодын жуулчид ихээр оролцсон арга хэмжээний үеэр ажилласнаар гадаадын иргэд, жуулчидтай холбогдол бүхий хэрэг, зөрчил гараагүй байна. НАЖГ, НЦГ, НОБГ-аас гаргасан түүх, соёл, үндэсний их баяр наадам, хэв журам, онцгой байдал, эрүүл ахуйн чиглэлийн товч танилцуулга, зөвлөмж бүхий 25 төрлийн 8600 гаруй ширхэг эвхмэл танилцуулга, УБ хотын газрын зураг зэргийг түгээж, гадаадын 8752, дотоодын 5658 иргэнд эрх зүй, аялал жуулчлалын мэдээ, мэдээллээр хангаж, гадаад, дотоодын олон жуулчин, иргэдийн талархлыг хүлээжээ.
Оюутан цагдаа О.Бат-Эрдэнэ, Ж.Анужин нар АНУ-ын жуулчин “Union Pay” виза картнаасаа 36.000 төгрөгийн төлбөр хийхийг андуурч 3.600.000 төгрөг уншуулсан байсныг хэлмэрчилж тухайн АНУ-ын иргэний хохирлыг залруулж өгснөөр жуулчдаас талархал хүлээж, оюутан цагдаа жуулчны улиралд ажиллах ач холбогдолтойг харуулсан байна. Оюутан цагдаа ажилласан гурван сарын хугацаанд /6,7,8-р сард/ гудамж, талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33,33 хувиар буурсан байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Оюутны Холбооноос “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээнд хамрагдан амжилттай оролцсон нийт оюутнуудад талархал хүргэж, оюутан Э.Ундрах-Эрдэнэ /МУИС/, Т.Болормаа /ХААИС/, Г.Номундарь /МУИС/ нарыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Өргөмжлөл, мөнгөн шагналаар, оюутан О.Бат-эрдэнэ, Ж.Анужин нарыг нийслэлийн Цагдаагийн газраас Талархал, мөнгөн шагналаар, оюутан Э.Уугантуяа, Ж.Төрболд нарыг Монголын оюутны холбооноос Манлайлагч оюутан, Манлайлагч залуу алтан медалиар тус тус шагнажээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 18
Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Данзанравжаа” Олон улсын яруу найргийн наадмын нээлт боллоо
-
2017 оны 8 сарын 18
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.
-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Шадар сайд У.Хүрэлсүх таныг өөрийг нь тагнасан, мөрдсөн гэж ярьсан гэсэн. Тагнаж чагнасан хүмүүс нь тантай ойр ажиллаж байсан гэх юм. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Асуултанд хариулахын өмнө хэдэн зүйл хэлье. Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажилд томилогдсоноос хойш зөвхөн өмнөх ажилдаа л анхаарч, нам доторх элдэв хов, хэрүүлээс хол явлаа. Гэтэл сүүлийн үед тагнасан гэх сенсацид Хүрэлсүх өөрөө намайг татаж оруулж, ил далд хэвлэлээр дайраад байх юм. Энэ нь намайг хэвлэлд тайлбар өгөх, байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байдалд орууллаа. Тиймээс танд ярилцлага өгч байна. наашаа ирэх замдаа юу ярихаа хүртэл хэсэг бодлоо. Нэг л хэрүүлийн хариу маягийн юм болчих вий гэж санаа зовж байна. Гэхдээ дуугүй байж бас болохгүй нөхцөл үүссэн.
Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар иргэд “Бидний ажил, амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх арга замыг Ардын нам тодорхойлж, хэрэгжүүлж чадна” гэж итгээд Ман-д 65 суудал өгсөн. Бид ч амлалтаа ажил хэрэг болгохоор Засгийн газраа байгуулсан. Ардын намыг дийлэнх олонхоор нь сонгох өөр нэг шалтгаан бол 2012-2016 онд эрх барьсан Ардчилсан нам эрх мэдэл, хөрөнгө мөнгө булаалдаж, хөнжил дотроо жийлцэж, хөрөнгө оруулагчдыг үргээж, Засгийн газраа тогтвортой байлгаагүй. ардчилсан нам дотроо эв түнжингүй, хэрүүл тэмцэлтэй явж ирсний хохирогч нь эдийн засаг хийгээд ард түмэн болж үлдсэн. Манай намыг ядаж дотооддоо эв нэгдэлтэй, засаг төр нь тогтвортойн дээр эдийн засгийн бодлогоо тодорхойлоод иргэдийн амьдралыг сайжруулна гэдэгт итгэж сонгосон. Энэ итгэлийг бид зөв бодлого зүтгэлээр өнгөрсөн нэг жилийн дотор эдийн засгийг хасах 1.3 хувиас нэмэх 4.2 хувь болгоод байна. Харамсалтай нь сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нөхцөл байдал хүнд байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үгнээс болж БНХАУ-тай геополитикийн хувьд ноцтой асуудал үүсч энэ нь манай гадаад худалдаа, эдийн засагт ноцтой хохирол учруулаад эхэллээ. Хоёрдугаарт, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хамтарсан найруулгаар 65-ын бүлгийн цөөн хэдэн гишүүн албан тушаалын төлөө нам дотроо урваж шарваад эхэлсэн. Засгийн газрыг огцруулна гээд хэдэн гишүүний гэр орноор явж, архи дарс болж, гарын үсэг зураалаад явж байна. Энэ бүхний ард Монгол Улсын Шадар сайд Ухнаа овогтой Хүрэлсүх бий. За, тэгэхээр энэ хүнд засгаа мурьж, өөрийн зам мөрөө хөөхөд шалтаг шалтгаан хэрэгтэй болно доо. Тэр шалтаг нь тагнасан, чагнасан гээд Ерөнхий сайдаа гүтгэж, үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд тагнуулд ажиллаж байсан намайг татаж оролцуулаад байгаа юм.
Тийм зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Намайг өөрийг нь тагнасан гэж үнэхээр хардаад байгаа юм бол яагаад Хүрэлсүх өөрөө өдий болтол холбогдох газарт нь миний нэрийг цохоод шалгуулах өргөдөл гомдол гаргахгүй байгаа юм бэ. Өргөдөл өгөхгүй байхыг бодвол зүгээр л бохир улс төр. Тэр нөхрийг тагнах сонирхол, шалтгаан хэнд ч байхгүй. Хүрэлсүхийг тагнаж мууг нь үзэх гээд байх ямар ч шаардлага байхгүй. Тэртээ тэргүй тэр нөхрийн муу нь ил. Шаардлагатай гэвэл би мууг нь хэлдэг газар нь хэлж чадна. Хүрэлсүхийн төрсөн эгчийнх нь хүү, цагдаад ажилладаг Амарсанаа, нэг яаманд газрын дарга хийдэг төрсөн дүү нь гээд хэсэг нөхөд ахынхаа санаачилгаар ийм тагнуултай драм зохиосон. Тэр нь баригдаад хэргээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш үү. Тагнуултай кино их үздэг юм уу хаашаа юм. Тагнуултай кино бага үз.
У.Хүрэлсүх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт буюу дүүдээ бичсэн албан бичиг бичсэнийг уншсан. Амь нас, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах гэх мэтчилэн алиа алиа зүйлс бичсэн байна лээ. Үндэсний аюулгүй байдал гэдэг бол Хүрэлсүх огт биш. Хаана нь ч хүрэхгүй.
-Олон нийтийн дунд “Херо” Баатар, Шадар сайд У.Хүрэлсүх нарын бичлэг шуугиан тариад байгаа. Гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулсан нь үнэн юм байна гэх байр суурь ч гараад байна л даа?
-Хуулиар хамгаалагдсан тодорхой субьектууд байдаг. Үүнд Шадар сайд орно. Ийм хүмүүст гүйцэтгэх ажил буюу тагнуулын ажил хийх нь хуулиараа хориотой. Мөн хуулиар эрх нь олгогдоогүй хүн гүйцэтгэх ажил хийх хориотой бөгөөд ийм үйлдэл хийвэл Эрүүгийг тусгай зүйл ангиар зүйлчлэгддэг. Ийм ноцтой гэмт хэрэг хийсэн мэтээр намайг гүтгээд байгаа юм. Энэ нь ч хуулиар хориотой. Тэгэхээр ийм хатуу хуультай, зөрчвөл олон жилээр шоронд хоригдох “тэнэг” байхгүй гэдэгт итгэлтэй байна. “Херо” бичлэгээ алдлаа л гэдэг. Санаатай, санамсаргүйг нь хэн мэдлээ. Ямар ч байсан Хүрэлсүхийн утас чагнагдах боломжгүй. Харин Хүрэлсүх өөрөө “Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо. Иймэрхүү нөхрийг тагнуулынхан “муужгай” гэдэг юм. Баатар, Хүрэлсүх хоёрын бичлэгийг сошиалаас сонсоод ямар хөгийн урвагч новш, муужгай вэ л гэж бодсон. Уур ч хүрэх, гомдох, юу юу ч болов, хэсэгтээ л шоконд орсон.
-Энэ бүхэн тэгээд МАН-ын даргын суудлын төлөөх амбиц, нүүдэл гэж ойлгож болох уу?
-Тийм л дээ. Гэхдээ итгэл үнэмшил, журмын нөхдөөсөө урваж, муужгайдан байж улайрна гэдэг чин юу гэсэн үг вэ. Хүрэлсүхийн хувьд хүн чанар, нөхрийн өмнө хүлээсэн хариуцлага, ёс зүй, зарчим түрхэн зуур гарт баригдаад гарах албан тушаалаас хямдхан юм байна. Ардчилсан намын гишүүдээс Х.Баттулгаа дэмжээгүй нөхөд байсан. Гэхдээ тэд Хүрэлсүх шиг манай намынхантай хуйвалдаж муужгайдаагүй. Дэмжээгүй нь зүгээр л сонгуульд оролцоогүй. Хүрэлсүх бол хөгийн новш байж. Ийм үг хэлж байгаадаа танай сониний уншигчдаас хүлцэл өчье. “Топор” нэртэй муужгайн асуудлыг түр орхиод Хүрэлсүхийг намын дарга, дараагийн Ерөнхий сайд гэж төсөөлөхөд, үүнийг хийж чадах уу гэдгийг ажил хэрэгч талаас нь харъя. УИХ-д тойргоос хоёр, жагсаалтаар нэг сонгогдож байсан. Улс төрд хөл тавьснаас хойш дөрөв дэх удаагаа Засгийн газрын гишүүнээр ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын сайд, Онцгой байдлын сайд, хамтарсан Засгийн үед Шадар сайд байсан бол одоо ч мөн Шадар сайдын алба хашиж байгаа хүн. МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалд байсан. Энэ албан тушаалуудыг хашиж байхдаа хүний амьдралд өгөөжөө өгсөн, монголд хэрэгтэй яг ямар хууль санаачилав, мэргэжлийн хяналтад яг ямар бодлогын өөрчлөлт хийв. Харамсалтай нь 1980 оны орос стандарт хэвээрээ л байна. Онцгой байдлын хувьд түймэр дээр очиж зургаа авахуулдаг. Түүнчлэн фургоны асуудалд орохоос гадна, хүний амь нас урьдчилан сэргийлэх яг ямар бодлогын арга хэмжээ авсан бэ. Зөвхөн өнгөрсөн нэг жилд хорь орчим хүн хордож, осолдож нас барлаа. Улс төрийн намын албан тушаалтан байхдаа намдаа нэг ялалт авчирсан уу. Харин ч Н.Энхбаярыг намаас хөөх ажиллагааг санаачилж, залуучуудын ард нуугдан тэднийг турхирч, намаа яаж хоёр хуваасан билээ. Энэнээс болж 2012 онд МАН ялагдаж, АН ялж, үр дүнд нь аж ахуйн нэгжүүд дампуурч, ард иргэд яаж ядуурав. Үүнээс үүдэлтэй балгийг арилгах гэж Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Засгийн газар яаж зовж, ард нь гарав.
Хүрэлсүх 2012 онд нам ялагдуулсаныхаа дараа гадаад руу яваад өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа МАН-ын байрны гадаа хэсэг нөхдийг турхирч гэр бариулан намынхаа эсрэг ажиллаж, яаж муухай харагдууллаа. Энийг би Хүрэлсүх Австралиас удирдсан юм байна даа гэж сүүлд бодох болсон. 2014 онд эрх баригч АН задарч, засагт манай намыг урихад гэнэт гадаадаас ирээд Шадар сайд болно гээд зүтгэсэн. Тэр үед цөөнхийн буюу манай намын 26 гишүүний ихэнх нь “зугтсан нь биш зүтгэсэн нь” гэдэг зарчим үйлчлэнэ гээд Хүрэлсүхийг хүлээж аваагүй. Тэр үед намын дарга, өнөөдөр Хүрэлсүхээр муужгайдуулаад байгаа М.Энхболд түүнийг зүтгүүлсээр байгаад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайд болгосон. 2016 оны УИХ-д намын нөхөд хэн хүнгүй нэр дэвшиж зүтгэхэд, “би нэр дэвшихгүй” гээд уурлан байж бултсан. Дараа нь 30 хүрээгүй Д.Гантулга хүртэл гараад ирэхэд энэ хүн амаа барьсан. Ачаа үүрэх болохоор алга болчихоод ямбыг нь эдлэх болохоор гитар бариад гараад ирдэг. Ийм зарчимгүй байж болохгүй ээ. Би энэ үед УИХ дахь цөөнхийн бүлгийн дэд дарга байсан хүний хувьд голтой ярина. Ядаж УИХ-д Хэнтий аймгаас хоёр удаа сонгогдохдоо тэнд үлдээсэн Хүрэлсүхээр овоглох, сонгогчид нь талархах яг ямар ажил хийсэн юм бэ. Одоо юу хийж байна вэ. Айлын эрх хүүхэд шиг аашлаад л. 2011 онд намын генсек байхдаа наадмын үеэр намын дарга, Ерөнхий сайд болно гэж аашилж л байсан. Бодит үнэн, дүгнэлт ийм л байна. Та дүгнэлтээ бас хий. Ардын намд итгэсэн, хүлээлттэй байгаа иргэдээс тэр хүний амбиц үнэтэй гэж үү.
-Гэхдээ та хоёрт ойрхон байх үе байсан гэлцдэг...
-2004 онд танилцсанаас хойш бид хоёр сайн муугаа үзээд 10 гаруй жил ах дүү шиг явж ирсэн. Би дээрээ ахгүй, айлын том хүүхэд. Хуурай ч гэсэн сайхан ахтай юм шиг санагдах үе байсан. Тэр үеийн намын дарга намайг дэмжихгүй байхад Хүрэлсүх улс төрийн хувьд намайг дэмжиж ч байлаа. Үүнд нь талархалтай хандах хэсэгхэн хугацаа байсан уу гэвэл тийм гэж хэлнэ. Гэтэл түүний хэд хэдэн үйлдлээр намайг миний дүү гэхээс илүүд мөнгө гэж хардаг юм байна даа гэж дүгнээд холдож эхэлсэн.
-УИХ дахь МАН-ын зарим гишүүд Засгийн газрыг огцруулна гээд байгаа. Тэгэхээр засагт болохгүй зүйлс байгаа юм биш үү. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн яав гээд байна л даа?
-Юу нь болохгүй байгаа юм. Ганц нэг салбарын сайдуудын хувьд асуудал гаргахад нь хариуцлага тооцоод явцын дунд өөрчлөлт хийгээд явж байна. Энэ байдаг л зүйл. Хариуцлагагүй ажиллаж байгаа нөхдүүдэд халаа сэлгээ хийх ёстой. Чаддаг хүмүүсээр нь багаа бүрдүүлэх шаардлагатай.
Мэргэжлийн Засгийн газар нэг өдөр байгуулагдчихдаг юм биш. Хүнийг ажиллуулна, үнэлэлт дүгнэлт өгнө. Болохгүй бол халаа сэлгээ хийнэ. Байдаг л процесс. Энэ асуудалд найз нөхөд, журмын нөхөр гээд танил тал тохой татсан байдлаар хэрхэвч хандаж болохгүй. 3.1 сая иргэнийхээ өмнө хөгжлийг цогцлоох асар том хариуцлагыг бий болгох үүрэг хүлээсэн. Асуудлаа бид шийдээд явж байна. Итгэл нь алдарсан гадна дотны хөрөнгө оруулагчид энэ засагт итгэх байдал эрс нэмэгдэж байна. Дахиад асууя. Энэ Засгийн газрын яг юу нь болохгүй байгаа юм бэ. Үнэхээр болохгүй байсан юм бол бид өөрсдөө сайн дураараа ажлаа өгөөд явж чадах хүмүүс. Харин болж, бүтэж байгаа зүйлийг нураах гээд байгаа бол бид хамгаална. Би халуун гал тогоонд нь байгаа хүн. 65 гишүүний нэг нь. Тиймээс гарын үсэг зурсан гээд байгаа хэсэг хүний цаана ямар наймаа явж байгаа нь тодорхой.
-Ямар наймаа гэж. Өнөөх л сайдын суудал уу?
-Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгох ажилд нь дэмжлэг үзүүлээд шагналд өөрөө сайд болох. Эсвэл өөрийн хамсаатнаа дэд сайд, төрийн нарийн, агентлагийн дарга, Эрдэнэтээс эхлүүлээд төрийн өмчит компанид удирдлагаар тавих юм. Хууль бус хүсэлт тавьчихаад, бүтэхгүй болохоор энэ засаг миний бизнесийг дэмжихгүй байна гээд гарын үсэг зурсан гишүүн ч байна. Энэ засагт орж чадаагүйдээ харамсч, согтчихоод уйлж байсан нөхөр өнөөдөр нулимсаа арчаад шар хор тээн хор найруулж явна. Гэх мэт улайрсан зургаан гишүүн бий. Энэ хүмүүс 2016 оны сонгуулиар ард түмэн юу юу гэж амлаж тэдний итгэлийг аван гарч ирлээ дээ. Гарч ирчихээд иргэдийнхээ төлөөх зүтгэл нь энэ үү. Үнэхээр инээдэмтэй. Цаг нь болохоор хэн хэн сайд болно гэж, хэн хэн Дэд сайд, төрийн нарийн, агентлагийг өмчилж авна гэсэн улс төрийн зураглал гаргаж гарын үсэг зурсныг ил болгоноо. Энэ тэр чигтээ наймаа. Улс төрийн урвалтаас гадна бас нэг бохир нь энэ. Харин зарим нь Хүрэлсүх “топор” муужгайдсаныг мэдэж, түүнийг сая таньсан зарим нь гарын үсэг зурсанаасаа буцаж буй хүмүүс бас байна.
-У.Хүрэлсүх яг тэгээд эсрэг намынхаа хүнд үйлчилсэн юм уу?
-Өөрөө Бага хурал дээр үүнийгээ худлаа гээгүй. Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэгийг үзээд уурлах гэхээсээ илүү асар их гомдсон. Энэ нам 200 орчим мянган гишүүнтэй, итгэл үнэмшил дээр тогтсон нам юм шүү дээ. Өмнөөс нь ичмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг ёстой хэлэх үг олдохгүй юм. Зарчмынхаа хувьд ийм өөдгүй новш байж болохгүй. Ийм хүн л намын дарга болно гээд байгаа ш дээ. Би энэ ярилцлагаараа түүнийг эсэргүүцэх эсэргүүцлээ эхлүүлж байгаа гэдгээ хэлчихье.
-Өмнө нь тэгээд энэ талаар ярьж байхгүй яасан юм, та?
-Би өнөөдөр гэнэт дуугараад байгаа юм биш. 2015 оны хавар хэвлэлийн хурал зарлаад Ухнаа овогтой Хүрэлсүх нам, залуучуудыг холбоог задалж, самарч байна гэж хэлж л байсан. 2015 оны намын залуучуудын байгууллагын хүрээнд болсон асуудлууд Хүрэлсүхээс л болсон. 2015 онд мөн л намын даргад зүтгэх гэж хор найруулж байсныг харин тэр үед бид зогсоож чадсан гэж боддог. Тэр үед залуус бид задарч, улс төрийн зодоон хийж байсан. Гэхдээ бид адилхан л залуу хүмүүс. Үе тэнгийн залуус алдаж онохын алийг тэр гэхэв. Алдаа дутагдлаа засна, нөхөрлөлөө сэргээгээд явчихна. Хаях зүйлсээ хаяад, засах зүйлсээ засаад явах нь төр түмний төлөө ажиллаж байгаагий хувьд бидний үүрэг. Харин “топор” муужгайн хувьд бол үгүй болсон. Эргээд эвлэх, учир начираа ололцох тийм орон зай түүний муужгайдалтаас болж надад үлдээгүй. М.Энхболд дарга болон олон журмын нөхдийн буянаар өдий зэрэгтэй яваа хэдий ч эцсийн мөчид бүгдээс нь урвалаа. Үүнийгээ 60 тэрбумтануудаас урвалаа гэж төлбөртэй хэвлэлийн маркетинг явуулж байна. 2000 оны Их хурлын сонгуулиар тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхэлж намд хандив босгох нэрээр албан тушаалыг үнэлж эхэлсэн. Албанд очсон нөхдөөс мөнгө салгаж хувьдаа ч завьшиж, баяжиж байсан. Хүрэлсүх үүнийг тойроогүй. Би твиттертээ “Төрөөс тэрбумтан төрдөг бол ТББ-аас тэрбумтан төрдөг боллоо” гэж бичиж байсан нь энэ хүнд ч хамаарах асуудал. Тэр үед хүмүүс У.Хүрэлсүхийг хэлж байна гэж хардаж л байсан. Үгүй гэвэл Хүрэлсүх олон тэрбумын хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарла л даа. Олон жилийн өмнө 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлэгээр “Солонгост ажилдаг эгч маань надад мөнгө явуулдаг” гэж ярьж байсан. Эсхүл ямар ч бизнесгүй гэх хүн эгчээрээ тэжээлгэсээр байгаад тэрбумтан болчихов уу. Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаад өг. Чадахгүй бол би туслаад өгье. Намайг ингэж хэлсний төлөө тэр “топор” гүтгэлээ, нэр төр хохироолоо гээд хууль хяналтын байгууллагад өг л дөө. Тийм тохиолдолд би энэ бүгдийг нь хэлээд өгнө. Асуудал байхгүй. Бодохоор л дургүй хүрэх юм. Би цэргийн хүн байсан. Цэрэг байсан хүний ч хүү. Цэрэг хүн ямар байдгийг би мэднэ. Хүрэлсүх өөрийгөө цэргийн хүн, хурандаа цолтой гэж ярьж, зургаа авахуулах дуртай. Яахав, УИХ-ын гишүүд чинь Таван толгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. Тэгэж л хурандаа болсон. Ямартаа ч цэргийнхэн дотор өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг, шарвадаг хөгийн новш байдаггүй юм. Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм. Монгол цэргийн нэр хүндтэй дүрэмт хувцсыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй.
-Шадар сайдын ажлаа өгнө, тэгээд тэмцэнэ гэж Бага хурал дээрээ хэлсэн гэсэн. Үнэн үү?
-Тийм. Хэлсэн болохоос өгөөгүй байна. Одоо харин нэг мөр Хүрэлсүх намаас гарах өргөдлөө хамт өгөөд өөрийнх нь тэнэгтэлтэнд бий болсон МАХН-даа орно уу, яана уу бүү мэд. Ямартай ч намаас зайлах хэрэгтэй. Өрөөлтэй тэмцэх биш өөрийнхөө арчаагүй байдалтайгаа тэмц. Бага боловч ухаан байдаг бол зас. Намдаа, төр засагтаа үзүүлж болох ганц гавьяа нь өөрөө өргөдлөө өгөөд, намын гишүүдээс уучлалт гуйгаад явах нь хамгийн зөв арга. Хэрэв тэгвэл би энэ хүнтэй ядаж мэнд устай зөрнө. Түүнд үлдсэн ганц зөв арга зам нь энэ. Зүгээр л зайлаад өг. Эсхүл улс төрөөс хол бай. Тэтгэвэртээ гар. Нүгэл их үйлдсэн хүн. Буян хийж дэнслэх талын зүйл бод. Улс төрөөс хол байснаараа бараг буян болно доо.
-Цаашдаа ер нь юу болох бол?
-Ойлгомжтой ш дээ. Энэ ярилцлага гармагц “топор”-ын цэргүүд хэвлэлд мөнгө хаяж түгээлтийг зогсоох гэж үзнэ. Намайг дайрч доромжил гэж төлбөртэй мэдээлэл цацна. Залгаад намрын урт шар улс төртэй өдрүүд үргэлжилж өвөлтэй золгоно. Дөнгөж эхэлж байна.
Ярилцсан Э.ЭНХБОЛД
Эх сурвалж: Өдрийн сонин
-
2017 оны 8 сарын 18
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай Боинг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон байна.
-
2017 оны 8 сарын 18
Өнөөдрийн зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын“Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын биелэлтийн талаар нарийвчлан ярилцаж, яамд болон аймаг, нийслэлийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын уялдааг сайжруулах, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал үргэлжлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэх нөхцөлд манай орны хүн амын хүнсний хэрэглээг голлон хангаж байдаг мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн хохирол багатай авч гарах талаар цаашдын бодлого, зорилтоо төлөвлөх зэрэг асуудлуыг ярилцаж, зөвлөлдөх юм. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын гишүүд оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Өнгөрч буй хавар, зуны сарууд ХАА-н үйлдвэрлэлийн хувьд таатай сайхан байсангүй. Нийт нутгийн 20 гаруй хувь нь гантай, 50 гаруй хувь нь гандуу байлаа. Хэт халуун өдрүүд үргэлжилж, гандуу, хуурайшилт ихтэй байснаас бэлчээр, хадлангийн ургац оройтож, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээл зэрэг таримал ургамлын ургац ч буурч байна. Мал сүрэг бүрэн гүйцэд тарга хүч авахгүйд хүрч, малчид зуншлага боломж төдий байгаа аймаг сумдын нутаг руу нүүж, шилжилт хөдөлгөөн эхлээд байна. Үүнийг дагаж мал, амьтны халдварт өвчин тархах байдал гарч эхэллээ. Иймд бид ирж байгаа намрын саруудад өвөлжилтийн бэлтгэлийнхээ дутууг гүйцээхэд урьд онуудынхаас илүү анхаарах шаардлагатай байна.
Хаваржилт, зуншлагын байдалд дүгнэлт хийж Монгол Улсын Засгийн газраас “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргаж, Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтын бэлтгэлийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулан ажиллах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг хойшлуулшгүй чухал асуудлуудыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан.
Хот, төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлууд төлөвлөгөө, хуваарийн дагуу явагдаж байна. Сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг зэрэг төсвийн байгууллагын засвар үйлчилгээний ажлыг ойрын хугацаанд дуусгах хэрэгтэй.
Хүйтний улиралд хот, төв суурин газруудыг эрчим хүч, дулаанаар жигд хангах, эдгээр байгууллагад ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа жигд явуулах бэлтгэл, нөөц боломжийг хангаж ажиллахад анхаарах хэрэгтэй” гэлээ.
Мал отроор өвөлжих газруудтай харилцан зөвшилцөж, гэрээ хэлцэл хийхэд туслалцаа үзүүлэх,хадлан бэлтгэх боломжтой аймгуудад бусад аймаг, сумаас хадлан бэлтгэх талаар гэрээ хийх, зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх болон мал, мах бэлтгэх, борлуулах ажилд онцгой арга хэмжээ авч, дотоодын махны үйлдвэрүүдтэй аймгуудаас мал, мах нийлүүлэх гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт анхаарах хэрэгтэйг ч онцолсон юм. Зөвлөгөөн үргэлжилж Төрийн ордонд үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 18
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад,
”М.Энхболд та
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож нийт сонгогчдын итгэлийг хүлээж чадаагүй билээ. Таны ялагдлын гол шалтгаан болсон ”60 тэрбумтай” холбоотой асуудлыг манай нийт ард иргэд бодит баримт гэж үзэж байхад ”эвлүүлэг” гэж ярьж буй хүн Монголд Та ганцаараа үлджээ. Та МАН-ын Улсын Их Хурлын дарга биш харин Монгол Улсын Их Хурлын дарга. Тиймээс Монгол төрийн албыг наймаалцах асуудлыг монгол төрийн түүхэнд оруулж ирсэн учраас ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэдгийг Танд анхааруулж байна.
Ж.Эрдэнэбат та
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нийт иргэдийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагаанд тавьж байгаа үнэлгээ 2016 оны сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөрт чихэр бурам шиг олон зүйл амласан. Гэвч УИХ-д олонхи болж Засгийн газар байгуулагдмагцаа хүүхдийн мөнгийг танаж, хэд хэдэн төрлийн татвар нэмсэн хэрнээ сайд нарынхаа зардлыг 400 тэрбумаар нэмж дэд сайдын албан тушаалыг саргээж, өөрсдийн шүүмжилж ирсэн ”давхар дээл”-ний асуудлаа ор тас мартсаныг иргэд эсэргүүцэж байна. Улс орон даяар зуншлага муу, хадлан бага, зуд болох төлөвтэй энэ хүнд үед намын дотоод асуудлаар хэрүүл хийн цаг алдаж байна. Та нарын сандал ширээ булаалдсан хэрүүлээр ард түмэн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхгүй, багш нарын цалин мэмэгдэхгүй, малчид өвлийг өнтэй давахгүй. Намын нөхдөө тагнахаас илүүтэй намрын ypraц хураалтанд анхаар, өрсөлдөгчөө чагнахын оронд өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханга. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, олборлолт огцом өссөн энэ үед Таны толгойлсон кабинет ажилдаа бүтээлчээр хандаж, улс орны хөгжил дэвшлийг хурдасгах томоохон бүтээн байгуулалтүудыг хөдөлгөж, ард иргэдийн сайн сайхны төлөө ханцуй шамдан ажиллахыг шаардаж байна.
С.Бямбацогт та
Улс гүрэн оршин тогтнох үндсэн амин сүнс бол хууль сахих, шударга ёсыг тогтоох байдаг. Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц “60 тэрбумын” асуудал нийгмийн дургүйцэл уур хилэнг өдөөж, шударга ёсыг нийтээрээ шаардаж байхад хууль зүйн салбарын сайд Та байр сууриа огт илэрхийлсэнгүй. Таны удирдаж буй яамны харьяа Цагдаагийн байгууллага огт ажиллахгүй байна. Монгол Улсын хуулийн салбарыг хариуцаж байгаа сайдын хувьд нийгмийг цочроосон дээрх асуудлыг үнэн баттайгаар шийдэхийн тулд хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж хариуцлагатай ажиллан, буруутай этгээдүүдэд хуулийн хатуу хариуцлага тооцож ажиллахыг шаардаж байна.” гэжээ.
-
2017 оны 8 сарын 18
Цаг уурын байгууллагаас 2017 оны 08 дугаар сарын 19-20,22-нд ихэнх нутгаар, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэйг мэдээллээ.
Зуны амралт, аялал зугаалгын цаг дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.
Түүнчлэн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нуурын усны түвшин нэмэгдсэн байгаа тул иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангах, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжилж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.
Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2017 оны 8 сарын 18
Дэлхийн 162 орны 12500 орчим тамирчин оролцох оюутны зуны ”Универсиад” наадам Тайвань улсын Тайпэй хотноо өнөөдөр эхэлнэ.
”Универсиад” наадамд 7369 тамирчин спортын 19 төрлөөр өрсөлдөх бөгөөд “Чиний төлөө, залуусын төлөө” уриатай энэхүү наадмаас 275 багц медалийн эзэд тодрох аж.
Манай улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорино. Одоогоор туялзуур сэлэм, таеквондо, хүндийн өргөлт, жүдо, усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх 32 тамирчин Тайвань улсад очоод байна.
Тус наадам энэ сарын 30 хүртэл үргэлжлэн явагдана.
-
2017 оны 8 сарын 18
Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дүгээр захирамж гарсан.
Уг захирамжийн хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, 3 ээлжээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Төмөр замын төв буудал, Дүүргүүдийн худалдааны төвүүд, Баянгол дүүргийн “Тоса” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн 7 буудал, Баянзүрх дүүргийн Гачуурт, Чингэлтэй дүүргийн Гүнт болон нийслэл дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт эргүүл гарч ажиллаж байгаа юм.
Тухайлбал, хяналт, шалгалтын явцад өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний тарваганы мах хууль бусаар нийслэл рүү оруулахыг завдсан этгээдийг саатуулсан байна.
Хөвсгөл аймгаас гарсан автомашинаас 30 ширхэг тарваганы түүхий мах авч явсныг илрүүлэн хураан авч Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 18
Сонгуулиар МАН-ын гаргасан алдарт эшлэлүүдийн нэг нь ”Сарандаваагийн цагаан цааснуудад юу ч гэж хэлсэн яадаг юм”! Энэ хэлцийг алхам тутамдаа нотлох хэрэг юун! Тэд өдгөө ч цагаан цааснууд дээрээ юу хүссэнээ бичсээр л байна. Ярианы бичлэгийг Херо Баатар тараасан гэсэн манипуляцийг цав цагаан цааснууд дээрээ бичиж байна. Үүнийг ойлгоход ухаантай байх шаардлагагүй, эрүүл хүний энгийн логик сэтгэлгээ л хангалттай. Энэ талаар манай хүний бичсэнийг уншаарай.
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=297812094025976&id=100013915629333
Энэ сэдвээр чимээгүй байсан нь дээр гэж нэг нөхөр надад зөвлөв. Мэдээж ухаантай зөвлөгөө. Гэхдээ заримдаа би ийм новшийн ”ухаалаг байдал”-ыг үзэн яддаг. Гүтгүүлэн доромжлуулж, бусдын үйлийг нуруундаа үүрээд шоолон тавлах, доромжлох, үзэн ядах, бас өрөвдөн үл итгэгч, эргэлзэгчдийн дундуур ганцаархнаа дотроо шаналан уйлан алхаж үзсэн хүн учраас би зориуд дуугарч байгаа юм. Үүнийг биеэрээ туулсан би дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ? Үнэнийг мэдэх, үгүйдээ л намайг мэдэх хүмүүс өмгөөлөх болов уу гэхэд чимээгүйхэн нуугдахыг харж суух гашуун юм билээ. Тийм учраас би дуугарч байгаа юм! Сэтгэлдээ бугласан шархаа сэдрээн байж Баатарыг өмгөөлөн дуугарч байгаа юм, тавлан доромжлогчдын бахыг ханган байж түүнийг хамгаалж байгаа юм!
Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг утаснаасаа чуулганы танхимд намынхандаа үзүүлээд хөөрч явсан, цааш улстөрийн ашиг хонжоо хайж дамжуулсан нийслэлийн засаг дарга Су.Батболд энэ үйлдэлдээ дотроо гэмшиж, цайруулах арга байдаг бол хэрэглэхийг хүсдэг байх гэж би дотроо энэ хүнийг цагаатган боддог. Тухайн үед нь олон хүн надад түүнийг гэж хэлсэн ч ”Хүний үгээр хүн чирээд яахав, үүрээд л гаръя, яваандаа учир нь олдоно биз” гэж бодсон, бас тэр үед түүнийг гэж би дотроо итгэж өгөхгүй байсан юм. ”Хэлсээр байхад чи надад итгээгүй дээ...” гэж гомдсон МАН-ын нөхөд ч бий. Баталгаатай итгэж үнэмшсэнийхээ дараа би тэднээсээ уучлал гуйсан.
Бичлэгийг Баатар тараагаагүй! Одоо түүнийг бичлэг хийгээд тарааж явдаг новшийн амьтан гэж нийгмээрээ үзэн ядахыг хэн нэг этгээд хүсч байна. Тийм арчаагүй амьтдын бах тавыг хангахгүй байх ухаан хүмүүст байх ёстой. Хэрэв та хүн биш цагаан цаас бол нэмэргүй л дээ... Тэд бичнэ, тэгээд л гүйцээ!
Би Б.Баатарыг сайн мэдэхгүй ч өнөөдрийг хүртэл хүн таньж ирсэн туршлагаараа өөрийн үнэлэмжтэй болсон. Тэр цайлган, дэврүүн залуу. Яг үнэндээ түүн шиг цайлган хүн ийм машинд ашиглагдчихдаг. Маш ажилсаг, мэдрэмжтэй, эрч хүчтэй, зохион байгуулах өндөр чадвартай юм билээ. Хэн хүнтэй эвийг нь олж харилцаж чаддаг, хүний сайн, сайхан чанарыг олж харж чаддаг, архи дарс огтхон ч хэрэглэдэггүй. Б.Баатар улстөрч биш уран бүтээлч учраас түүнийг ”унших” тийм ч төвөгтэй биш. Нөхцөл байдлаа тэр бүрэн ойлгогдохуйцаар тайлбарлаж чадахгүй дотроо шаналж суухтай нь өнөөдөр таарлаа. Ээж нь Баатар руу залгаад ”Миний хүү юу л хийгээд байна даа...” гэжээ. Энэ л үг түүнийг сүхдэх шиг болж.
Тиймээ, яг л ингэдэг юм. Жил гаруйн өмнө ээж минь бас надад ингэж хэлэхэд л бичлэгийн тухай надад тохсон домог намайг хэрхэн хорлосныг ойлгож маш ихээр гутарсан билээ. Тэр үед өөртөө ”Чи ийм юманд сөгдөх юм бол ямар улстөрч, юуны тэмцэгч байдаг юм бэ? Хийгээгүй л юм чинь бардам бай, цаг хугацаа өнгөрөхөд үнэн илэрнэ. Энэ зэргийн шалгуурыг давахгүй бол эндээ зогсоод л үлдэх болно!” гэж өөртөө хэлээд зовлонгоо өөртэйгээ хуваалцан нимгэлж явсан юм.
Ийм л үед хүнд өмгөөлөл, хамгаалал, өмөг түшиг, жинхэнэ ҮНЭН хэрэг болдог юм билээ...
Анд минь чи өөдрөг бай! Баатар бай! Ариун нандин бүхнийг чинь олны өмнө эрээ цээргүй дэлгэж дэвслэн туучиж бах таваа хангаж чамайг тавлаж байхад чи бас тэсээд л гарсан! Ийм мэтийн зүйлийг олон нийтэд нэгбүрчлэн тайлбарлах төвөгтэй, бас боломжгүй зүйл ч байдаг! Цаг хугацаа өнгөрөх тусам шударга үнэн тодорч БИД өөдөө сэхэж, харин өрөвдмөөр ТЭДний айдас түгшүүр нэмэгдэн навтайн явцгаадаг юм байна! Энэ бол сорилт! Чи давж чадна аа. Өөрийгаа сорих сорилоос гадна бусдыг ч бас сорих сорил юм билээ...
Нүүр номын найзууд минь, ”Цагаан цаас” л битгий байгаарай! Аливаад эргэлзэж сурна гэдэг бол хүний ухаантай байгаагийн шинж!
-
2017 оны 8 сарын 18
Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Уг шийдвэр хэрэгжиснээс хойшхи 2 хоногийн үр дүнг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр Замын цагдаагийн албанаас танилцууллаа.
Замын цагдаагийн албаны дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатын танилцуулснаар зүүн эргэхийг хязгаарласнаар уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ. Тухайлбал, зүүн 4 замын уулзвараар 8 дугаар сарын 14-ний өдөр нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол 8 дугаар сарын 15-ны өдөр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Бусад уулзварын нэвтрэх чадвар хэрхэн сайжирсныг доор үзүүлэв.
-
2017 оны 8 сарын 18
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргажээ.
-
2017 оны 8 сарын 18
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон шийдвэрлүүлэх хүсэлтэй ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн автбусаар дунджаар ажлын өдөр 318 мянга 958 хүн 759 мянга 921 удаа, амралтын өдөр 201 мянга 17 хүн 442 мянга 651 удаа зорчиж байна. Нийтийн тээврийн төлбөрийн систем цахим хэлбэрт шилжсэнээс хойш 1 сая 271 мянга 47 карт борлуулагдсан байна. 2017 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар ашиглах боломжтой картын тоо 1 сая 47 мянга 215 байгаа юм.
Улаанбаатар хотын хэмжээнд U money карт цэнэглэх, борлуулах 492 гэрээт цэг, Нийслэлийн нэгдсэн худалдааны төвүүдэд болон өөрийн байран дээр 4 хэрэглэгчийн төв ажилладаг. Гэхдээ карт цэнэглэх, борлуулах гэрээт цэг автобусны зогсоол дээрх, эсвэл ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүдэд байдаг боловч эдгээр цэгүүд нь дурын цагтаа онгойж, хааж байгаа нь хүндрэлтэй байдгийг иргэд хэлсэн байна. Мөн нийслэлд зорчигч урсгал ихтэй ч гэрээт цэг байгуулах боломжгүй ТҮЦ, дэлгүүргүй автобусны зогсоол олон байдаг учраас зарим байршилд нэмж карт цэнэглэх цэг байгуулах саналыг Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 18
10:00 цагт: Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Данзанравжаа” Олон улсын яруу найргийн наадмын нээлт болно. Уг наадамд оролцохоор 40 гаруй улсын 240 гаруй яруу найрагч иржээ.
11:00 цагт: Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвөөс зохион байгуулах ”Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги систем”-ийн танилцуулга Ашигт малтмал, газрын тосны газрын 3 давхарт болно.
12:00 цагт: Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт”-ын талаар “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.
Хаана: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр, Live conference center төвд болно.
15:00 цагт: Сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнуудад Диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д болно.
17:00 цагт: Зураач Ч.Солонгын ”Солонгын долоон өнгө” монгол зургийн үзэсгэлэн ”Бум арт” галерейд нээгдэнэ.