-
2017 оны 6 сарын 23
ОХУ-ын агшилт ба Хятадын тэлэлт
1985-оноос ЗХУ-ын дотоодод асуудал үүсч, улмаар 1991 онд ЗХУ задран унасан билээ.
Одоо ч ОХУ нь Украйнаас Крымыг нь булааж авснаас болж баруун талдаа асуудалтай байна. Товчоор хэлбэл: Олон улсын зүгээс хориг тавигдснаас болж, ОХУ-ын цэрэг эдийн засгийн орон зай нь агшиж байна.
1980-оноос Хятадын төр засаг нээлттэй бодлого барьснаар Хятадын эдийн засгийн хүч чадал нэмэгдэн, Одоо бүс нутагтаа тэргүүлэх хүчирхэг гүрэнд тооцогдох болжээ.
Улмаар Хятадууд цэрэг эдийн засгийн орон зайгаа гадагшаа тэлэх байдалтай байна.
Хятадын энэ тэлэлт Монгол улсад ч нөлөөлж, манай эдийн засгийн 90% нь Хятадаас хамааралтай болсон.
Сүүлийн үед Монгол улс Хятадаас зээл авч, үр дүнд нь улс төрөөрөө Хятадаас хамааралтай болох шинж тэмдэг тод ажиглагдана.
Хятадын тэлэлтийг сааруулах хүчин зүйл маш цөөн аж. Хятадууд Хойд Кореан асуудалд гүнзгий татагдан орж АНУ-тай хүчтэй сөргөлдвөл Хятадын тэлэлт үгүй болж мэднэ.
Сүүлийн үед АНУ нь Хятадын тэлэлтээс болгоомжлон, Хятадыг тойрсон цэрэг улс төрийн холбоогоо бэхжүүлэхийг хичээх болсон нь харагддаг.
Япон, Өмнөд Кореа, Тайвань, Вьетнам, Энэтхэг, Кыргыз (Монгол) гэх улсууд нь Хятадын эсрэг АНУ-ын холбоотон гэхээр улсууд юм. Эдгээр улсуудтай АНУ-ын дээд түвшний ноёдын хийсэн уулзалтуудын тоо сүүлийн үед олон болсныг тэмдэглэе.
Энэ дотроо Япон, Өмнөд Кореа, Тайвань, Вьетнам Энэтхэг нь бодитой цэргийн хүчтэй Хятадын эсрэг сөрөн тэмцэх чадвартай улсууд юм.
Хятадууд ч бас зүгээр суусангүй. Шанхайн Олон улсын байгууллага гэх холбоогоо бэхжүүлэхийг хичээж байгаа нь харагддаг.
Монгол улсын хувьд одоохондоо энэ хоёр хүчирхэг эвслийн алинд нь ч орчоогүй байна.
Бидэнд Хятадын тэлэлтийг зогсоох зорилготой АНУ-ын тэргүүлсэн эвсэл нь хэрэгтэй боловч, Монгол улсын байрлал бидэнд тэр эвсэлтэй хамтран ажиллах боломжийг олгохгүй байна гэж ойлгох хэрэгтэй.
Монголоос холхон зайтай ямар нэгэн мөргөлдөөнд Хятадууд татагдан орох, эсвэл өмнөд мужуудад нь асуудал үүсвэл Хятадын тэлэлт зогсож, улмаар агшиж мэднэ. ккк
Хятадын тэлэлт зогсох болтугай гэж бид бурхандаа залибарч суух нь хамгийн зөв бодлого байх. ккк
Монгол улсын хувьд Байр сууриа илэрхийлэхгүй байна гэдэг нь Монгол улсын барьж байгаа байр суурь гэхээр ажээ.
-
2017 оны 6 сарын 08
Зохиолч Б.Наминчимэдтэй ярилцлаа.
-20 боть роман бичнэ гэдэг миний хувьд боломжгүй, бас солиотой явдал-
-Саяхан хэвлүүлсэн “Аугаа эрин: Хөх илдний очис” роман тань уншигчдын төдийгүй мэргэжлийнхний ч анхаарлыг татаж байна. Энэ романаа бичих санаа хэзээ гарав?
-2004 онд “Хубилайн сүйдсэн флот буюу Шулмын салхи” нэртэй түүх, уран сайхны нийтлэл бичсэн юм. АНУ-ын баруун эргийн Элээд амьдардаг танил маань тэр нийтлэлийг уншаад “Үүгээр кино хийвэл маш сайхан кино болох нь ээ. Өнөөдөр Холливүүд сэдвийн өлсгөлөнд гүн орсон. Ойр хавийн хамаг сэдвүүдээ мөлжөөд дуусаж байна. Харин чи энэ нийтлэлээ кино зохиол болговол надад Холливүүдэд таньдаг найруулагч бий. Би үзүүлье. Бүтэж ч юу магад” гэсэн юм. Тэгээд урам ороод кино зохиол бичих гэж тэр үед оролдсон. Бүр Холливүүдийн Кино зохиолчдын гарын авлага гэдэг хоёр хуруу зузаан номыг хүртэл олж аваад уншсан.
Гэвч би чадаагүй. Түүх, уран сайхны нийтлэл бичих нэг хэрэг, харин тэр том үйл явдлыг ул суурьтай, итгэл үнэмш бичнэ гэдэг тун амаргүй болохыг ойлгосон юм. Наад зах нь гэхэд тэр цагийн монгол далайчдын зэвсэглэл, хүнс юу байсан юм, ямар дохио зангаа хэрэглэдэг байсан бэ, япон дайчид яаж жагсдаг, солонгос хийгээд Сүн улсын дайчид ямар хувцастай байсан гэх мэтээс эхлээд Их Монгол улс, Япон, Солонгос, Хятадын Сүн гэх мэт зүүн болон зүүн өмнө Азийн улс орнуудын улс төр, цэргийн ажиллагаа ямар байсан гэх мэт маш олон зүйлийн талаар үнэхээр мэдлэг дутуу байгаагаа ухаарсан. Зүгээр нэг юм бичээд гаргаж болно л доо. Гэхдээ л ийм том түүхэн үйл явдлын тухай тийм нимгэн мэдлэгээр, бас хөнгөн хуумгай бичнэ гэдэг бол тэр их түүхээ зүгээр л үл хүндэтгэсэн төдийгүй доромжилж буйтай адилхан зүйл болно.
Тэгээд зогсохгүй Японд манай их цэрэг дайран орсон тэрхүү үйл явдал нь Юань гүрний гадаад бодлого төдийгүй XIII зуунд ялан мандсан Их Монгол гүрний язгуур үзэл санаатай гарцаагүй холбоотой болохыг ойлгосон. Тэгэхээр зөвхөн ганц тэр үйл явдлыг таслан үзүүлэхэд ч ихээхэн учир дутагдалтай болж байгаа юм. Тэгээд судалгаа хийж эхэлсэн.
10 гаруй жил өөрийн хэр хэмжээндээ судалж, сонирхож уншсаны үр дүнд ер нь Их Монгол гүрний мөн чанар нь нэг тийм юм байна, түүнийг харуулахын тулд бүр Хамаг Монголын үеэс буюу өнөөх “Одтой тэнгэр орчиж, Олон улс хямралдаж” байсан хүнд хэцүү цаг үеэс эхлүүлэх хэрэгтэй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон юм.
Хэдий өнөө миний судалсан, уншсан маань чамлалтай ч одоо хойш тавилгүй, бас өөрийгөө гололгүй бичих цаг болсон гэж үзээд өнгөрсөн намар суусан даа.
-Та яг романаа хэдэн сар, жил сууж бичив? Таныг 10 жил бичсэн гэж дуулсан.
-Хэдий арав гаруй жил бодож, эрж хайж, төлөвлөж, янз бүрийн дүр цээжин цаанаа төсөөлж явсан ч яг бичих нь өнгөрсөн оны 10 сарын сүүлээр суугаад энэ оны 1 сарын сүүлээр дууссан. Гурван сар гаруй хугацаа юм уу даа. Түүнээс биш 2004 оноос хойш тасралтгүй бичээд байсан гэсэн үг биш шүү дээ. Ер аливаа зохиол бүтээл гэдэг бол уран бүтээлчийн тэр зохиолыг бичих үе хүртэл хураасан мэдлэг, амьдралын туршлага, ур чадвар, өөр юу байдаг билээ, тэр бүхний үр жимс нь. Хэрвээ 10 орчимхон жилийн туршлага, мэдлэгээр бичиж буй бол харин ч бага хугацаа, олигтой ч бүтээл туурвил гарах нь юу л бол. Тэгээд ч энэ их үйл явдлын тухай тийм хөнгөн гоомой хандаж боломгүй дээ.
-“Аугаа эрин” нэгдүгээр дэвтэр гэсэн байна лээ. Цаашдаа үргэлжилнэ гэсэн үг үү?
-Үргэлжилнэ. Миний төсөөлж буйгаар 1170-аад оноос 1280-аад он хүртлэх 108 орчим жилийн хугацаанд Евразид өрнөсөн тэр их үйл явдлын тухай тодорхой хэмжээгээр илэрхийлэх учир нэг хоёр ботид багтах боломжгүй юм. Юутай ч 5 боть болох болов уу. Гэхдээ эхнийхээ ботид хичээгээд хичээгээд дөрөвхөн жилийн үйл явдлыг багтаав. Энэ янзаар бол 5 биш 20 гаруй боть болж ч мэднэ.
-Тэгэхээр бид 20 боть роман уншиж магадгүй нь ээ?
-Өө, надад бол тийм бодол огтхон ч алга. 20 боть роман бичнэ гэдэг миний хувьд боломжгүй, бас солиотой явдал. Яаж ийгээд 5 орчим ботид багтаахгүй бол болохгүй. Их сайндаа 8 боть болно. Нэг зохиол бичих гээд хамаг амьдралаа зориулчихна гэж юу байх вэ? Надад өөр бичихээр сэдэв, санаа бишгүй байна. Бас дээр нь цаг хугацааны хувьд ч боломжгүй. Би роман бичих гээд 30 жил нухсан Гончаров биш шүү дээ... Надад тийм тэсвэр тэвчээр болоод боломж нөхцөл огтхон нь ч байхгүй.
-Та дараагийнхаа ботиудыг хэдийд уншигчдын гар дээр тавихаар бодож байна вэ? Уншигчид нэлээд нэхэж, үгүйлж байгаа нь анзаарагддаг.
-Бас л хэцүү асуулт байна. Уг нь би энэ наадмын өмнө 2-р ботио, шинэ жилээс өмнө 3-ыг нь, ирэх онд үлдсэн 2 ботийг нь биччихнэ гэсэн бодолтой байсан. Гэвч аж ахуйн ажилтай зууралдсаар байгаад 3, 4, 5 гэсэн гурван сарыг алдчихлаа. Ийн цаг хугацаа алдах хэрээр цээжин цаана байж ядсан харуусал халаглал төрж буйг мэдэрдэг. Гээд яахав. Юутай ч энэ ойр зуурын ахуй амьдралын жижиг сажиг асуудлыг цэгцэлж авахгүй бол бас тухтай бичиж чадахгүй шүү дээ. Гэхдээ хэдий 3 сар алдсан ч ямар нэгэн саад садаа л тохиолдохгүй бол энэ ондоо багтааж 2 болон 3-р ботиудыг биччихнэ гэсэн итгэл бол байна.
ҮНДЭСТЭН ОЙ САНАМЖАА АЛДАХ АЮУЛЫГ БИД АЛХАМ ТУТАМДАА САНАЖ БАЙХ ЁСТОЙ
-Түүхэн уран сайхны бичлэгийн хөгжлийн эрин үе ирж байна гэж судлаачид ярих болов. Энэ талаарх таны бодол? Та ч бас тийм түүхэн нийтлэлүүд цөөнгүй бичсэн санагдана. “Бат, Сүбээдэй нар Дорнод Европт”, ”Айн-Жалудын домог”, “Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот” зэрэг цөөнгүй нийтлэлүүдийг тань уншигчид сайн мэднэ.
-Яах аргагүй түүхийг уран сайхны нийтлэл хэлбэрээр илэрхийлдэг туурвилзүйн хүчирхэг урсгал түрээд ороод ирлээ. Түүх дангаараа уншигчдад хүрэх нь бага, цөөхөн мэргэжлийнхэн л уншина. Харин түүхийн тэр олон баримт, логик, үзэл санааг уран сайхнаар, гэхдээ түүхэн гольдрилоос нь гаргалгүй, гажуулалгүй бичих аваас маш олон уншигчдад хүрч байна. Уншигчид ч дан уран зохиол, эсвэл дан түүх уншихаас илүүгээр тийм төрлийн бүтээлд татагдах болсон нь анзаарагддаг.
Ийм төрлийн нэг том төлөөлөл бол монголчууд бидний сайн мэдэх Жак Уэтерфорд байна. Хэдий түүх судалгаа талаасаа учиргүй өндөр түвшний биш ч жирийн уншигчдад түүхийг хүүрнэн хүргэж чадаж байгаа амжилтаараа маргашгүй юм.
-Манай түүхчид, судлаачдаас Жек Уэтерфордын номонд шүүмжлэлтэй хандаж буй нь бас хааяа сонсогддог?
-Түүхийн зарим гаргалгаатай нь санал нийлэхгүй тал бий. Гэхдээ монголчуудын хувьд Жак Уэтерфордод бидний түүхийг дэлхий дахинд хамгийн үр бүтээлтэй хүргэн эерэгээр сурталчилж чадсанд талархах ёстой. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном нь л гэхэд 36 оронд, хэдэн сая хувиар хэвлэгдсэн. Энэ ном бүхний цаана монголын түүхийн сурталчилгаа, мэдлэг, мэдээлэл түгэж байгаа. Хамгийн гол нь Жек монголын түүхийг маш эерэг талаас нь харж, тайлж, монгол хүний зүрх сэтгэлээр бичсэн. Манай түүхийн талаар бичсэн гадны эрдэмтэн судлаачдын үнэмлэхүй олонхид нь дутагддаг нэг зүйл бол Монголын түүхэнд их харь хөндий хандаж, бидний сэтгэлгээ, ахуй соёлын онцлог байдлыг огт үл анзааран өнгөрдөг явдал юм. Харин Жекийн хувьд эсрэгээрээ. Монголын төр ч түүний гавьяа зүтгэлийг үнэлж одонгоор шагнасан.
Түүхийг уран сайхны нийтлэл хэлбэрээр сонирхолтой бичих нь ямар их үр дүнтэй болохын тод жишээ энэ. Харин манай түүхчид эрж олсон арвин баялаг, нэн сонирхолтой баримтуудаа эгэл жирийн уншигчдад хүргэх талаар учир дутагдалтай. Гэтэл авьяастай сэтгүүлч, зохиолчдод нь түүхэн мэдлэг илэрхий дутдаг. Тэгэхээр би түүхчдэд Жекээс үлгэр аваасай, зохиолчдод түүхээ сайн судлаасай л гэмээр...
-Манай түүхэн зохиол бичиж буй зохиолчдын түүхийн судалгаа хэр далайцтай байдаг вэ?
-Далайцтай судалгаа хийж бичдэг зохиолчид манайд бий шүү дээ. Б.Ринчен гуайн “Заан Залуудай”-г уншихад л мэдэгдэнэ. Бид тэр чулуун зэвсгийн үед аялаад ирсэн мэт болно. Мөн “Зүрхний хилэн”, “Манан будан” зэрэг олон түүхэн роман бичсэн Ж.Пүрэв гуайн судалгаа нөр их болох нь анзаарагддаг. Т.Мандир ахын судалгаа ч бас нясуун, гайхаж алмайрмаар шүү.
-Та уран зохиолын түүхэн танин мэдэхүйн ач холбогдлын тухайд юу хэлэх вэ?
-Зарим тохиолдолд мэргэжлийн түүх бичлэгээс ч илүүгээр тухай цаг үеийг түүхэн зохиол тодорхойлох нь бий. Марксыг эдийн засгийн засаглалын мөн чанарыг нээсэн алдарт “Капитал”-аа бичихэд нь тухайн үеийн толгой эдийн засагч Прудоноос илүүгээр Бальзакийн нийгмийн романууд тус болсон тухай дурссан байдаг. Дундад зууны Европын сэтгэлгээний маш өвөрмөц онцлог, хандлагыг “Дон Кихот”-оос л харахаас биш ямар нэгэн түүхийн судалгааны бүтээлээс олж харахад бэрх.
Эртний Мисирийн түүхийг түүхийн сурах бичгээс илүүгээр Пруссын цуврал роман барим тавим өгүүлж магадгүй. Ромын хүчирхэг гүрэн мөхөн унасан шалтгааныг Синкевичийн роман илүү тодорхой харуулдаг, Парисийн коммуны гал бадарсан урианы цаана юу болсныг А.Франсын “Ундаассан бурхад”-аас, Туркийн эзэмшлийн үеийн Балканы хойгийн ард түмний амьдралын нарийн ширийнийг Иво Андричийн “Дарина голын гүүр”-ээс мэдэж болох шүү дээ. (Энд зөвхөн сонгодог зохиолуудын тухай яриа юм. Түүнээс биш түүхэн зохиол бүхэн танин мэдэхүйн хувьд ийм өндөр түвшинийх байдаггүй. )
-С. Молор-Эрдэнэ филисофич “Чингис хаан Монголд юу ч бүтээгээгүй...” гэлээ. Ер нь Монголын түүхийг гадаадад төдийгүй дотооддоо ч үгүйсгэх хүн байдаг?
-С. Молор-Эрдэнэ докторын хувьд ямар санаагаар тэгж хэлснийг мэдэхгүй юм. Огт мэдэхгүйдээ тэгж хэлсэн гэдэгт эргэлзэж байна. Зориудаар өдөөж, цочоон сэрээх гэсэн ч байж магадгүй. Түүнээс тийм энгийн зүйлийг мэдэхгүй баймааргүй.
Ер нь монголынхоо түүхийг үгүйсгэдэг, ерөөсөө түүх хэрэггүй гэж үздэг, зөвхөн эдүгээ цаг үеэс, өнөөдрөөс л маргааш эхэлнэ гэж ойлгодог харалган байдал манай залуучуудын дунд үзэгдэл хэмжээнд харагдаад байна. Бидний үндэстэн уг язгуураа онож мэдэхгүй бол хаана ч хүрэхгүй. Хөгжих ч үгүй. Үүнийг хэрхэн яаж ойлгуулахыг би мэдэхгүй байна. Харалган мэдлэггүй байдал нь хөөргөн дэвэргэнтэй нийлэхээрээ жинхэнэ төөрөгдөл, туйлшрал болох юм. Зарим нь бүр зориудаар ч монголын түүх, өв соёл руу нулимж байна. Харамсалтай л...
-Түүх өв соёлоо танин мэдэхийн ач холбогдлын талаар та залууст хандаж юу хэлэх вэ?
-Олон учир шалтгаан бий. Юуны өмнө үндэстэн өөрийнхөө онцлогийг хадгалсан тусгаар улс байхын нэг тулгуур багана нь түүх соёл. Түүх соёл, өв үгүй бол бид нэг л мэдэхэд харийн соёлд автаж, харийн бодлогын золиос болж, үндэстэн мөхнө. Тийм гашуун явдал дэлхийн түүхэнд цөөнгүй байсан. Бидэнд ч нэг бус удаа туршиж байв. Манж болоод хятадууд монголчуудын түүх, өв соёлыг баллуурдаж, түүхэн санамжыг нь устгахын тулд хэдэн зууны туршид холын хараатай хорон бодлого явуулж ирсэн байдаг. Өгөөдэй хааны цэцэглүүлсэн Хархорин хотыг хятадууд эзэлж аваад бүтэн тоосго ч үлдээгээгүй нураасан. Хархорины номын сан хэдэн сар шатсан юм гэнэ билээ. Мин улсын эхэн үед Монгол үсэгтэй ном бүхнийг шатааж байлаа.
Манжууд монголын айл өрх бүрээр явж, уг удам, түүх соёлын ном судрыг хураан авч, оронд нь бурхны шашны ном түгээсэн. Асар их зүйл хураасан гэдэг. Алтан ургийн өрх бүрд Монголын Нууц Товчоо байсан гэдэг. Тэгээд хураан авсныгаа шатаасан. Энэ бүхний үр дүнд бид өнөө хүртэл Монгол бичгээрээ бичсэн Монголын Нууц Товчооны эхгүй сууж байгаа шүү дээ. Азаар хятад үсгээр галиглаад бичсэн тулдаа нэг эх бүрэн эхээрээ үлдэж. Сүйтгэгчид хятад бичгээр бичсэн тэр эхийг анзаараагүй хэрэг.
Хожимхон социалист үзэл суртлын дор ч манай өв соёлд их хэмжээгээр халдсан. Өнөөдөр ч ардчиллын далбаан дор харийн олон янзын соёл ямар ч хяналтгүйгээр орж ирж буй нь манай өв соёл, уламжлалт сэтгэлгээнд маш ноцтой гамшиг болж байна. Өнөөдөр мэдсэн мэдээгүй, санаатай санаагүйгээр “Монголын түүх гэж байхгүй”, “Өнгөрсөндөө битгий амьдар, зөвхөн ирээдүйгээ хар”, “Ирээдүйгүй хүмүүс л өнгөрсөнөө ярьдаг” гэх мэт тархи угаалтын илрэлүүд их сонсогдож байгаа нь тэр бүхний л үр дүн шүү дээ.
Ингээд ирэхээрээ л осолтой болоод ирж байгаа юм. Зомби болгож, далд колоничлолдоо халуун зэвсэг хэрэглэхгүйгээр дагуулан авдаг арга технологи өнөөдөр дэлхийн олон оронд ил далд хэрэгжиж байгаа. Тэр ч манайд ороод ирсэн. Гитлерийн герман Оросыг эзэлсний дараа ямар улс орон болгох вэ гэдгээ тодорхойлсон “Ост” хэмээх төлөвлөгөөг бид мэднэ шүү дээ. Ард иргэдийг зүгээр л сэтгэх чадваргүй, ухааран тунгаах боломжгүй хямдхан ажиллах ажлын мал болгох зорилго тавьж байсан. Өнөөдөр ч тийм зорилго нэг бус их гүрнүүдэд бий, түүнээ ч ардчилал, хүний эрхийн далбаан дор бидэн дээр туршиж хэрэгжүүлж байгаа. Үр дүн нь илэрхий анзаарагдаад байдаг юм.
Хятад манжууд ямар ч бодлогогүйгээр манай өв соёл руу дайраад байсан хэрэг биш шүү дээ. Биднийг уг язгуураас нь салгаж, дуулгавартай боол болгох гэсэн л зорилгоор тийн үйлдэж байсан гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Ой санамжаа алдаагүй байгаа хүн өөрийгөө хэн болохоо мэдэж, өөрийн онцгой оршихуйгаа хамгаалж чаддаг, харин ой санамжаа алдах аваас хэн хүний тоглоом, боол, хямд хөлсний ажиллах хүч, зомби болдог лугаа адил ой санамжаа алдсан үндэстэн ч мөн адил. Бид энэ аюулыг мөч тутамдаа санаж байх ёстой юм.
Мөн ирээдүйн хөгжлөө зөв оновчтой төлөвлөх, хөгжлийнхөө гарцыг олоход бидний тэр түүх, өв соёл нэг нэн чухал тулгуур болдог гэдгийг ч мартаж болохгүй юм. Энэ талаар яривал олон зүйлийг хэлэх болно.
Ядахнаа нь энэ орой бүр ТВ-ээр гардаг Солонгосын олон ангит түүхэн кинонууд нэгийг хэлнэ дээ.
-Тэдгээр солонгос сериалууд чухам юуг хэлдэг вэ?
-Хэрвээ үздэг бол тэдгээр цувралуудад өнөөгийн солонгосын өвөг дээдэс бол баатар зоригтой, яруу алдартай, шударга үнэнч, дайнд ялагддаггүй гайхалтай ард түмэн байжээ гэсэн ойлголт төрнө. Тэд энэ мессежээрээ хойч үеийнхнийхээ өөртөө итгэх итгэлийг хөгжөөж, урам зоригийг нь бадрааж, нийгэмд эв нэгдлийн уур амьсгалыг түгээгээд зогсохгүй дэлхий дахинд үндэстнээ сурталчилж байна. Хятадууд, казакууд ийм киног олноор нь хийдэг. Сүүлийн үед оросууд социализмын үед хийж байсан эх оронч баатарлаг түүхээ харуулсан кинонуудаа дахин шинээр хийгээд эхэллээ. Бизнес талаас харахад нэг хэрэг, нөгөө талаас үндэстний хөгжлийн томоохон бодлого, бас зөн юм. Хүүхэд залуус, хойч үе нь өвөг дээдсээ хүндэлдэггүй, тэднийхээ бахдам үйлсээр бахархдаггүй, үлгэр дуурайлал авдаггүй үндэстэн бол ямар ч ирээдүйгүй болсон, мөхлийнхөө ирмэг дээр ирсэн л гэсэн үг.
Гэтэл бид чинь асар баялаг түүх, өв соёлтой ард түмэн шүү дээ.
Нөгөө талаар бид Монголын бахархам түүх гэхээр л зөвхөн байлдаж, ялснаа л ярьдаг. Гэтэл тэр ялалт, тэмцэл бүхний цаана байдаг үзэл санаа, соёл, ёс суртахуун, үнэт зүйл, шударга ёсны тухай бид тэр бүр ярьдаггүй, бичдэг ч үгүй. Гэтэл түүхэн үйл явдал гэдэг зүгээр нэг үйл явдал төдий биш шүү дээ. Тэр бүхний цаана асар их оюун санаа, сэтгэл зүй, ёс суртхууны өрнөл, тэмцэл, дайн болж байдаг. Бид түүхээсээ тэр талыг нь маш бага сөхөн харж байна. Тиймээс л түүх бол хэрэггүй юм гэсэн гэнэн хөөргөн дүгнэлт гарах нэг шалтгаан нь энэ байж магадгүй.
АРИГБӨХ ХААНЫ ХЭЛМЭГДЭЛ 800 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
-Аригбөх хааныг Их Монгол Улсын тав дахь их хаан гэж ярьдаг, хүлээн зөвшөөрдөг иргэд бий. Та Аригбөх хааны тухай ном бичсэн хүн, ямар бодолтой явдаг вэ?
-Аригбөх хаан бол Мөнх хааны дараа Их хуралдайгаар сонгогдсон дэлхийн Эзэнт их гүрний хууль ёсны сүүлчийн хаан юм. Түүнээс хойш Юань, Ил хаант улс, Цагаадай, Хайдугийн улс, Алтан ордны улс гэх мэт тус тусдаа улс болчихсон. Хэдий Хубилай хааныг зарим хаант улсууд хүлээн зөвшөөрөх байдалтай байсан ч тэр нь ёс төдий байв. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийг хамарсан Эзэнт их гүрний шинж чанараа алдчихсан гэсэн үг юм.
Аригбөхийг хууль ёсны хаан байсныг батлах олон баталгаа байдаг. Тийм атал өнөөдөр ч Аригбөх хааныг Чингис хаанаас Лигдэн хутагт хаан хүртэлх жагсаалтад багтаадаггүй. Монголын албан ёсны түүхийн сурах бичгүүдэд ч хаан байсан гэж бичдэггүй. Хэдхэн сар хаан сууринд суусан хүмүүс цөөнгүй. Тэдний хажууд Аригбөх өвөг Чингис хааныхаа Хасбуу тамгыг өвөртлөөд, Их цагаан сүлдийг нь өргөж, зарлиг тушаалаа гаргаж, зоос дэлдүүлж, хэдий ээдрээтэй ч хууль ёсны засаглалаа дөрвөн жил хэрэгжүүлж ирсэн хаан шүү дээ. Тиймээс би л хувьд Аригбөх хааныг 800 гаруй жил хэлмэгдэж яваа гэж ойлгодог. Тэр итгэл үнэмшлийн үүднээс л тэр номоо бичсэн
-Аригбөхийг хаан гэж хүлээн зөвшөөрөх нь Хубилай хааныг хаан биш гэж үзэж байгаа хэрэг биш үү?
-Үгүй юм. Хубилай хаан Монголын болоод Хятадын түүхэнд, бүр дэлхийн түүхэнд ч баллуурдахын аргагүй том ул мөрөө үлдээсэн их хаан. Чингис хааны дараа Хубилай хааныг дэлхий дахин мэддэг. Аригбөхийг хаан гэдгийг хүлээн зөвшөөрөх төдийгөөр бүдгэрээд алга болчих хэмжээний хаан биш. Энд нэгийг нь нөгөөгөөр үгүйсгэдэг, баллуурдан алга болгох гэдэг туйлшралаас ангидаар харах, үнэлж дүгнэх хэрэгтэй юм.
Түүхэн үйл явдлыг дарааллаар нь харах аваас Хубилай хаан болохдоо яах аргагүй Их засаг хууль зөрчсөн. Ингэхэд Аригбөхийг хаан ширээнд залсан Алтангорхины их хуралдайгаас хойш дахиж хэзээ ч их хуралдай болоогүй юм шүү дээ. Их засаг хууль үйлчлэхгүй болсон гэсэн үг. Ингээд дөрвөн жил ах, дүү хоёр дайтсны дараа Аригбөх хаан бууж өгөхдөө хаан төрийн эрх хэмжээг бүрэн тодорхойлдог хасбуу тамга, хар, цагаан сүлд бусад эд зүйлсийг ахдаа аваачиж өгсөн. Ингэснээр Хубилай хаан хууль ёсны эрхээ баталгаажуулсан хэрэг. Тэр завсар Их гүрэн задарч, хэд хэдэн улс болон хуваагдсан эргэлт буцалтгүй үйл явдал өрнөсөн. Нэг жарны турш юунд ч торохгүй ялан дийлж мандан бадарч явсан монголчуудын тэр их сүр хүчийг ямар ч үндэстэн сөрөн зогсоох чадваргүй байлаа. Гагцхүү монголчуудад өөрсдөд нь л тэр их хүчний оргилолтыг зогсоох хүчин нуугдаж байжээ. Түүхэн эрх тийн өрнөсөн хэрэг. Тэгээд Аригбөхийг хаан сууринд суусан 1260 оноос Их эзэнт гүрний газар бүр салан тусгаарлах үйл явц өрнөж, монголын дэлхийг хамарсан иргэний дайн эхэлсэн. Тийм л түүхэн их эргэлтийн золиос болсон хүн юм, Аригбөх хаан бол. Золиосонд Аригбөх өртөж, Хубилай үлдсэн хэрэг. Ах дүү хоёрын хэн нэг нь золиосонд явахаас аргагүй тийм цаг үе байжээ.
Нэг бодлын их эмгэнэлтэй, бас бахархам түүх. Ер нь Аригбөхийг зүй ёсны хаан байсан гэдгийг батлах хэд хэдэн гаргалгаа, баримтууд байдаг. Тэр бүхнийг яривал урт яриа болно.
-Зүчи, Тулуйн удмынхан нийлж, Бат хаан удирдаад төрийн эргэлт хийж Мөнх хааныг ширээнд залснаар Өгөдэйн удмаас, Тулуйнханд төрийн эрх шилжсэн, ордны эргэлт болсон гэж боддог. Уг нь Өгөдэй хаан ширээнд суухдаа өөрийнх нь удмаас “Өвсөнд боовч үнээ, өөхөнд ороовч нохой идэхгүй” хүн гарсан ч хаан болох ёстой гэсэн ам өчиг авсан гэж гардаг даа?
-Өгөдэй хаан “Миний үр удмаас өөхөнд ороовч нохой тоож шиншлэхгүй, өвсөнд ороовч үхэр тоож долоохгүй хүн төрсөн ч хаан ширээнд залж байх ёстой” гэж гэрээслэх хэмжээний тэнэг мунхаг хүн байгаагүй. Энэ бол санаатай болон санамсаргүй төөрөгдөл. Ер нь Монголчууд өмнө нь ч ураг удмынхаа аль сайныг сонгон хаанд өргөмжилдөг уламжлал байсан. Хабул хаан ширээ залгах хүүгээ байсаар байхад авга ахынхаа хүү Амбагайд хаан ширээг залгамжлуулсан. Амбагай хаан цэцэн мэргэн ухаантай, эвийг эрэмлэдэг хүн байжээ. Амбагай сэцэн хаан ч бас тэнгэр болохдоо өөрийнхөө хүүхдүүдэд биш Хабул хааны хүү Хотулад хаан төрөө залгамжлуулсан. Энэ нь ямар ч бай хамаагүй миний л үр удам хаан ор суух ёстой гэж дайрдаггүй, төр ёсоо дээдэлсэн, улс гүрнийхээ ирээдүй хойчийг бодсон их ухаан юм.
Өгөдэй хааныг нас барсны дараа хатан Дөргэнэ эрх мэдэлд дурлаж, бас үр удамдаа хаан ширээг авч үлдэх гэж дөрвөн жил Их хуралдай зарлаагүй, хаан эрхийг мэдэж байв. Тэр хооронд төрийн сүр хүч унаж, чадамж буурч, янз бүрийн овлигогүй зальтай улс Монголын төрд олноороо шургалж, Их Монгол гудайх эхлэл тэр үед тавигдсан л даа. Чухам Гүегийн хатан Огул Хаймишийн дараа л хаан ширээ Өгөдэйн удмаас Тулуйн удам руу шилжсэн. Хэдий наанаа Их хуралдайгаар мэт боловч үнэн хэрэг дээрээ төрийн эргэлтийн шинжтэй үйл явдал болсон. Төрийн эргэлт хийхээс аргагүй нөхцөл байдлыг үүтгэсэн явдал ч үнэхээр болсон хэрэг шүү дээ.
-Мөнх хааны дараа төрсөн хоёр дүү нь хаан ширээ булаацалдаад бүр төр “самарсан” байх. Уг нь Мөнх хаан залгамжлагчаа зарласан бол...
-Мөнх хаан хаан ширээгээ отгон дүү Аригбөхдөө гэрээсэлсэн байх магадлал өндөр байдаг. Сүн улс руу дайтахаар явахдаа ард үлдсэн гал голомтоо Аригбөхөд итгэн үлдээсэн. Мөнх хаан Аригбөх дүүгээ дэргэдээ ойрхон байлгаж, их ч ойр дотно явсан байдаг. Мөнх хааныг нас барсны дараа үр хүүхдүүд нь насанд хүрчихсэн, том хүү Асудай нь цэрэг арми удирдаад явж байв. Өөрөөр хэлбэл хаан ширээнд өрсөлдөх боломжтой гэсэн үг. Гэтэл тэрбээр Аригбөхийн талд тууштай байж, эцсээ хүртэл тулалдсан. Мөнх хааны их хатан Хутугтай ч Аригбөхийг дэмжсэн. Тэгэхээр энд ямар нэгэн хэлхээ холбоо сэжим байгаа.
Нөгөө талаар Мөнх хаан яагаад ч Хубилайд хаан ширээ залгамжлуулахгүй. Тэр хоёрын хооронд маш ноцтой зөрчил байсан. Тэр зөрчил нь даамжраад Хубилайг баривчлах асуудал хүртэл яригдаж байсан үе бий. Тэгэхээр Мөнх хааныг отгон дүү Аригбөхдөө хаан ширээг залгамжлуулах гэрээслэл үлдээсэн, үгүй ядахдаа Хубилайгаас хувь илүүгээр итгэн найдаж байжээ гэж харагддаг юм.
ЯГ АДИЛХАН ХАРДАГ БОЛ АМЬДРАЛ СОНИРХОЛГҮЙ...
-Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг та хоёр гэр бүлийн улс. Аюурзана, Өлзийтөгс хоёр номоо харилцан редакторладаг, биесийнхээ уран бүтээлийг үнэлдэг шиг та хоёрын хооронд бас уран бүтээлийн дотно харилцаа байна биз?
-Уран бүтээлчид нэг гэр бүл байхад давуу тал бий. Биесээ ирлэж хурцалдаг, санаа оноогоо хуваалцдаг, сайн муугаа ярилцдаг. Хамгийн сайн зөвлөгч, бас шүүмжлэгч нь байдаг. Заримдаа санаа нийлэхгүй юм ч бий. Уран бүтээлч хүмүүсийн ааш араншинг мэднэ дээ, өөрийнхөөрөө байдаг. Миний “Аугаа эрин” номын хяналтын уншилтыг хийж манай хүн өглөө үдэшгүй л суусан.
- Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” романыг шүүмжлэгч, судлаачид өндөр үнэлсэн. Таны хувьд...
-“Оройн ганц мод”-ыг манай утга зохиолын хүрээний үе үеийнхэн болох Дармын Батбаяр, Ломбын Нямаа, Д.Энхболд, П.Батхуяг, Я. Баяраа гээд цөөнгүй уран бүтээлчид сүрхий үнэлж магтах шиг болсон.
Монголд шинэ тутам гарч байгаа роман болгоныг унших санаа байдаг ч тэр бүр амжихгүй юм. Тэдгээр уншсан сүүл үеийн романуудын хэмжээнд “Оройн ганц мод”-ыг нэлээн гайгүй нь болчихлоо гэж би хувьдаа үнэлсэн. Гэхдээ санаанд хүрэхээргүй юм ч байдаг. Түүнээ ч өөрт нь хэлж, ингэж засмаар, өөрчилмөөр байна гэсэн. Манай хүн заримыг нь засаад, заримыг нь засаагүй өөрийнхөөрөө гаргачихсан нь ч бий. Хүн хүний мэдрэмж өөр. Яг адилхан хардаг бол амьдрал сонирхолгүй шүү дээ.
АЛДАР НЭР, ЭРХ ЯМБЫН ТӨЛӨӨ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ ИЛЖИРСНЭЭС ЖАЛГАНД ОЧООД ИЛЖИРСЭН НЬ ДЭЭР...
-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд нутагтаа бие даан нэр дэвшсэн. Ядуу оюутан гэдэг шиг зохиолчдыг ядуу гэсэн тодотгол дагалддаг. Яагаад бие даан нэр дэвшиж, мөнгөөр зоддог хоёр том намын нэр дэвшигчидтэй өрсөлдөх болов?
-Өнөөдрийн улс орны нөхцөл байдал нь эрүүл ухаантай хүнд амар тайван сайхан суух арга их хомс болгож байна. Мөрөөрөө номоо бичээд явж болдог бол сайхан л байхсан. Гудамжаар машин нь багтаж ядаад, өндөр шилэн байшингууд сүндэрлээд, хүмүүсийн өмссөн зүүсэн гялалзаад, гадагшаа дотогшоо яваад болоод байгаа ч цаанаа хөгжлийн баттай суурь бүрэлдэж чадаагүй байна.
Үндэсний бат тогтвортой, бие даасан эдийн засаг алга. Зах зээлийн ЭЗ-т шилжээд хорин хэдэн жил өнгөрсөн атлаа банк санхүүгийн тогтолцоо нь өрөөл татуу, гадаад, дотоод худалдаа нь бусдын хараат, хэт өрөөсгөл эдийн засаг бий болчихлоо.
Манай эдийн засаг бидний идэвх чармайлтаар хөгжихөөс илүүгээр бусдын зангаа дохиогоор өсөж, унаж байна. Унагаахаар нь бид арчаагаа алдаад, энд тэндээс очиж гуйлга гуйдаг, өрд ордог. Эдийн засгийн тусгаар тогтнолын тухай ярихад хэцүү.
Оюун санааны хувьд ч хэцүү. Үндэсний оюун сэтгэлгээний тусгаар байдал маш эмзэг болчихсон. Нэг бус үеийнхнийг харахад харагдах төрх нь монгол, монголоор ярих авч дотоод мөн чанар нь өдрөөс өдөрт монголоосоо алсарч байна уу даа. Бидний өмнө ярьсан үндэснийхээ түүх соёлыг үл мэдэх, үл хүндэтгэх, тэр бүү хэл үгүйсгэдэг явдал нь энэ оюун санааны дархлаа ихэд хэврэг болсны илрэл юм. Хамгаалалт хяналтгүй урсан орж ирж буй даяаршилийн давалгаан дор, хүний эрх, ардчиллын хормой доогуур үндэсний оюун санаа, соёл сэтгэлгээ, ёс зүйн уламжлалт кодыг эвдэж мэдэх зүйлс орж ирж байгаа ноцтой аюул бий.
Дээр нь өнөөгийн Монголын нийгэм хагарч болох бүхий л боломжоороо хагарч бутарч байна. Баян ядуугаараа талцав. Ангит нийгмийн шинж төрхүүд илэрхий ажиглагдаж байгаа. Шинэ хуучнаараа, баруун зүүнээрээ, жалга довоороо, улаан цэнхэрээрээ талцаж, хагаралдаж байна. Зүгээр нэг талцал, үзэл бодлын зөрүү төдий биш, бүр бие биесээ үл тэвчих, необольшевик маягийн хийрхэл хэнээрхэлтэй. Энэ хагаралд улс төржилт улам их түлхэц өгч байгаа. Бүр зориудаар нийгэм, ард түмнийг талцуулж хагаралдуулж байж дундаас нь түр зуурын ашиг олдог эдийн засаг, санхүүгийн нам дамжсан бүлэглэлүүд ч бий боллоо. Тэгээд энэ утгагүй явдлаа улс төр хийж байна гэж өөрсдөө ойлгож, олонд сурталчилж байгаа нь бүр ч хэцүү.
Мөн ёсзүй, шударга ёсны дутагдлын гүн шоконд манай нийгэм даяараа орсон. Их ангасан адуу ус ууж чаддаггүй эргүүлж хамраараа гаргаад байдагтай адил бид шударга ёс, ёс зүйн аливаа зөв илрэлд тун их хачирхан гайхаж, гадуурхах байдалтай ханддаг болчихсон нь чухам гүн шоконд орсны илрэл. Гэх мэт санаа сэтгэл зовоосон олон зүйл байна. Энэ бүхнийг харсаар атлаа энэ бусармаг явдал өр цоолохыг хүлээгээд хонь мэт майлж хэвтэнэ гэдэг миний хувьд тэвчимгүй.
Үзгэн зэвсэг барьсан бидний хувьд энэ бүхэнтэй тэмцэх хоёр л зам бий. Нэгд нь бичих. Би хэр чинээгээрээ л бичдэг. Бичиж ч байна. Энэ роман маань ч мөн л адил миний тэмцлийн нэг хэлбэр. Үндэстэн мөн чанараа ухаж, ойлгож, амьдрах зарчим, итгэл үнэмшил, үнэт зүйлсээ романаас маань олж харж, өөртөө итгэж, үндэстнээрээ, өв түүх, дээдсийн их ухаанаараа бахархах сэтгэл нь бадрах аваас миний бичсэн зорилго биеллээ л гэж бодно.
Хоёр дахь зам маань улс орны хөгжлийн бодлого тодорхойлоход шууд оролцох явдал. Ялангуяа үндэсний хөгжлийн болон боловсрол соёлын бодлогын талаар хийж хэрэгжүүлмээр зүйлс нэлээдгүй байдаг. Тэр үүднээс л би өнгөрсөн сонгуульд оролцсон хэрэг. Түүнээс биш эрхэм гишүүн гэдэг алдар нэр, эрх ямбын төлөө явсангүй. Тийм байдлаар тэнд очиж илжирснээс жалганд очоод илжирсэн нь дээр.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь энэ намуудын үнэн нүүр царайг үзүүлж байна. Хэдэн зуун мянган гишүүнтэй АН, МАН-ын нэр дэвшигчийн царайг хар, МАХН-ын нэр дэвшигчийг хар л даа гэж иргэд шүүмжилж байна.
-Манай улс төрийн тогтолцоо дампуурчихсан. Улс төрийн нам жинхэнэ утгаараа байхгүй. Нам гэдэг үзэл санаа, итгэл үнэмшлийн нэгдэл байдаг бол өнөөдөр манайд дунд доод түвшиндээ ажил, албан тушаал, амьжиргааны явцуу эрх ашиг, харанхуй фанатуудын, дээд түвшиндээ нам дамжсан мафийн шинжтэй санхүүгийн бүлэглэлүүдийн тун хачин бүрдэл бүхий нэгдлийг НАМ гэж хэлдэг болсон.
Улс орны хөгжлийн болон хуулийн бодлогыг гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавих учиртай УИХ-ын гишүүнийг сонгохдоо сонгогчдийн маань олонх хэнийг сонговол улс оронд, бидний ирээдүйд хэрэгтэй вэ гэдэг өнцгөөс биш, харин надад ямар ашигтай вэ гэдгээс нь харж сонголтоо хийж байна. Өөрт нь мөнгө өгвөл, өөрт нь болон садан төрөл, найз нөхдөд нь ажил төрөл олдох, эсвэл бизнестээ ямар нэгэн байдлаар дэмжлэг авах, их сайндаа аймаг, сум нь хурдан морьтой болох, ямар нэгэн бүтээн байгуулалт хийх гэх мэт их хачин шалгууртай. Улс төр, сонгуулийн тогтолцоо нь ч хүмүүсийг ийм сонголт хийхээс аргагүй байдалд шахаж, тулгаж, бас тархийг нь угааж, талцуулж байна. Энд ямар нэгэн үзэл санаа, итгэл үнэмшил, бодлогын тухай ярих боломж тун ховор.
Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн аль нь сэтгэлд хүрэхгүй байгаа нь тэрхүү манай улс төрийн тогтолцоо хэр зэрэг эвдэрсний, толгой нь уруугаа харчихсаны л илрэл юм.
-Сонгуулиас сонгуулийн хооронд энэ байдал улам даамжирч байгаа. Тэгэхээр яах вэ?
-Тийм, энэ муу явдал улам даамжирч байгаа. Саяхан би Ло.Нямаа багштай ярилцаж суухад багштан тийн хэлж байна билээ. “Их үндэстэнд их сорилт тулгардаг гэдэг. Өнөөдөр бидэнд аргагүй их том сорилт тулгараад байна. Сэхэх үү, мөхөх үү? гэсэн сорилт шүү. Гэхдээ асуудал муу болох хэрээр ард түмэн ухааран сэхээрч, босож ирнэ гэсэн нэг мухар итгэл төрж байгаа” гэсэн. Тэр үнэн. Ягтаа тулж байж л ийм дампуу явж болохгүй юм байна, зарчим, үнэт зүйл, эрхэмлэл гэдэг зүйлээ гаргаж ирэхгүй бол болдоггүй юм байна. Хууль ёсоо дээдэлдэг, ёс журмыг эрхэмлэдэг байхгүй бол болохгүй юм байна гэж нэг голдоо ортлоо ойлгох байх. Нийгмийн тодорхой хэсэг нь тийн ойлгож сэрж чадвал нийгмийн хөгжил зөв тийшээ эргэнэ. Түүнээс биш энэ янзаар дампуу, будлиантай хэвээр явбаас хэрхэх нь нэн тодорхой. Биднийг уруудан доройтсоор сөхрөөд унахыг харж, шүлсээ залгиж суугаа хүчин бэлээхэн бий шүү дээ.
-
2017 оны 6 сарын 07
Жуулчдын нүдийг хужирлах бас нэгэн гайхамшиг нь G20-ийн уулзалтыг зохион байгуулсан цогцолбор. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Их-20 буюу G-20-ийн уулзалт тус хотод зохион байгуулагдсан. Эл нүсэр цогцолбор нь тус хотын өнгө үзэмжинд чимэг нэмэхээс гадна чамгүй хөрөнгө оруулдаг “музей” болсон аж. Өөрөөр хэлбэл тус цогцолборыг нэг хүн 100 юань төлөөд үзэж сонирхож болох гэнэ. Эл цогцолбор нь Ханжоу хотыг дэлхий дахинаа дахин алдаршуулсан байна.
-
2017 оны 5 сарын 30
ҮР ХҮҮХЭДДЭЭ НОМ АВЧ ӨГӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
Манай эцэг, эхчүүд хүүхэддээ ном сонгохдоо зарим нэг нийтлэг алдаа гаргах нь байна.
Жишээ нь:
.
1. НАСАНД НЬ, ОЮУНЫ ЧАДВАРТ НЬ ТААРЧ ТОХИРСОН НОМ СОНГО...
Манай эцэг эхчүүд хүүхдийн ном гэхээр л олон зурагтай, 5 өгүүлбэртэй ном байх ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой байх нь бас байна.
- Зурагтай ном байна уу? Өө зураггүй юм уу? гэх эцэг эхчүүд нэлээд таарна.
- Хүүхэд нь хэдэн настай вэ? гэж асуухаар
- 8 настай,
- 12 настай гэх мэт...
Ингэхэд 12 настай хүүхдийн сэтгэлгээ 2 настай хүүхдийн сэтгэлгээ хоёрт их хол зөрүү бий дээ.
Хүүхдийн зурган номууд нь уншиж, бичиж хараахан сураагүй, эсвэл дөнгөж уншиж бичиж сурч байгаа бага насны буюу 6 хүртэл насны хүүхдэд ихэнхдээ зориулагдсан байдаг.
Гэхдээ бага насны байх хэрээр зураг олонтой, нас насны онцлогт, хүлээн авах чадварт таарсан зургийн өгүүлэмжтэй байх шаардлагатай.
Зурагт номууд хүүхдийг номд дуртай болгох, сонирхолыг нь номруу татах зориулалт нь түлхүү талдаа. Зурган өгүүлэмж нэн чухал. Гэвч НАС ӨСӨХ ХЭРЭЭР ЗУРАГТ НОМООС ТЕКСТ ИХТЭЙ УНШЛАГЫН НОМРУУ ШИЛЖИЖ байвал уг нь илүү үр дүнтэй санагдана...
Бие бялдрын хөгжил өсөх хэрээр хүүхэд илүү хүнд ачаа дааж, илүү төвөгтэй техникт суралцдаг шиг хүүхдийн чинь оюун сэтгэлгээ хөгжих хэрээр илүү том бүтээл туурвилд хөтлөн дагуулах шаардлагатай юм. Зарим эцэг эхчүүд 10 орчим насны хүүхэддээ 5 настангуудад таарсан зурагт ном хайгаад явж байгаа нь харамсалтай юм. Хүүхдийнхээ оюуны хөгжлийг тийм түвшинд харж, бас барьж хязгаарлаж болохгүй ээ.
Үе тэнгийн 12 настангууд нь Дюмагийн Шадар гурван цэргийн Артаньян, Атос нартай нөхөрлөж, Стивенсоны Эрдэнэ нуусан аралд тэмцэж, Фродо, Сэм нартай хамт Мордорт ертөнцийг мөхлөөс аврах гэж мачийж явахад таны 12 настан Гуталт муурын сахлаар оролдсон шиг сууна гэдэг бараг л эмгэнэл юм даа.
Ингэхээр хүүхдийнхээ насанд нь, оюуны чадварт нь таарсан ном уншуулах хэрэгтэй юм. Үргэлжийн 5 настан шиг бодож сэтгэж харьцаж таарахгүй, ингэвэл нь хүүхдийнхээ оюун сэтгэлгээний хөгжилд өөрсдөө том саад, гацаа үүсгэж буй хэрэг юм. Бүр насных нь түвшингээс болж өгвөл ахиулж байх хэрээрээ илүү сайн. Тэгэж байж үр дүн илүү гарна.
Ер бага наснаас ном уншиж сурсан хүүхдийн унших чадамж санаанд багтамгүй өндөр байдаг. Ж.Пүрэвийн ”Зүрхний хилэн”-гээс салж чадахгүй шимтэн суугаа 12 настан ч байна. О.Уайльдын ”Дройн Грейн хөрөг”-ийг хүртэл хээв нэг уншиж орхих нь ч байна.
Хэрвээ хүүхэд тань 10-12 нас хүрчихээд одоо л дөнгөж номтой нөхөрлөх гэж буй бол дэндүү, даанчиг оройтсон байна. Гэсэн ч оргүйгээс оройтсон нь дээр, золоор номтой нөхөрлөчих ч юм билүү. Гэхдээ хүүхдийнхээ сонирхол, онцлог, оюуны чадамжийг нь сайтар анзаарч байж номоо сонгоорой.
.
2. ХҮҮХДИЙН НОМ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ҮЛГЭРИЙН НОМ БИШ...
- Энэ үлгэрийн ном уу?
- Үгүй ээ, роман.
- Өө, хүүхдийн ном биш юм уу?
- Хүүхдийн ном мөн.
- Тэгвэл яагаад роман гээд байгаа юм бэ?
Хүүхдийн ном гэхээр л зөвхөн үлгэрийн ном л гэж ойлгодог төөрөгдөл бас байна.
Ардын үлгэр гэдэг бол яндашгүй их далай билээ. Гэвч хүүхэд тань дандаа үлгэр уншаад байж таарахгүй. Тэгвэл жинхнээсээ ”Үлийсэн сохор болно”. Хүүхдийн уран зохиолын нэгэн томоохон бүрэлдхүүн хэсэг бол өгүүллэг, тууж, романууд юм. Жүжиг, дууль, тууль гээд бусад төрөл жанр ч хүүхдийн уран зохиолын ай савд бүгд бий. Үлгэрийг ихэнхдээ бага, дунд насанд нь уншуулбал зохимжтой. Гэхдээ том болсон хойно нь үлгэр уншуулж огт болохгүй гэж буй хэрэг биш. Ялгаа заагыг нь сайн ойлгоосой. Би одоо ч зарим хааяадаа үлгэр уншиж л байдаг. Гол нь бусад уран зохиолын төрөл жанруудтай танилцуулах хэрэгтэй. Үр хүүхдээ үнэхээр л номтой нөхөрлүүлэхийг хүсэж буй бол томоохон бүтээл туурвилуудтай танилцуулах зайлшгүй шаардлагатай. Тэдэн дотор хэдэн арван цуврал романууд ч бий.
Өнөөдөр дэлхийн хүүхдийн зохиолын тэргүүнд ихэнхдээ томоохон романууд явдаг гэдгийг мэдэж ав.
.
Ер роман уншихгүйгээр уран зохиол уншсан гэж хэлэх боломжгүй. Уран зохиолын оргил нь роман байдаг. Тэгэхээр хүүхдээ бага багаар роман руу ойртуулж байх хэрэгтэй. Бүү үлгэрийн ертөнц дотор нь хадаж орхи.
- Пөөх ямар зузаан юм бэ? Ийм юмыг чинь хүүхэд байтугай би ч уншиж дийлэхгүй юм байна гэж дуу алдаж буй эцэг, эх байна.
Хүүхэд чинь бага насандаа номын ертөнцөөс хөндий өссөн хөөрхий золгүй өөр шиг чинь байх ёсгүй, өөрийн чинь тавиланг давтаад хэрэггүй. Өөрөө боломж бололцоогүйдээ роман уншиж амжаагүй яваа бол одоо үр хүүхдээ өөрийнхөө араас бүү татаж оруулаарай. Роман уншиж байж л уран зохиолын жинхэнэ уншигч болдог гэдгийг бүү мартаарай.
Гэхдээ уншиж дөнгөж эхэлж буй хүүхдэд зузаан зузаан романаар дарамтлаад байж таарахгүй, ёстой жинхнээсээ залхаагаад, зугтаалгаж ч мэднэ.
.
3. САЙН НОМ БАС САЙН ХООЛ...
Номын худалдаан дээр зогсож байхад
- Яагаад заавал сонгодог зохиол сайн гээд байгаа юм бэ? Энэ зохиол юугаараа илүү юм бэ? гэж улайм цайм асуухгүй ч байгаа хандлагаараа асуугаад байх эцэг эхчүүд бас байна аа, байна.
Ингэхэд та хүүхэддээ хоол унд авч өгөхдөө аль болох шим тэжээлтэйг нь сонгодог, үгүй ядахдаа л хичээдэг байх. Түүнтэй чинь яг адилхан. Уран зохиол гэдэг бол оюун сэтгэлгээний талх нь, хоол нь. Тэр дундаа сонгодог бүтээл гэдэг бол бүр хамгийн их ”шим тэжээлтэй” нь юм шүү дээ. Тийм асуултын түвшинд өөрөөр юу гэж ойлгомжтой тайлбарлах вэ дээ...
Та бидний худалдан авдаг өргөн хэрэглээний бараанд брэнд гэж нэг зүйл байдаг даа. Брэндийнх бол үнэхээр чанартай, урлагтай, найдвартай. Түүн лугаа адилаар уран зохиолд ч бас брэнд бий. Тэр бол зохиолчид нь юм. Жишээлбэл хүүхдийн зохиолд бол хамгийн том брэндүүдийн нэг бол Андерсен байна. Би л хувьд Ричард Киплингийн ертөнцөд саатах дуртай. Бас Оскар Уайльд. Энэ мэт зохиолчдын бүтээл л бол эргэлзээгүй хүүхэддээ сонгоно гэсэн үг. Яагаад гэвэл брэнд...
.
4. УРАН СЭТГЭМЖ МУУ ГЭЖ ҮҮ???
Сельма Лагерлөфийн ”Галуу дагасан гайхамшигт аян” гээд гайхалтай сайхан үлгэр тууж бий дээ. Их Б.Ренчин гуайн орчуулгаар гарсан. Яах аргагүй л хүүхдийн номын ертөнцийн нэгэн маргашгүй маргад эрдэнэ болсон зохиол.
Тэр номыг барьж үзэж үзэж, хойш нь тавьчихаад илүү өндөр үнэтэй математикийн ном хүүхэддээ авч өгч буй аавтай таарав.
- Би бол нөгөө номыг нь л сонгоно доо гэвэл
- Өө, галуун дээр суугаад нисдэг гэж юу байсан юм, худлаа юм уншуулах ямар хэрэг байна вэ? гэж миний амыг яг таг бөглөв.
Уран сэтгэмж хөгжинө гэдэг тийм муу зүйл биш юм. Харин ч энэ ер бусын гайхамшгаар дүүрэн хорвоо ертөнцийг зөвөөр ухааран танихад уран сэтгэмж л хамгийн их тус болно. Чухам уран сэтгэмжийн цонх л амьдралыг баялаг сайхнаар, өөдрөг, гэрэл гэгээгээр гэрэлтүүлж байдаг.
Заавал галууны нуруун дээр суугаад нисэж болдог юм гэж ягштал үнэмших явдал биш. Тэр бол жинхэнээсээ тэнэгрэл болно. Уран сэтгэмж муутай, аливаад мэдрэмжгүй, бүхнийг хайрцаглаж хардаг, яг байгаагаар нь ойлгож, хүлээж авдаг хүнтэй хамт байхад хүртэл хичнээн уйтгартай, баригдмал, мухар нүхэнд орчихсон мэт, бетонон хананд тулчихсан мэт хүнд хэцүү мэдрэмж төрдөг шүү дээ.
Зохион бүтээх, туурвих, ер алив ажилд амжилт гаргахад бүгдэд нь уран сэтгэлгээ гарцаагүй хэрэгтэй болдог. Тэр бүү хэл математикийн гайхамшигт нээлтүүдийн чинь үзүүрт чухам уран сэтгэмж л байсан юм шүү дээ. Аливааг яг таг гэсэн, 2 дээр нэмэх нь 2, тэнцүү дөрөв л гарна, өөр хариу хайгаад хэрэггүй гэх мэт хайрцагласан сэтгэлгээнд хаших нь үнэн хэрэг дээрээ хүүхдийнхээ танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлийг харанхуй гянданд хорьж буйтай адил зүйл юм.
..
5. МЭДДЭГЭЭ Л АВДАГ НЬ...
Манай эцэг эхчүүд бас зөвхөн өөрийн бага насандаа уншиж байсан номоо л хүүхэддээ авч өгөх гэсэн эрмэлзэл их байна. Жишээлбэл, Ж.Вернийн ”Арван таван наст капитан”, ”Ахмад Грантын хүүхдүүд”, ”Нууцат арал”, ”Усан доогуур 20 000 бээр аялсан нь”, эсвэл оросын үлгэрийн ”Үүлэн бор” гэх мэт хуучны орчуулгуудыг асуугаад байхгүй гэвэл ”Өө хүүхдийн номын лангуу гэсэн чинь хүүхдийн номгүй л юм байна шүү дээ” гэж урам хугарсан аястай.
Соц үед хүүхдийн уран зохиолыг сайн орчуулж байсан, тэдгээрээс бас боломжийн түвшинд уншиж танилцаж байсан нь сайн хэрэг. Гэвч хүүхдийн номын ертөнц тэр үеийн Ж.Верн, Майн Рид, Уэльс, Дюма нараар хязгаарлагдахгүй шүү дээ. Тэд л зөвхөн сонгодгууд, бусад нь биш юм шиг мухар ойлголт мэр сэр байгаа нь харамсалтай. Асар баялаг уудам ертөнцийг өчүүхэн нэгэн хэлтэрхийгээр нь хязгаарлаж болохгүй.
.
6. ХҮҮХДИЙН ТУХАЙ БИЧСЭН БҮХЭН ХҮҮХДИЙН ЗОХИОЛ БИШ...
- Энэ номонд юун тухай бичсэн бэ?
- Хүлэг баатруудын тухай бичсэн ном оо...
- Хүүхдийн тухай байхгүй юу
- Байхгүй ээ..
- Аан, хүүхдийн зохиол биш юм байна, тийм ээ...
- Үгүй үгүй, хүүхдийн зохиол...
- Тэгээд яагаад...
Ийм яриа ч бас болох. Ингэхэд хүүхдийн зохиол гэхээр заавал хүүхдийн тухай бичсэн байх ёстой биш. Юуны ч тухай байж болно. Гагцхүү тэр нь хүүхдийн оюун сэтгэлгээний ертөнцөд таарч тохирсон байх хэрэгтэй.
Нөгөө талаар бас хүүхдийн тухай бичсэн бүхэн хүүхдийн зохиол болж чаддаггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийн тухай хэдий бичсэн ч хүүхэд бүү хэл үүхэд ч уншихааргүй номууд зөндөө. Хүүхдийн зохиолыг хүүхдийн зохиол болгодог хамгийн гол шинж чанар бол тэндээс хүүхдийн тэр ариун гэгээхэн, хиргүй тунгалаг, мөрөөдөмтгий дэврүүн, ер бусын барьцгүй ертөнц харагдаж, мэдрэгдэж, уншигдаж байх ёстой.
Чухам тиймдээ л дуртай бүхэн хүүхдийн зохиол бичиж чаддаггүй, магадгүй уран зохиолын хамгийн хүнд талбар бол хүүхдийн зохиол байхаа. Миний хувьд хүүхдийн ертөнцийг хамгийн яруу сайхан харуулсан зохиолд ”Винни Пүү нэрт тэнэгхэн Бамбарууш”, ”Бяцхан хунтайж” гэх мэтийг нэрлэнэ. Насанд хүрэгсдэд магадгүй огт ойлгомжгүй, эсвэл дэмий чалчаа мэт санагдаж болох. Хэрвээ тийм бол та хүүхдийн ертөнц рүү өнгийж харж чадаагүйн илрэл болохоос биш тэр зохиолуудын муугийнх биш шүү.
.
7. СОНГОДОГ ҮЛГЭРЧИД ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?
- Үлгэрийн ном байна уу?
- Байна байна. Энэ Андерсений үлгэрүүд байна.
- Энэ хүний зохиосон юм уу?
- Тийм.
- Үгүй ээ, хүн зохиосон биш, жинхэнэ ардын үлгэрийн ном асууж байна..
Бас иймэрхүү яриа ч болно.
Ардын үлгэрийн хажуугаар Х.Х.Андерсен, Шарль Перро, Ах дүү Гримм, Мадам де Олнуа, Вильгельм Хауф гэх мэт маш олон сонгодог үлгэрчид бий. Эдгээр үлгэрчдийн бүтээлүүдийг хүүхдийн утга зохиолын ертөнцөд Сонгодог үлгэрүүд гэж үздэг. Яагаад гэвэл тэд ихэнхдээ ардын үлгэр домгуудыг дахин боловсруулж, жинхэнээс нь хүүхдийн шилдэг үлгэр болгож, өнөөх сонгодог бүтээлүүдэд хамгийн ихээр байдаг ”шим тэжээл” болох үнэт зүйлсийг хамгийн ихээр шингээж өгсөнд л хамаг учир нь байдаг. Тиймээс тэдний ”зохиосон” үлгэрүүд үнэ цэнэтэй. Аль нэгэн ардын үлгэрийг биш чухам Х.Х.Андерсенийг дэлхий дахинаараа ҮЛГЭРИЙН ХААН хэмээн хүлээн зөвшөөрсөн, бас А.Линдгренийг ҮЛГЭРИЙН ХАТАН ХААН гэдэг. Тэд тийм алдрыг хүртэх бүрэн эрхтэй хүмүүс. Тэдний үлгэрт өнөөх сайн сайхны сүүн дусал илүү их дуссан байдагт тэр юм шүү дээ.
.
8. ХОРИГЛОХ, ЦЭЭРЛЭХ ҮЛГЭР, ЗОХИОЛУУД БИЙ ЮУ?
Дээрх сэдвээс цааш нь үргэлжлүүлэхэд Ардын үлгэр бүхэн гайхамшигтай боловч бас бүгдээрээ хүүхдийн сэтгэлгээнд таарч тохирох нь үгүй. Бүр хүүхдээс хол байлгамаар зарим ардын үлгэр ч бий. Аавыгаа алаад, ээжийгээ өвчөөд сууж байгаа нь ч бий шүү дээ. ”70 давхар нөхөөс зад унгадаг”, ”Өрөвдөх юмгүйгээр хоёр нүдийг нь ухдаг” гэх мэт бүдүүлэг, хэцүү үлгэрүүд ч бас бий. Харин сонгодог үлгэрүүдэд бол тийм зүйл огт үгүй билээ.
Жишээлбэл ”Мянга нэгэн шөнийн үлгэр” байна. Бүрэн эхээрээ бол бага насны хүүхэд уншихад ихээхэн төвөгтэй, эротик дүрслэлүүд ихтэй, хүнд хэцүү хэллэгтэй. Тиймээс ч хөгжингүй орнууд ”Мянган нэгэн шөнийн үлгэр”-ийг нэлээн хянан засварлаж, хүүхэд унших хэмжээнд боловсруулж байж хүүхдийн номынхоо тоонд оруулж хэвлэдэг. Харин бүрэн эхээрээ бол насанд хүрэгчид, судлаачдад нээлттэй байх нь тодорхой.
Ер аймшиг, аллага хядлага, хүнийг ад үзсэн, амьдралын болоод хүний сайн сайханд итгэл алдарсан агуулгатай зохиолыг, ялангуяа эротик зохиолуудыг бага насны хүүхдээс хол байлгавал зүгээр дээ. Тийм зохиолууд харамсалтай нь хүүхдийн зохиол нэрийн дор нуугдаад ороод ирчихсэн байх нь бий. Бүр сонгодогуудын бүтээлүүд дотор ч хүүхдээс хол байлгамаар нь байна. Жишээ нь Эдгар Аллан Погийн зарим өгүүллэгүүдийг хүүхдээс хол байлгамаар санагддаг.
Гэтэл харахад айдас хүйдэстэй мэт боловч хүний сайн сайхан талыг нь илүү төвийлгөсөн, итгэл тэвчээр, сайн үйлс ялж буйгаар төгсдөг тийм аймшгийн гэмээр зохиол ч бас байна. Тухайлбал ”Дуурийн театрийн хий үзэгдэл”, ”Чөтгөртэй лонх” гэх мэт. Тийм зохиолын зөвхөн гарчигийг нь харчихаад хүүхдээсээ нуугаад байж таарахгүй ээ.
.
9. ХҮҮХДИЙН НОМ БҮХЭН АДАЛ ЯВДАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ БИШ...
Адал явдал бол яах аргагүй хүүхэд багачуудын төдийгүй хэн бүхний сэтгэл, сонирхолыг татах нь тодорхой. Гэхдээ ”Шадар гурван цэрэг” шиг, эсвэл ”Дэлхийг 80 хоногт тойрсон нь” шиг л адал явдалтай байж сая сайн номын шалгуурт тэнцдэг юм биш.
Дэлхийн хүүхдийн шилдэг сайн зохиолуудыг анзаарч байхад адал явдал гэхээсээ илүүгээр драма, хүний дотоод гоо сайхныг илүү нээж өгсөн нь түлхүү талдаа байна.
Тухайлбал ”Ногоон Давхарцагийн Аня охин” гэдэг дунд хэрийн роман бол хүүхдийн утга зохиолын магнайд яах аргагүй заларна. Зарим сурвалжид энэ зохиолыг Библийн дараа орох хэмжээнд олон удаа хэвлэгдсэн гэж бичсэн байх. ХХ зууны хүүхдийн хамгийн шилдэг, хамгийн олон хувиар хэвлэгдсэн номд тооцогдоно. Олон дахин, олон зуун сая хувиар хэвлэгдсэн гэдэг бол гэхдээ хамгийн сайн цор ганц үзүүлэлт биш л дээ. Харин юу нь, ямар илүү тал нь энэ зохиолыг тийм өргөн хүрээнд уншуулж байна вэ гэдэгт байна.
Энэ зохиолд тийм ч их адал явдал буцлахгүй. Насан өндөр болсон, үр хүүхэд үгүй эгч, дүү өвгөн эмгэн хоёр насны төгсгөлд хань болох нэг хүүг асрамжийн газраас өргөж авая гэлцээд Асрамжийн газарт захиалга өгдөг. Гэтэл Асрамжийнхан хариуцлага алдаад хүү биш охин явуулчихна. Хөөрхий өнчин охин өргөмөл аав ээжтэй боллоо хэмээн баярлаад иртэл хүү хүүхэд хүлээж байсан нөгөө хоёр нь охиныг голж, буцаах болно. Бяцхан охины сэтгэл зүрхэнд маш хүнд цохилт ирлээ. Гэвч галт тэрэг явчихсан учир маргааш болтол тэр жаахан охиныг буудал дээр орхилтой биш, гэртээ ганц хонуулахаар авч явснаар цоо шинэ амьдрал эхэлнэ. Охин эмгэн, өвгөн хоёрт таалагдаж, түүнийг өргөж авна. Үүгээр зогсохгүй өнчин Аня тэдний тосгоныхны бүгдийн сэтгэлийн татсан охин болно. Тэр ч бүү хэл дэлхий дахины хүүхэд багачуудын хамгийн хайртай дотно анд нөхөр нь болдог билээ.
Аня охинтой бага насандаа танилцсан дэлхийн улс орон бүрийн хүүхэд багачууд уг зохиолын үйл явдал болдог Канадын Ханхүү Эдвардын хагас аралд жилдээ хэдэн арван мянгаараа зочлон ирж, Аня охины явж байсан цэцэрлэгт өргөн чөлөөгөөр зугаалж, тоглож байсан газарт нь сууж, сурч байсан сургуульд, амьдарч байсан жижигхэн байшинд нь зочилцгоодог байна. Хүний сэтгэлд үнэхээр л бодит анд нөхөр мэт дотно сайхан сэтгэгдэл, дурсамж үлдээдгээс, тийм мөн чанарыг нь дуудан сэрээж чаддаг учраас л хүмүүс тийш хэрэг болгон очдог хэрэг. Тэр хагас аралд бүр зөвхөн Аня охины найзуудад зориулсан жуулчны бааз хүртэл байна.
Энэ бол адал явдалт роман биш, драма. Тэгэхээр хүүхдийн зохиол заавал адал явдалтай л байж сайн байх ёстой гэсэн үг биш болох нь ээ. Ийм драма буюу ёс суртхууны танин мэдэхүй, хүмүүжил, дотоод гоо сайхныг хүчтэй илэрхийлсэн зохиолууд олон бий дээ, хүүхдийн уран зохиолын ертөнцөд.
Жишээлбэл, Ж.Спайрийн ”Хэйди охин”, Ф.Бөрнэтийн ”Нууц цэцэрлэг”, ”Бяцхан гүнж”, ”Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн”, У.Виггиний ”Нарлаг Горхи эдлэнгийн Ребекка охин”, А.Патерсоны ”Агуу их Гилли Хопкинс”, Л.Алкоттын ”Жаалхан авхай нар”, ”Жаалхан эрчүүд”, Ч.Диккенсийн романууд гэх мэт.
Тэгэхээр ийм төрлийн зохиолуудыг болж өгвөл хүүхэддээ танилцуулбал илүү үр дүнтэй.
Өнөөдөр манай нийгэмд оюун соёл, ёс суртхуунлаг байдал ихээхэн дутагдалтай байгааг хэн бүгд мэднэ. Харин тэр дутагдалтай бүхнийг нөхөж өгөх шим тэжээлүүд чухам ийм төрлийн зохиолуудад илүү байгаа гэдэгт би итгэдэг ээ...
.
10. КОМИКС НОМ Л САЙН ГЭЖ ҮҮ?
- Комикс ном л сайн гэсэн хандлага бас мэр сэр ажиглагдана. Тэр ч бүү хэл манай төр засгаас Комикс номд илүү анхаарч, төсөв хөтөлбөр хүртэл гаргасан.
Харин хөгжингүй орнууд хүүхэд, залуусынхаа унших ёстой номын жагсаалтдаа ямар ч комикс номыг оруулдаггүй юм шүү дээ. Тэр бүү хэл зарим оронд хүүхдийн номын худалдаандаа комикс номонд тодорхой лимит хязгаарлалт ч тавьдаг байна.
Хүний бие организм амттай юманд дурлах лугаа адил оюун ухаан ч аль хялбар, энгийн ойлгочих, гял цял зүйлд татагдах нь байна. Гэхдээ амттай бүхэн шимтэй биш, бас хялбар энгийн ойлгочих бүхэн өгөөжтэй биш. Тэр дундаа уран зохиолын чанар чансаа өгсөх хэрээр улам бүр хүнд, төвөгтэй болдог. Гэтэл бидний үр хүүхдээ номд дуртай болгохын зорилго бол чухам тэр хүнд хэцүү, нарийн нандин бүхнийг л мэдэж, мэдэрч ойлгодог болгох явдал шүү дээ. Эс тэгвээс номтой нөхөрлүүлэхийн хэрэг юу байна.
Даваа давж хол явдаг, оюун санааны хөгжил ч мөн тийм. Гэхдээ энд комикс номыг огтоос хэрэггүй хог гэж хэлээгүй болохыг болгооно уу? Номд эхлэн хөтлүүлж буй хүүхдүүдэд хэрэгтэй байлгүй яах вэ, комиксууд... Зургийн чадварлаг өнгө, дүрслэл хүүхдийн сэтгэлгээ, мэдрэмжид чухал нөлөөтэй байлгүй яах вэ.
Гэсэн ч номыг уншихын цаана үг өгүүлбэрээр илэрдэг нарийн нандин мэдрэмжүүдийг мэдрэх, гүн утга санааг ухан ойлгох гэх мэт олон зүйлс бий. Хамгийн наад зах нь хүний өгүүлэн хэлэх, илэрхийлэх чадвар, үгсийн баялаг гэж нэг зүйл байна. Энэ нь өөрөө тэр хүний оюуны чадамжийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж байдаг. Таван өгүүлбэртэй ном уншаад үгийн баялаг хэр нэмэгдэх вэ гэдгийг дэнсэлж үзээрэй.
.
11. ХҮҮХДИЙН НОМЫН СТАНДАРТ ГАРЦААГҮЙ ХЭРЭГТЭЙ
Харамсалтай нь манайд ийм стандарт гэж байдаггүй болохоор нэгэнт байхгүйн тухай бичих нь бараг илүүц болох нь. Гэхдээ байдаг болоосой гэдэг үүднээс нэг хоёр санаа өгүүлье.
Утга агуулгын хувьд үнэхээр хатуу чанга хяналт, шаардлага байх ёстой. Ингээд хэлэхээр соц үеийн главлитийн сүнсийг босгож ирэх гэлээ гээд унадаг ардчиллаас өөр юуг ч мэддэггүй хийрхүү нөхөд бий шүү. Бид үр хүүхдийнхээ оюун тархи руу элдэвийн эрээвэр хураавар зүйлс цутгаж болохгүй шүү дээ.
Үг үсгийн алдаатай, хэл найруулга муутай, утга агуулга өчүүхэн хэрэггүй хог шиг номуудыг хүүхдийн номын лангуунаас зайлуулж байлгах хэрэгтэй. Айдсын, эротик, ёс зүйгүй бүтээлүүдийг ч ховхолж хая.
Нөгөө талаар хэвлэлийн технологид ч хяналт хэрэгтэй. Хуудас нь хүүхдийн эмзэг булбарай хуруу гарыг зүсчихээргүй, хэвлэлийн будаг нь хоргүй, харахад нүдэнд дулаахан өнгө зурагтай, уншихад хялбар том стандарт үсэгтэй гэх мэт олон шаардлагууд бий дээ.
Хөгжингүй орнуудад хүүхдийн номонд маш өндөр шаардлага тавьдаг нь яах аргагүй зөв юм. Хатуу хяналт, босго хэрэгтэй.
Харамсалтай нь бид энэ талаар огт санаа тавихгүй л яваад байх. Хүүхдийн номын редакци гэж уг нь байсан. Засгийн газрын харьяа. Гэхдээ тэр нь ямар нэгэн лоббид автаад таньдаг, эсвэл мөнгөтэй нөхдүүдийн номыг зөвшөөрөөд, бусдынхыг нь хяргаад байдаг бол байснаасаа байхгүй нь дээр. Нийгэм самуурчихаар сайн юмыг ч саар зүйл рүү нь холбилж орхичихоод байдаг нэг зовлон байх. Гэхдээ энэ нь огт боломжгүй гэсэн үг биш ээ. Нэн тодорхой шалгуур үзүүлэлтүүдээ журамлаж гаргачихаад, түүндээ таарч тохирсон шаардлагуудыг номын агуулга, чанар, хэвлэлд тавих бүрэн боломжтой.
Номын дэлгүүрийн хүүхдийн номын лангуун дээр ч гэсэн бас тодорхой хэмжээний стандарт гэж бий. Нас насанд нь таарсан, өндөр нам, өргөн нарийн, бас зураг чимэглэл, загвар дизайн нь ялгамжтай лангуу тавиуртай байдаг. Хүүхэд өөрийн насны хэсэг рүүгээ л явдаг байхаар..
.
12. ГОЁ ХАВТАСТ ХУУРТАЖ БОЛОХГҮЙ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ...
Энд олон тайлбарын хэрэггүй биз дээ.
Номын ертөнц бол зөвхөн ганцхан гоё хавтсаар илэрхийлэгддэг ертөнц биш. Номын ертөнц бол утгын гүн, үгсийн яруу, мэдрэмжийн тансагт найрсаж байдаг ертөнц.
.
13. ИХ УНШУУЛ...
Аль болох их...
.
Сүүлийн хэдэн жил хүүхдийн номын ертөнцөд өөрт тохиолдсон зарим зүйлээс санаалж бичлээ. Дутуу дундуур үлдээсэн нь нэлээн бий байх аа.
.
Б.Номинчимэд
.
-
2017 оны 5 сарын 24
Зам дагасан хөгжил буюу Тэнгэр уулын хишиг – 1
2000 гаруй жилийн тэртээ өрнө дорно, өмнө умрыг холбон тасралтгүй хөвөрч байсан их жингийн цувааны гаргасан жим хожмоо түүхэнд “Торгоны зам” хэмээн мөнхрөн үлдсэн юм. Тодруулбал, жин тээдэг замын сүлжээг “Торгоны зам” хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү зам нь Ази Европыг холбож байсан дэлхийн гүүр байсан юм. Тиймдээ ч Италийн алдарт аялагч Марко Поло энэхүү замаар аялаж Европчуудад Хятадын баялагийн талаар мэдээ хүргэж байсан гэгддэг.
Монголчууд зам дагаж хөгжил хэмээдэг. Алдарт “Торгоны зам” дагасан хөгжил ч дэвшин дээшилсээр түүхт Шинжаан нутгийн хуучны дүр төрхийг бүрэн өөрчилжээ.
Олон үндэстний нутаг Шинжаан
Шинжаан-Уйгурын өөртөө засах орон нь БНХАУ-ын баруун хойд талд тус улсын нийт хуурай газрын зургааны нэгийг эзлэн оршдог. 1,6 сая км кв нутаг дэвсгэртэй.
Монгол, Орос, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Афганстан, Пакистан, Энэтхэг гэсэн найман улстай хил залгадаг ба байгалийн асар их нөөц баялагтай аж. Тухайлбал, Хятадын нийт нүүрсний 40, хуурай газрын нийт байгалийн хий, газрын тосны нөөцийн тус бүр 30 гаруй хувь нь Шинжаанд байдаг учраас байгалийн баялагт суурилсан үйлдвэржилт энэ нутагт хөгжжээ. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгурт амьдардаг байна. Хүн амын эзлэх тоогоороо хятад, уйгур, казахууд эхний гуравт орох ба дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, тузя, жуан, салар зэрэг олон үндэстэн ястнуудын өлгий нутаг болжээ.
“Үзэсгэлэнт бэлчээр” хот
Өөртөө засах орны нийслэл нь Өрөмч хотод өдгөө 3 сая гаруй хүн оршин суудаг аж. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр аж. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр “Urumqi” гэж галиглах болсон байна.
Өрөмч гэдэг үгийг ойрдоор ”Үзэсгэлэнтэй бэлчээр” гэсэн утгатай гэж тайлбарладаг. Өрөмч хот нь Шинжаан-Уйгарын нийслэл төдийгүй, нийт Шинжааны улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, технологийн төв болжээ. Энэ хот нь шинжааны зам харилцааны гол зангилаа хот бөгөөд мөн Евроазийн эх газрын гүүр болж, хятад улсын баруун талыг гадаадад нээх үүд хаалга гэдэг. Өрөмч хот нь Евроазийн эх газрын хэвлийд орших Тэнгэр уулын хойд бэл, Зүүнгарын хотгорын өмнөд захад оршдог. Хятадын байгалийн цогцолбор газруудын нэг болох мөнх цаст Тэнгэр уул Өрөмч хотын урд хэсгээр үргэлжилнэ. Хотын оршин суугчийн хэлж байгаагаар Тэнгэр уул нь Шинжаан нутгийнханы тахиж шүтдэг хайрхан аж. Хойт үзүүрийн өндөрлөг хэсэгт мөнх цас нь гялалзан харагдах гурван шовх оргилыг “Богдын оргил” хэмээдэг. Мөн “Богдын оргил”-ын бэлд “Богдын нуур” бий. Жил бүр “Богдын оргил”-ыг хотын захад байх “Ямаат улаан” уулын оргил дээрээс тахидаг гэв. Мөнх цаст энэ сарьдаг руу очих жуулчдын хөл ч тасардаггүй гэнэ. Өрөмч хотод айлчилсан хэн боловч “Богдын нуур” руу очихгүйгээр буцдаггүй гэх. Энэ талаарх мэдээллийг хайж үзэхэд нутгийн иргэний хэлсэн “Богдын нуур” нь “Тэнгэрийн нуур” хэмээн эх сурвалжуудад бичигдэн үлдсэн байна. Харин “Богдын оргил” нь далайн төвшнөөс дээш 5445 метр өндөрт, “Тэнгэрийн нуур” нь 1928 метр өндөрт өргөгдсөн бөгөөд, урт нь 3400 метр, хамгийн өргөн нь 1500 метр, гүн нь 90 орчим метр, талбайн хэмжээ 4.9 хавтгай дөрвөлжин километр гэжээ.
Шинжааны билэг тэмдэг болсон мөнх цаст Тэнгэр уул нь төв нутгаар хөндлөн сунаж, баруун үзүүр нь Казахстаны хил даван оджээ. нийтдээ 2500 км үргэлжилсэн, 250-300 км өргөнтэй энэ уул нурууд далайн төвшнөөс дунджаар 5000 метр өргөгдөн ордог гэхээр мөнх цастай байх нь аргагүй юм.
Технологийн хувьсгал
Хуучны их “Торгоны зам” дагуух хот суурингууд орчин үеийн технологийн хөгжлөөс хоцорч гээгдсэнгүй. Тэр ч бүү хэл нэг алхам түрүүлж байгааг үгүйсгэхгүй. Учир нь бидний танилцсан технологийн паркуудын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн технологийн хувьсгалыг хийж чаджээ. Шинжааны программ хангамжийн паркаар зочиллоо. Тусгай программчлагдсан роботууд хүний асуусан асуултад хариулж, үйлдэл хийж чаддаг болж. Наад зах нь тухайн роботыг таних аппликейшныг суулгасаны дараа “Миний утас руу залгаарай” гэхэд таны утас руу дуудлага хийж чадна. Мөн “Бүжиглэ, дуул” гэх мэт командаар дуулж бүжиглэнэ. Бас “Дин дон” гэх үгийг сонсуутаа маш анхааралтай болдог аж. Робот гэж хэлэхийн аргагүй цлиндр хэлбэрт робот руу хандан “Дин дон” гэхэд л таныг анхааралтай сонсож байгаагаа илэрхийлэн дээд хэсгээрээ цэнхэр гэрэл асаана. Үүний дараа “Агааржуулагч асаа, унтраа” гэх командаар өрөөний агааржуулагчийг асааж эсвэл унтараах аж. Хамгийн сонирхолтой нь “Өрөөний хөшиг нээх хаах” үйлдэл нь. Дин дон-Өрөөний хөшиг нээгээрэй гэхэд хөшиг өөрөө нээгдэнэ. Харин дин дон-хөшиг хаагаарай гэхэд хөшгийг хялбархан хаах аж. Бас робот үйлчлэгч байна. Үйлчлэгчийн хормогч өмссөн 150 орчим см өндөртэй хөөрхөн охидууд танд үйлчилнэ гээд бод доо. Энэ робот нь ихэвчлэн ресторан зоогийн газруудад зориулагдсан байна. Ирээдүйд орчуулагч хөтөчийн хэрэг байхгүй болох нь. Учир нь ямар хэлээр ярьсан англи юм уу, хятад хэл рүү орчуулан хэлдэг программыг зохион бүтээж чаджээ. Эхний ээлжинд хятадаас англи хэл рүү орчуулан хэлдэг программыг бүтээж туршиж байгаа бөгөөд цаашид олон улсын хэлийг нэмж программчлах зорилго тавин ажиллаж байгаа аж. Мөн техник технологийн шинэчлэлийн тал дээр түлхүү анхаарч уул уурхай, газар тариалан, зам тээврийн салбарын техникуудыг шинэ өвөрмөц дизайнтайгаар, мөн нарийн ажиллагаатайгаар зохион бүтээж байгаа гэнэ.
Үргэлжлэл бий
-
2017 оны 5 сарын 18
Бүр тодруулбал ямар үндэстний худалдаачид зорчиж байсан бэ гэдэг асуудал үнэндээ маш сонин. Хүмүүсийн тархинд юуны түрүүнд хятад юм уу, европ хүмүүс байсан болов уу гэж эндүү ташаа бодол орж ирдэг л дээ. Ер нь торгоны зам гэдэг үг хятад хэлнээс угшилтай байх хэмээн боддог хүн олон байж таарна.
Тэгвэл «Торгоны зам» гэдэг үгийг 1870 оны үед Германы эрдэмтэн, газарзүйч Ричхофман 1870 онд анх өөрийн бүтээлд хэрэглэснээр дэлхий дахинд өргөн тархсан байна. Тэр хэцүү бэрх үед хэдэн тэргэнд торго дурдан зэрэг Хятад зүгийн бараа аччихаад тив дэлхийг дамнаад явна гэдэг ашиг орлого олохоосоо илүүтэй амь насанд маш их халтай хэрэг байсан болохоор тийм бүдүүн зориг бөх зүрхтэй хятад европ зүгийн худалдаачид хаанаас байх билээ?
Түүхийн энэ сонин ээдрээтэй асуудлын тайллыг зөвхөн Монголын буюу бүр тодруулбал нүүдэлчдийн түүхнээс эрж сурвалжламаар санагддаг. Монголын түүхийн мөчлөгийг сонирхон судлаж байхад хамгийн хүчтэй овог аймаг уугуул Монгол нутагтаа гал голомтоо сахиж үлдээд их тэмцлийн явцад шахагдан хөөгдсөн бусад овог аймгууд одоогийн умард хятад, Шинжаан, Дундад ази руу түрж ороод улмаар цаашилдаг явдал түгээмэл байжээ.
Тэгээд он удаан жил өнгөрсний хойно хагас суурьшиж угаас цусанд нь хадгалагдан үлдсэн генийн давуу байдалдаа хөтлөгдөн арилжаа наймаа хийдэг нь яваандаа Ази Европын эх газрыг дамнасан худалдаа, шашин соёлын хэлхээ холбоонд маш чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Нүүдэлчин гаралтай Скифчүүдээс гадна, Согдууд гэж худалдаачин үндэстэн байсан тухай та дуулаа байлгүй. Согд бичиг гэж ерөөсөө манай Монгол бичигтэй ав адилхан босоо бичиг байдаг. Түүний дурсгалыг дор хавсаргав.
Тэгвэл манайхан одоогийн уйгуруудтай андуураад байдаг Хойгуурууд ч бас хожим нь томоохон худалдаачин үндэстэн болон хувирсны зэрэгцээ Согдуудаас бичиг соёлыг нь өвлөн аваад одоогийн Шинжаан, Монголын баруун хэсгийн найман зэрэг аймгуудад өргөн хэрэглэгдэж байсныг Чингис хааны Монголын эзэнт гүрэн шууд залгамжлан авчээ. Хойгуур бичгийн дурсгалыг дор хавсаргасныг мөн үзнэ үү! Мөртлөө «Тансан ламын баруун зүг зорчсон тэмдэглэлийг» бүр МЭӨ-ний өмнөх 500-600 жилийн өмнө нүүдэлчид өөрсдийн бичиг үсгээрээ туурвиж байсны нэг хуудас нь юм. Энэ утгаараа манай судлаачдын зайлшгүй сонирхон судлаваас зохилтой түүх уран зохиолын чухал сурвалж байж таарна.
Согд, Хойгууруудтай манай бичиг үсгийн соёл маш их хамааралтай болохоос гадна Бурхан, Мүүн, Христ, Исламын шашныг дэлгэрүүлэхэд торгоны замын дагуу маш том үүрэг гүйцэтгэж ирсэн бөлгөө.
Сы Ма Цяньгийн алдарт «Түүхэн тэмдэглэл» зохиолд энэ талын сурвалжууд арвин ихээр хадгалагдан үлдсэн байдгийг манай залуу судлаачид сайтар ухан үзвээс зохилтой. Ер нь Монголын түүхийг шинэ өндөрлөгөөс өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий судлах шаардлага тохиож байгааг энэ цөөн хэдхэн баримт харуулж байгаа юм. Шинээр сонгогдох ерөнхийлөгч энэ тал дээр онцгой анхаарвал нэн сайнсан. Түүхчдээс гадна уран зохиолчид ч гэсэн тэднээс хоцролгүй тэр зүгийн судалгаа руу ханцуй шамлан орж уран сайхны дүрээр тухайн үеийн түүхийг олон түмэндээ хүргэхэд төр засгийн дэмжлэг, тэр тусмаа ерөнхийлөгчийн анхаарал ус агаар мэт дутагддаг даа.
Ерөнхийлөгч хүн гэдэг авгай хүүхэн, бие бялдраас гадна хамгийн гол нь Монголын түүх, соёл, шашны маш өргөн мэдлэгтэй, тэр талын асуудал дээр бусдаас холыг харж хоёрыг илүү сэтгэдэг баймаар санагдаж байна.
Энэ бичлэгийн эхэнд ганц нэг үндэстний төлөөлөл болсон хэдхэн хүн тэмээн жинтэй тив дэлхийг дамнан аялах боломжгүй гэдгийг өгүүлсэн. Харин нүүдэлчид Умард Хятад, Шинжаан, Дундад Ази, Арабын хойг, Умард Энэтхэг болон Европыг дамнасан улс гэрээ тунхаглан зарлаад өөрсдийн «Эдийн засгийн коридорыг» бүрэн утгаар байгуулж чадсан цагт л сая торгоны замын үйл ажиллагаа маш их эрчимждэг байжээ. Энэ үүднээс авч үзвэл бидний дээд өвгөд торгоны замын жинхэнэ эзэд байсан гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй болов уу? Согд, Хойгуурууд бас л ташуу захтай дээл хувцастангууд байсны зургийг хаа нэгтэй харсан санагдана. Та бүхэн олж чадваас бусадтайгаа хуваалцаарай.
-
2017 оны 5 сарын 11
Хар Тамхи хэрэглэх, хадгалахыг зөөлрүүлэн зөрчил гэж үзэхээр болж байгаа тухай зөрчлийн хуулийг хэлэлцэх үеээр яригдаж байв.
Монголын Баячуудын хүүхдүүд ийм төрлийн хэрэгт холбогдож байгаагаас УИХ-ын гишүүд лобби буюу захиалгаар зөрчлийн хуульд ийм заалт оруулах гэж байгаа бололтой юм.
Хар тамхитай хатуу тэмцэх хэрэгтэй. Хар тамхины хэргийн САНКЦЫГ чангаруулах нь олон тэнэгийг аюулаас аварч байгаа ариун үйлдэл болно.
Хар тамхи хадгаласан, хэрэглэсэн, бусдад худалдаалсан болон бусдад үнэ төлбөргүй тараасан үйлдлүүдийг эрүүгийн хуулиар яллах нь зөв байх.
Мөн иргэдээс дээрх үйлдлүүдтэй холбоотой мэдээллийг ХУДАЛДАН авч, урамшуулж байх нь зөв биз ээ.
Товчоор хэлбэл: ЦЕГ, АТГ, ТЕГ мэтийн байгууллагуудад Хар тамхины тухай МАТААСЫГ иргэд олон нийтээс хүлээн авч, шалгалт хийдэг, тийм шуурхай ажлын хэсэг буюу бүтэц байгуулах нь зөв байх.
1937-оны үеээс Ардын дайсан, тэрс үзэлтэн, эсэргүү нартай тэмцэж байсан аргаараа буюу ЗХУ-ын КГБ-ээс уламжлан авсан арга технологиороо ХАР ТАМХИТАЙ тэмцэхэд, их газар авахуулахгүйгээр нам дарж болох байх гэж санагдах юм.
Энэ арга бол маш энгийн арга байсан. Амин сүнс нь МАТААС ЦУГЛУУЛАХ дээр л суурилдаг арга байжээ.
Одоо мэдээллийг худалдан авч, мэдээлэл өгсөн хүнийг нууцлана гэхэд л болно.
Гэвч Монголын олигархиудын зулзагууд ихэнхдээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог тул төр засаг маань олигтой тэмцэх хүсэлгүй байх шиг байна.
-
2017 оны 5 сарын 10
2012-оны УИХ-ын сонгуульд Н.Энхбаярын нэрийг МАХН-аас дэвшүүлсэн боловч, СЕХ бүртгэж авсангүй. Тэр үед Н.Энхбаяр нь шүүхээс ямар нэгэн ял шийтгэл аваагүй байсан юм. 2009-онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдоод 2008-оны 7-р сарын 1-нд баригдаж шоронд орсон хүүхэд залуучуудыг өршөөх өршөөлийн хууль гаргасныг та санаж байгаа байх.
-
2017 оны 5 сарын 09
Сониноос гэвэл И.Сталин Төмөр (доглон) хааныг их хүндэлдэг хүн байжээ. Тэрбээр дундад Ази Самаркандруу судалгааны баг илгээхээр болж, 1940-оны намар уг багийн ажлын төлөвлөгөө, мөнгө санхүүг нь шийдэж өгсөн байна.
Яг энэ мөчид Германы жанжин Штаб-т А.Гитлерт ЗХУ-руу довтлох тухай санал орж ирж, хэрхэх тухай ярилцаж эхэлжээ. ЗХУ-руу довтлох Барбаросс төлөвлөгөөгөө Самаркандруу судалгааны бага илгээх төсөв батлагдсны дараахан эцэслэн баталсан аж.
Ингээд Самаркандруу явах судалгааны баг ч бэлтгэлээ хангаж, Мөн Германы Арми ч Барбаросс төлөвлөгөөнийхөө дагуу дайны бэлтгэлээ хийсэн байна.
1941-оны 6-р сарын 20-ны орчимоос малтлагын ажил хийгдэж, Яг Төмөр хааны бунханд 1941-оны 6-р сарын 21-ны орой тулж очжээ. Гэтэл хэдэн өвөгчүүд хүрч ирээд ДОГШИН ХААНЫ бунханг битгий нээ. Дайн самуун дэгдэх аюултай гэж анхааруулсан байна.
Судалгааны багийн ахлагч өвөгчүүдийн яриаг орчуулан сонсоод инээж, үл тоожээ. Тэгээд орой болсон байсан тул бунханг маргааш нь өглөө эрт нээхээр болж гэнэ.
Ингээд 1941-оны 6-р сарын 22-ны өглөө 7-8-цагийн үед Төмөр хааны бунханг нээсэн байдаг. Тэр бунханг нээсэн хүмүүс Кино бичлэг хийж, бүгдийг баримтжуулжээ. Цагийн зөрөөг тооцвол бараг СИНХРОН шахуу ЗХУ-руу Германы арми довтложээ.
Нөгөө судалгааны багийн ахлагч 2-3 хоногийн дараа дайн эхэлсэн мэдээг сонсоод өвгөчүүлийн үгийг санан эхлээд гайхаж байжээ.
Өдрөөс өдөрт итгэл бишрэл нь нэмэгдсээр Москва орж, 1942-оны сүүлчээр маршил Г.К.Жуковоор дамжуулан И.Сталинд болсон ядлыг дуулгажээ.
И.Сталин сонсоод угийн Төмөр хааныг хүндэлдэг байсан тул түүний шарилыг бунханд нь яг байсан ёсоор нь хийж буцаан оршуул гэж нилээ их мөнгө хөрөнгө гаргаж өгсөн байна.
Ингээд Төмөр хааны шарилыг буцаан оршуулсны дараахан 1943-оны 1-р сарын 31-нд Сталин градын дэргэд Германы армийг анх удаагаа их хэмжээгээр ялжээ.
Энэ цэгийг ЗХУ-ын дайны эргэлтийн цэг гэж дэлхий даяараа үздэг билээ.
Ийм нэгэн мэдээ уншиж байлаа. Саяхан энэ тухай нэгэн баримтат кино ч хийгдсэн байхыг ч олж үзжээ.
За тэр ч яахав. Дайн гэдэг ямар л олигтой юм байв гэж.
Эцэст нь Славян охидын үдэлтийн марш гэх гунигтай, сүрлэг аялгууг оруулъя.
Марш ”Прощание Славянки”
-
2017 оны 5 сарын 08
Удахгүй Агуу Их Ялалтын ой болох гэж байна. Улаан талбайн яруу алдарт парад “Священнная война” буюу “Ариун дайн” дуугаар эхэлдэг. Энэ агуу дууг оросууд голдуу босч сонсдог заншилтай. Иймээс түүнийг Төрийн дуулалтай дүйцэх дуу гэдэг. Энэ дуу үүссэн товч түүхийг өгүүлсү…
-
2017 оны 5 сарын 05
Хятад улсын иргэний агаарын тээврийн салбар цар хүрээгээрээ дэлхийд хоёрдугаарт буюу зөвхөн Америкийн дараа орж байгаа юм. Тэгвэл тун удахгүй тус улс энэ салбарт дэлхийн тэргүүлэх гүрэн болох нь цаг хугацааны асуудал болон хувирчээ. Дараачийн хорин жилд хятад улс зөвхөн БОИНГ компаниас гэхэд л 6500 гаруй том оврын зорчигч тээврийн нисэх онгоц худалдан авахаар захиалгаа өгчихөөд байгаагийн нийт өртөг бараг нэг их наяд доллар руу бараг дөхөж очсон аж.
Үүнтэй холбогдоод тус улсад жил болгон 4000-5000 чадварлаг бэлтгэгдсэн нисгэгч хэрэгтэй байгааг Хятадын дотоодын нисэх хүчний их сургуулиуд бэлтгэн гаргах ямар ч боломжгүй байгаа тул гадаадын нисэгчдийг өндөр өртгөөр урьж ажиллуулах бодлого баримтласны үр дүнд дэлхийн 50 гаруй орны нисгэгчид тэрхүү ”интернацианал багт” ажиллаж байгаа юм.
Угаас овжин сэргэлэн америкийн томоохон ”ангууч байгууллагууд” хятадын дотоодын энэхүү асар том хэрэгцээг аль хэдийн олж харчихаад янз бүрийн улсын нисэгчдийг элсүүлэн зуучлаад дундаас нь маш их ашиг олдог болсон байна. Гадаадын нисэгчдийн тэргүүнд эгнээнд одоогийн байдлаар Өмнөд Солонгос, Америк, Бразилийн нисэгчид эхний гурван байранд манлайлдаг байсан бол сүүлийн жилүүдэд Оросын нисэгчид гуравдугаар байр руу хүч түрэн орж ирэх болжээ. Үнэндээ Оросын нисэгчид нэлээд хожуу буюу 2015 оноос эхлэн Хятадын иргэний агаарын тээврийн зах зээлд анх хөл тавьсан юм. Энэ байдлаараа бол тун удахгүй тэд тэргүүн байранд явж байхад нэг их гайхаад байх зүйлгүй болжээ.
Хятадууд Орос нисэгчдийн ур чадвар сайн, мэргэжлийн ёс суртахуун өндөр, сэтгэлзүйн бэлтгэл сайтай зэргийг бахдан бишрэх болсон бол Оросууд харин Хятадад янз бүрийн загварын нисэх онгоцнуудтай харьцах өргөн боломжтойгоос гадна, хамгийн гол нь жилд 260 000 долларын цалин авах боломжтой байдаг нь тэднийг өөртөө түлхүү татах болсон аж. Мөртлөө бас болоогүй 3 жил тогтвортой ажилласны дараа цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээний бонус авдаг гэж байгаа.
Бид зөвхөн нүүрс мүүрсхэн бодоод өвөр зуураа толхилцоод сууж байх хойгуур хүний хүүхдүүд өмнөд хөршийн хөгжлийг өөрсдөдөө хамаатай өргөн боломж гэдэг утгаар харж энэ мэт сүйхээтэй хөдлөөд л байх юм даа.
Манайх тэмээн тоотой хэдхэн чадварлаг нисэгчдээ урд хөрш рүү гаргаад учиргүй баяжуулчихдаггүй юм гэхэд адаглаад тэднийгээ алдчихалгүй тогтоогоод байх цалин урамшууллыг нь одооноос ултай бодож байхгүй бол болмооргүй санагдана. Хятадын иргэний агаарын тээврийн хөгжлөөс бидэнд унац ашиг юу байж болох талаар одооноос холбогдох байгууллагууд тодорхой судалгаатай байвал зүгээрсэн дээ.
Билгийн мэлмий нь нээгдсэн жаахан сийрэгхэн ажилладаг сүйхээтэй толгойны хувьд бол ”Хятадын хөгжил” хэмээх том бялууны энэ мэт хэлтэрхий энд тэнд хөглөрөөд хэвтэж байгааг санаасай билээ гэсэндээ энэхүү бичлэгийг тэрлэв.
-
2017 оны 5 сарын 05
ХЯМРАЛЫГ ЭХЛҮҮЛСЭН НЯЛХ СЭНГҮМ
2005-оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Энхбаяр МАН-ын их хурал дээр УБ-хотын дарга М.Энхболдыг хөтлөж орж ирээд нэр дэвшүүлэн МАН-ын дарга болгов. Энэ цаг үеээс тэрбээр Монголын их улс төрийн тайзан дээр гарчээ.
Улмаар ор гарсан УИХ-ын Баянгол дүүргийн 65-р тойрогт МАН-аас намын шинэ дарга М.Энхболдыг дэвшүүлэв. Харин АН-аас Е-сайд Ц.Элбэгдоржийг дэвшүүлжээ.
М.Энхболд нь Ц.Элбэгдоржид ялагдахаар байсан ч нэрээ татахгүй бол Засгийн газрыг чинь огцруулна хэмээн шахсаар Ц.Элбэгдоржийн нэрийг татуулан өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулан УИХ-д орж суулаа.
Үүний дараа М.Энхболд нь Ц.Элбэгдоржийн ЗГ-г огцруулна гэсэнд Ц.Элбэгдорж хулхидуулснаа ойлгож, маш ихээр бачимдаж байсансан.
Харин ерөнхийлөгч Н.Энхбаяр нь УИХ-д 36-36-гэсэн хүчний харьцаатай байсан тул Ц.Элбэгдоржийг айлган шахаж байсан ч огцруулах бодолгүй байв.
Эндээс М.Энхболд ба Н.Энхбаярын бодлогын зөрөлдөөн үүссэн аж. М.Энхболд буцах замгүй болсон тул шахсаар 2006-01-13-нд Ц.Элбэгдоржийн ЗГ-г огцруулсан юм.
М.Энхболд УИХ-д 36-36-гэсэн хүчний харьцаатай байсан хүнд нөхцөлд шинэ ЗГ байгуулах гэж ихэд тэвдэж байв. Үүний тулд АН- дотроос Симба Батаа,Гүндалай, БНН-аас Буян Жагай, мэтийн урвагчдыг цуглуулан дагуулж, цоохор ЗГ байгуулжээ.
Мөн тэрбээр Н.Энхбаярын үгийг ч тоохоо болив. Иймд Н.Энхбаяр тэжээсэн бяруугаа шоглох гэсэнд бяруу нь Ц.Нямдорж, Лундээжанцан мэтээр хүрээлэл үүсгэн бэхжиж сөрөн тэмцэж эхлэсэн байна.
Н.Энхбаяр энэ тэмцэлдээ өөрийн гарт байх АТГ-ын хүчийг ашиглаж, М.Энхболдын УБ-хотын дарга байхдаа идэж уусан хэргүүдийг ухуулж эхлэсэн байна.
Гэтэл М.Энхболд сөрсөн базалт хийж, өмнөх нүглүүдийг нь ухаж байсан АТГ-ын дарга ДАНГААСҮРЭН гэгчийг гадаадад томилолтоор явах моментыг тааруулан амыг нь барив. (Албан ёсны актанд гадаадад айлд жорлонд сууж байгаад үхсэн гэдэг). Ингэж тулж ирсэн аюулыг түр намжаав.
Гэтэл Н.Энхбаяр нь энэ тулаандаа ОХУ-д Элчин байсан С.Баярыг ашиглан МАН-ын онц их хурлыг хийлэн, МАН-д
үлдсэн өөрийн фракцын хүчээр шахсаар М.Энхболдыг МАН-ын даргын албнаас нь мултласан юм.
Үнэндээ Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Улаан, Лундээжанцан, Шаравдорж, М.Энхболд нар нь МАН-ын П.ЖАСРАЙН гэх фракцын хүмүүс байсан юм.
Гэвч эд М.Энхболдын (нялх Сэнгүмийн) бодлогоггүй улс төрийн ажилгаанаас болж хоорондоо хагаралдаж, Н.БАГАБАНДИЙН франкцын С.Баярт боломж олгосон нь тэр байлаа.
Товчоор хэлбэл: Н.Энхбаяр залгамжлагчаа буруу таньснаас болж МАН-ын дотоодын хямралыг эхлүүсэн нь энэ аж.
Эндээс М.Энхболдыг МАН-ын дарга, Е-сайдаас хуссан үйл ажилгаа, Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас огцруулсан үйлдэл, 2008-07-01-ны цуст хэрэг, Н.Энхбаярыг 2009-оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулсан, МАН-ын хуваагдал, Н.Энхбаярын баривчилгаа зэрэг хожмын муу үр дагвартай бүх юмууд үүсчээ.
Улс төр гэдэг нарийн тогтсон дотоод зүй тогтолтой Шинжлэх ухаанд ганц бүтэлгүй хүн ороход л 10-аад жил тасралтгүй үргэлжлэх хямралыг үүсгэдэг аж.
Гэвч мань М.Энхболд энийгээ хир ойлгон гэмшин ухаарсан нь одоо ч харагддаггүй юм.
Доорхи гозгор нөхөр бол АТГ-ын анхны дарга Дангаасүрэн гэдэг хүн юм. Энэ хүний сэжигтэй гадны нөлөөтэй үхлийн талаар дүү Дансал гэгч нь одоо ч хөөцөлдсөөр байдаг юм гэнэ лээ.
-
2017 оны 5 сарын 04
Эрчүүд бидэнд адил нэгэн зовлон байнаа. Хайрлан дурлаж хань ижлээрээ сонгосон бүсгүйнхээ ааш авирын учрыг олох гэж зовцгооно. Өнөөдөр цэв цэлмэг, тув тунгалаг байсан тэнгэрт гэнэтхэн бараан хар үүл хуралдаж, цахилгаан цахилж аянга нижигнэн, аадар асгаран хамаг бүхнийг арчин өнгөрөхүйеэ даарч норсон сэтгэлдээ дагжин чичэрч, гэнэтхэн ”юу болоод өнгөрөв өө” гэж гайхан бодох. Гэрэлт наран сацрагаа түгээн хамаг бүхнийг дулаацуулан норсон бүхнийг ээн хатааж, сэтгэл хийгээд биеийг дулаацуулах ахул тайвширч нэгэнтээ мушилзан инээх. Тэртээд нүүгэлтээд холдсон бараан үүлсийг харангаа ”сүртэй юм бэ?” хэмээн инээмсэглэнэ. Юу болоогүй юм шиг нарны ээвэр дулаахан илчинд мансууран нойрмоглох аж. Гэхдээ л тэрхүү нарны дулаахан илчинд тайвширч жаргана.
Заримдаа шиврэн орох бороонд нэвтэртлээ норсон хувцсаа хатаах гэж галын илчинд хичнээн наавч хатаж өгөхгүйн зовлон буй. Ээгээд байгаа хэрнээ норсон хувцаснаас дуслах хүйтэн дуслууд бөнжигнөн урсаж, бие болоод сэтгэлийг жиндүүлнэ. Хөгжилтэйеэ асчих галын дөлийг хичнээн ихээр гөлрөн ширтэвч, хувцас хийгээд сэтгэл хатан дулаацаж өгөхгүй сэтгэлийг минь дагжин чичрүүлэх аж. Яг энэ үед норсон сэтгэлээ зуун граммаар даруулж хатаамаар ч юм шиг санагдах үе бий. Хувцас болоод биеийг минь хатааж амжихгүй байгаа галын дөл рүү гөлрөн ширтэх харцанд, бороонд нороод даарсан болжморынх шиг арчаагүй төрх тодорно. Яагаад ч юм бэ? асгарсан борооны дуслууд ууршиж амжаагүй байхад сэтгэлээ хатаах гэж чармайх бидний горьдлого.
Их гоёмсог цэцэгсийн дунд хөгжилтэйеэ хөөцөлдөн гүйлдэх тэр мөчид гэнэтхэн чулуу таарч хөлийг нь зүсэн цус асгаруулах мөч. Би өвдөг дээрээ борхирон сууж чиний хөлнөөс асгарах цусыг долоох гэвч чи янгуулчлан чангаар орилон хашгирахад миний сэтгэл тарчилж, гэнэт зогтусдаг. Зүгээр л балмагдсандаа тэвдэж байгаа нь тэр. Чиний гар миний хүзүүгээр чанга гэгч тэврэн, би чамайгаа өргөн тэртээх уулс рүү гүйх мөчдөө сэтгэл дотроо ”дахиад хэзээ ч чамтайгаа цэцэгсийн дундуур хөөцөлдөн гүйхгүй” гэж өөртөө амлан, миний хөлийг зөөлхнөөр ороон гижигдүүлэх цэцэгт талыг үзэн ядаж орхин одно. Гэхдээ л хэзээ нэгэн цагт сэтгэлийг минь гижигдэн дуудах цэцэгт нуга руу хараа билчээн сэтгэлээ аргаддаг. Тэр нугаар хичнээн баяртайгаар хөөцөлдөн гүйхийг хүсэх авч, тэр л орчинд хөл зүсэх чулуу буй хэмээн айн ширвээтэнэ.
Хав халуун цөлд бороо нэгэнтээ асгарч хамаг бүхэн тэр дуслуудаас шим тэжээл аван дэлгэрэх шиг гайхамшигтай, аз жаргалтай мөчүүдэд хамтдаа л баймаар. Зүгээр л тэр бороон дунд чамайгаа цээжиндээ тэврэн нэвт норж зогсмоор ч юм шиг. Чамайгаа чангаар тэврэн ангасан хөрсийг дэвтээн амилуулах тэр л газар дээгүүр чанга чангаар инээлдэн гүймээр, чамайгаа газарт буулган араас нь хөөж гүйцэх гэж хамаг чадлаараа хашгиран гүймээр. Халтирч унасан зөөлхөн газар дээр чамайгаа шавартай хутган орилуулмаар, дараа нь дээрээс асгарах зөөлхөн бороон дунд хоёулаа угаагдан, чиний зөөлхөн уруулыг уруулаараа тэмтчин байж үнсмээр. Бороонд норсон сэтгэлээ аргадан байж хатаамаар. Энэ зөөлхөн борооны уянгалаг дуслууд чамд намайг, надад чамайг уусган буйг бүх бие сэтгэлээрээ мэдрэн амталмаар. Тэгээд л чамтайгаа хөтлөлцөн тэртээх алсад нумрах солонго руу гүймээр. Тэнд л бидний аз жаргал буй гэдгийг мэдэрч бие бие рүүгээ харан хамаг сайхнаар инээмсэглэмээр. Бие биедээ уусч тэртээх хол руу хамтдаа шувууд болон нисмээр. Тэнгэрийн уудам орчилд хамтдаа л байж, чиний муухай араншинг мартмаар.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 5 сарын 03
...МАН-ын бүлэг засаг дарга Су.Батболдыг шахамдуулж, гарыг нь мухарлаад байна, сонгуулийн дараа өөрчлөх нь тодорхой болжээ. Их сайндаа Су.Батболд М.Энхболдын суларсан тойрогт дэвшиж амиа хоохойлж болох ч бас цагаа тулахад тэгтлээ хаа ч юм. Дэвшлээ ч ялтлаа хаа юм...
-
2017 оны 5 сарын 01
.УИХ-аар хэлэлцэгдэх гэж байсан ”Зөрчлийн тухай” хууль тойрсон маргаан мэтгэлцээн сошиалд өрнөж байна. Алив зүйлийг зөвхөн нэг талаас нь хараад дүгнээд байвал буруутгаж маргалдах шалтаг заавал гардаг. Ямар нэгэн асуудал дээр нэг талыг барьж туйлширдаг, үүний улмаас маргалдаж бие биеэ хараан зүхэж талцдаг үзэгдэл даамжирсаар. Харин шийдлийн хувьд нэгдсэн ойлголцолд хүрч чаддаггүй нь монголчууд бидний муу чанар төдийгүй бусад хүмүүс зорилготойгоор ашиглах боломж нь болдог. Хэдийгээр би сэтгүүлч биш боловч, өөрийн санаа бодлоо нэмэрлэхийг хүслээ.
* СЭТГҮҮЛ ЗҮЙН ТАЛААСАА:
1. Монголын олон хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрчдийн мэдэлд байдаг төдийгүй, үүнийгээ улстөрийн сонгуульд бие биенээ гүтгэхэд ашигладаг нууц биш. Энэ шалтгаанаар ”Хэвлэлийн эрх чөлөө” хязгаарлагдмал байгаа нь ч үнэн.
2. Олон сайн сэтгүүлчид нийгэмд зөв мэдээлэл өгөхийг хичээдэг боловч олон муу сэтгүүлчид бусдын захиалгаар, гүтгэлгийн чанартай, хар бараан зүйлс бичдэг нь нууц биш. Энэ шалтгаанаар сэтгүүлчдийн үнэлэмж буурч, хүмүүс тэдэнд итгэхгүй байгаа нь ч үнэн.
3. Сонгуульд ялсан улстөрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ”Хаалтын гэрээ” байгуулж, улс орны нийтлэг эрх ашгаас урвасан, хууль бус муу үйлдлүүдээ олон нийтэд мэдээллүүлэхгүйгээр ”үгсэн хуйвалдаж” байгаа нь нууц биш. Энэ шалтгаанаар нийгмийн буруу тогтолцоо бий болж, бид бухимдан тэмцэхийг хүсч байгаа нь ч үнэн.
*УЛСТӨРЧДИЙН ТАЛААСАА:
1. УИХ-ын гишүүн Гарамжав, ”Хэвлэл мэдээллийн байгууллагуудад” шударга ёсыг тогтоон, хариуцлагын шударга тогтолцоог бий болгохын төлөө энэ заалтыг оруулсан гэж бодохгүй байна. Зүгээр л тэд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг айлган дарамтлахыг хүссэн байх.
2. Хууль бус үйлдлүүд нь болон хариуцлагагүй замбараагүй байдал нь даамжирсанд тэсвэрээ алдсан сэтгүүлчдийн зөв мэдээллүүд өнөөгийн улстөрчдийг ”айлгаж” бас ”залхааж” байгаа болохоор тэд өөрсдийгөө хуулийн ийм заалтаар хамгаалахыг хүсч байгаа. Тэд ийм байдлаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын эздийг хязгаарлахыг хүсч байж ч болох юм.
3. Хууль хэрэгжүүлэх байгууллагуудын удирдлагуудыг тэд томилдог болохоор, хуулийн ийм заалтыг улстөрчид өөрсөддөө ашигтай байдлаар ашиглаж чадна. Өөрөөр хэлбэл бие даасан, хараат бус хуулийн тогтолцоо бүрдээгүй цагт хүмүүс хуулийн шударга хэрэгжилтэд итгэхгүй байгаа төдийгүй, хууль зөвхөн улстөрчдөд үйлчилнэ хэмээн хардаж байгаа хэрэг.
*ЯАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ?
-”ГҮТГЭЛЭГ” гэж юу юм бэ? ”ГҮТГЭСЭН” гэдгийг хэн, хэрхэн нотлох вэ? ”ГҮТГҮҮЛЭГЧ”-ийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ? гэсэн олон асуудлуудад нухацтай, бодитой хандах хэрэгтэй болж байна. Энэ хуулийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдээр ч хэлэлцүүлэх шаардлагатай болно. Энэ хууль хэрэгтэй хууль боловч яг өнөөдөр цаг нь болоогүй байна хэмээн харж байна л даа. Сайн хөрсөн дээр ургасан хууль, бусдаас өшөө авах шалтгаан болохгүй байх.
-Энэ асуудал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж чадсан шигээ, ”Хэвлэл мэдээллийн байгууллагууд”-ын бие даасан байдал, хэвлэлийн эрх чөлөө, хариуцлагын асуудал дээрээ анхаарч өөрчилбөл юутай сайн сан. Яг үнэндээ одоогийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад сайн стандарт тогтоон мөрдүүлж чадвал, 5-8 ТВ болон Медиа групп л оршин тогтнож үлдэнэ дээ. Ийм шаардлага ч буй болжээ. Тэд ч аажимдаа төрөлжин, өөр өөрсдийн хэрэглэгчтэй болж чадна.
-Улстөрчид ч, сэтгүүлчид ч буруу муу үйлдлийнхээ төлөө ав адилхан ХАРИУЦЛАГА хүлээдэг байх тогтолцоо руу бид хүссэн ч хүсээгүй ч явна. Өөр зам бидэнд үгүй. Ийм хариуцлагын тогтолцоо бий болсноор нийгэм эрүүлжих тийшээ хандаж, хүмүүс ч бие биенээ гүтгэн доромжлох нь багасах болно.
Сүүлийн үед олон асуудлууд дээр сэтгүүлчид сонор соргог байж, өөрийн санаа бодлоо зоригтойгоор илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Энэ чинь иргэдийн идэвхи урмыг сэргээх эхлэл болж байгаа. Ер нь алив зүйлийг нэг талаас нь бус олон талаас нь үгүйдээ л хоёр талаас нь харьцуулан дүгнэж байх нь зөв хариу, шийдэл олохын баталгаа мөн. Хичнээн муугаар харж байвч урагшаа алхаж байгаа болохоор бүх зүйлс сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа. Гэхдээ энэ бүхэн миний л хувийн бодол юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 5 сарын 01
... Цөмийн зэвсэгт 5 орон, хүчирхэг армитай нь ШОНХОРУУД Л энхтайваныг хүчээр барьж байгаа биз дээ. Энэ муу тагтаа бол хүний хоол булцаалддаг ямарч ид шидгүй, хулгайч, бэлэнчлэх сэтгэлгээтэй, паразит шувуу...
-
2017 оны 4 сарын 28
ҮЕРИЙН ДАЛАНГ СЭТЛЭЖ БАЙГАА ХҮН УСАН ТЭНЭГ ЭСВЭЛ МАШ БОГИНО БОДОЛТОЙ ХҮН БАЙДАГ
-
2017 оны 4 сарын 28
Улс төрчдийн хамгийн итгэлт “бууны нохой” Дээд Шүүх нэг муу шоронгийн луйварчны удаа дараагийн хүсэлтийг биелүүлж, ТТЭНН-ын дарга Г.Уянгыг “хөөж”, нөгөө муу шоронгийн луйварчнаа даргаар нь тавив. Монголын бүх улс төрийн намын бүх дарга нарыг заавал, албатай мэт шоронтой холбоотой хүмүүсээр тавих гэсэн адгийн бодлого хэрэгжиж байна. Энэ явдал маш эртнээс эхтэй юм. Монголын олигархууд, МАНАН-гийхан, Дээд Шүүх болон хууль хүчний байгууллагууд ганц бүсгүйд дайн зарлаад тун их удаж байна. Энэ тухай үнэн түүхийг өгүүлэх нь судлаач миний үүрэг юм.
Г.Уянгын амжилт
Г.Уянга бол улс төрийн урт удаан тэмцлийг туулан, ард түмний дундаас УИХ-д орж чадсан тун цөөн улс төрчийн нэг юм. Г.Уянга УИХ-д орсон өдрөө буюу Анхдугаар чуулганы хуралдаан дээр:
“Одоогийн УИХ тарж, шинэ Үндсэн Хуулиа баталж, намуудыг дахин бүртгээд сонгуулийг шинээр явуулъя” гэж уриалсан. Түүний үгийг хэн ч тоосонгүй. Гэвч түүний энэ үг одоо ч гэсэн ихээхэн ач холбогдолтой. Одоо эрх баригчид хүртэл Үндсэн Хууль өөрчилнө гэж давхилдаж байгаагаар Г.Уянгын үнэн бөгөөд зөв байсныг нотолж болно.
Г.Уянга УИХ дахь хулгай, дээрэм, луйвар болгоныг цохон илчилж, аймшиггүй эсэргүүцэж, таслан зогсоох улс төрийн асар хүнд бөгөөд тэнцвэргүй тулалдаан эхлүүлэв.
Хамгийн эхлээд С.Баярын АНУ дахь 7 байрны асуудлыг баримтаар гарган тавьж олон нийтийн анхааралд анх оруулав. Оюу Толгойн тэгш бус, шударга бус гэрээг Дубайд нууцаар хийснийг эсэргүүцэж Засгийн Газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барив. Энэ үеэр Ч.Сайханбилэгийн Засгийн Газар Оюу Толгойд тавьсан 130 сая ам.долларын татварын актыг 30 сая ам.доллар болгон бууруулсныг Г.Уянга Засгийн Газраас нэхсэн юм. 2016 оны 01 дүгээр сард энэ асуудлыг УИХ хэлэлцэхэд Ц.Элбэгдорж өөрийн биеэр ирж үг хэлэн “сүрдүүлж” байж Засгийн Газраа авч үлдэв.
Ц.Элбэгдоржийн дотнын найз “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан, АНУ-ын иргэн Жастин Каплагийн Монголд төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн татварыг нэхэв. Мөн Ц.Элбэгдорж Монголын хуулийг уландаа гишгэж, түүнийг ялаас чөлөөлснийг буруутгав. Мөн Оюу Толгой компаниас “хууль зүйн зөвлөгөө авах” нэрийдлээр Ц.Элбэгдоржийн өөр нэг “америк найз” Роберт Пейнтер авгай, нөхрийн компанид мөнгө шилжүүлсэн гэмт хэргийг илчилж, түүнд 7.1 тэрбумыг төгрөг өгөхгүй гэв. Аль хэдийн хагас тэрбум төгрөг Р.Пейнтер рүү шилжүүлсэн С.Баярцогтыг огцруулах гэж зүтгэв. Жастин Каплаг өршөөсөн Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг дэвшүүлэн тавив. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д жил бүр тайлан тавих хуулийг 7 жил зөрчсөнийг илчилж, түүнээс шаардсаны хүчинд Ц.Элбэгдорж арга буюу УИХ-д анх удаагаа тайлангаа тавьсан нэр зүүв. Төгрөгийн ханшийг унагаж, эдийн засгийн сүйрэлд оруулсан гол буруутан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулна гэв. Ноён уулыг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, хамгаалав.
Г.Уянгын шударга, зөв, үнэн, тууштай тэмцэл асар их бэрхшээл туулсан ч ихээхэн амжилт олж, олон түмний дунд Г.Уянгын нэр хүнд тасралтгүй өсөв. Сантмарал сангийн 2015 оны 03-04 дүгээр сард хийсэн судалгаагаар Г.Уянга монголын шилдэг улс төрчдийн дунд эхнээсээ 3 дугаар байранд, 2016 оны 03 дугаар сард хийсэн судалгаагаар 4 дүгээр байранд зогсох болов. Энэ нь Г.Уянгын нэр хүнд асар их өсөж, олон түмэн түүнийг дэмжих болсныг тод харуулдаг. Ийнхүү Г.Уянга Монголын улс төрчдийн тэргүүн эгнээнд өөрийн шаргуу хүч хөдөлмөр, нөр их тэмцлийн үр дүнд орж чадсан юм. Хэрэв Г.Уянгын тавьсан шаардлагуудын мөрөөр шалгасан бол, хэрэв түүний шаардсанаар адгийн шааруудыг огцруулсан бол Монгол Улс улс төр, эдийн засгийн дампуурал сүйрлээс зайлсхийж болох байлаа.
Монголын улс төрчид “зарим нэг алдааг” шүүмжилдэг бол Г.Уянга системийн түвшинд шүүмжлэл өрнүүлж, адгийн бохир системийг эвдэх гэж тэмцсэн юм. Энэ нь хулгайч, дээрэмчин, луйварчин, авилгач эрх баригчдад таалагдаагүйгээр үл барам үлэмж ноцтой аюул тарих хэмжээнд хүрчээ. Ийм учраас олигархи, МАНАН-гийн эрх баригчид түүнийг УИХ-д дахин сонгуулахгүй байх хорон ажиллагаа сэдэж, түүнийгээ маш нууц хорлогчинтой аргаар хэрэгжүүлж эхлэв.
Бузар гүтгэлэг
Ид сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Х.Эрдэнэчимэгийн “согтуу” хэмээх бичлэгийг тарааж, тэр бичлэгийг Г.Уянга бичиж бусдад зарж тараасан гэж бузар гүтгэлэг хийв. Үүнийгээ эрх баригчдын мэдлийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр “үлэмж ноцтой асуудал” болгон Монгол даяар түгээв. Монголын ард түмний тархийг бүх нийтээрээ “ёс суртахууны шүүгч” болтол нь угаав. Нөхрөө “түгжилдсэн” Г.Уянгын “бузар үйлдлийг” илчлэн жигшиж, яллан шийтгэх “бүх нийтийн хөдөлгөөн” өрнүүлэв. Гэтэл саяхнаас үнэн явдал илрэв. Эл бичлэгийг тухайн үеийн УИХ гишүүн, одоо Улаанбаатарын мэр Су.Батболд хийж тараасан нь тодорхой болов. Сү.Батболд М.Энхболдын дотнын хүн гэдгийг олон хүн мэднэ…
Хамтран ажиллагсад ажил тарсны дараа хэн нэгнийхээ өрөөнд цуглаж, ганц нэг шил юм цааш харуулж, сонин хачныг ярьж, хөгжилдөх нь хэвийн үзэгдэл, шууд хэлэхэд “монгол ёс заншил” юм. Энэ үеэрээ завхай зайдан юм ярьж, марзганахгүй байна гэж номонд хазгай. Би гэхэд л хүүхнүүдээр шилэн хүзүү, далан дундуураа нүдүүлж, чимхүүлэх шийтгэл мөн ч олон удаа амссан юмдаг. Ингэлээ гээд найз нөхдийн дотно, хүмүүнлэг харилцаа тасарч байсан тохиолдлыг би л лав санахгүй байна…
Хэрэв энэ төрийн үед дээрх заншил больчихоогүй бол тэр шүү дээ. Гэхдээ ийм наргианы үеэр ярьсан яриаг олон нийтэд тарааж, тэнд оролцогчдыг, ялангуяа эмэгтэйчүүдийг гутаан шившиглэж байсан тохиолдол ганц ч байгаагүй юм. Хэрэв ингэх аваас тэр хүнийг монголчууд эр хүний нүнжиггүй, адгийн новш хэмээн нэрлэж, бүх хүн түүнээс зайгаа барих мэдээж хэрэг. Энэ дүгнэлтийн үнэн зөв болохыг Су.Батболд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас, цаашилбал 2020 оны сонгуулиар өмнө өөрийн биеэр мэдэж, ойлгож, амсах нь гарцаагүй…
Давхар нэр дэвшигч
Адгийн новшнууд үүнээс бүр ч илүү хорон санаа сэджээ. Тэд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан манай Гантөмөрийн Уянгыг хорлох гэж Ганболдын Уянга гэгчийг олжээ. Тэрхүү Ганболдын Уянга гэгч нь Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатын хамтран ажиллагч, МЗХ-ны ажилтан аж. Түүнийг Занаа, Сүхжаргалмаа зэрэг авгайчуудын “Иргэний хөдөлгөөний нам”-аас манай Г.Уянгыг сөргүүлэн тавив. Хуурамч Уянга ямар ч сурталчилгааг явуулсангүй, тойрогтоо нэг ч удаа очсонгүй, ямар ч сурталчилгааны материал хэвлүүлсэнгүй, иргэд сонгогчидтой нэг ч уулзсангүй. Түүний зорилго нэрээ дэвшүүлж, жинхэнэ Уянгыг хорлох явдал байлаа. Хуурамч Уянга бузар булай луйвар, шууд хэлбэл гэмт хэрэг үйлдчихээд ямар ч гэм зэмгүй өнгөрнө гэж бодож байвал ихээхэн эндүүрч байна. Бид түүнийг олж, удахгүй олон нийтэд зарлах болно…
Саналын хуудсанд мөр болон баганаар хоёр Уянгыг сөөлжүүлж, өрөөлдүүлэн хэвлэснээр сонгогчид олноороо будилжээ. Хуурамч Г.Уянгын төлөө бараг 700 хүн саналаа өгснийг сонгогчдын “соёл боловсролтой” биш, луйварчдын бузар үйлдэл, гэмт хэрэгтэй холбон үзэх нь зүйд нийцнэ. Г.Уянгыг “устгах” ажлыг МЗХ-ны дарга А.Мөнхбат өөрийн биеэр зохион байгуулжээ. Тэр хамгийн эхлээд өөрийн гаргасан “хар жагсаалт”-даа Г.Уянгыг оруулснаар энэ хорон ажлаа эхэлсэн юм. А.Мөнхбат Ч.Сайханбилэгийн мэдлийн Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дэд даргын алба хашиж байснаа МЗХ-ын Ерөнхийлөгч гэнэт болсон этгээд юм. А.Мөнхбат сонгуулийн үеэр “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн өрнүүлж байв. Одоо Монголын төр хулгайч, дээрэмчин, луйварчнаар пиг дүүрээд байхад түүний сүржин нэртэй “Хулгайчгүй Монгол” таг чиг байна.
Ц.Элбэгдоржийн занаа
УИХ-ыг огт тоохгүй загнадаг байсан Ц.Элбэгдоржийг зогсоож, УИХ-д анх удаа тайланг нь тавиулсанд тэр хорсох нь мэдээж. Улмаар Г.Уянга түүний “дотнын найз” Жастин Каплагийн луйврыг сөхөж, Ц.Элбэгдоржийг огцрохыг шаардсан нь бүр занал хорсол төрүүлэв.
Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах улс төрийн 12 үндэслэл гаргасан нь үлэмж ноцтой аюул бий болгожээ. Учир нь энэхүү 12 үндэслэл маш нарийн тооцоо судалгаатай учраас тун ч удахгүй дахин сөхөгдөх нь гарцаагүй. Ноён Ц.Элбэгдорж Г.Уянгын гаргасан 12 үндэслэлийн аль нэг буюу хэд хэдэн “зүйл ангиар” шийтгүүлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал юм. Ц.Элбэгдоржийн “оймс гозойх” цаг удахгүй л дээ…
Г.Уянгыг УИХ-ын сонгуульд унагах операцийн эхний шат амжилттай хэрэгжив. Одоо түүнээс ТТНЭН-ыг булаан авах нь зүйтэй…
Шоронгийн луйварчин “мандав”
УИХ-ын дараа ТТЭНН-ын анхны дарга Баянбилэг гэгч тодрон гарч, Г.Уянга руу дайрч эхлэв. Үндэслэл нь “сонгуульд нам унагасан”. Үхсэн баас л байхгүй юу ?! Хэн ч үл мэдэх наманцрыг хүлээн аваад асар богино хугацаанд нэр хүндийг нь өргөж, олон нийт таньдаг мэддэг болгосон нь зөвхөн Г.Уянгын гавъяа юм. Г.Уянгаас өмнөх ТТЭНН-д “унаад байх” ямар ч нэр хүнд байгаагүй. Харин Г.Уянгын нөр их ажлын үр дүнд ТТЭНН парламентад суудалтай 3 намын дараа 4 дүгээрт орох санал цуглуулж нэр хүндээ асар их өсгөсөн юм.
Баянбилэг УИХ-ын сонгуулийн ид үеэр буюу 2016 оны 4,5 дугаар саруудад залилан луйвар хийсэн хэргээр Ганц худагт сууж байв. Улс төрийн аль ч нам гаргасан шийдвэрээ шоронд сууж байгаа лаларт очиж үзүүлдэг явдал энэ хорвоод байхгүй. Гэтэл “надад дуулгасангүй” гэнэ. Хуцваа л байхгүй юу. Баянбилэг залилан луйвар хийсэн 180 сая төгрөгөө ТТЭНН-ын жинхэнэ дарга Г.Уянгаас гаргуулах гэж нэхэж байсныг гэрчлэх олон хүн бий…
Ингээд Баянбилэг Г.Уянгыг намын даргаас огцруулах “хөдөлгөөн” өрнүүлэв. Ийм ноцтой том ажлыг нэг муу шоронгийн луйварчин хийдэггүй юм. Гэвч түүнд туслах “дээд хүчин” байсан ба тэр нь Ц.Элбэгдорж байлаа…
Хамгийн эхлээд Ц.Элбэгдоржийн мэдлийн Монгол медиа корпорацийн гол гишүүн “news.mn” сайт Баянбилэгт тусалж, үгийг нь бичиж өгөөд, түүнийгээ тараадаг ажилтай болов. Баянбилэг тал хуудас цаас ч эвлүүлээд биччихэж чадахгүй, ямар ч боловсролгүй хөгийн гар билээ..
Гэтэл сүүлийн хагас жил гэхэд л Баянбилэг “news.mn” сайтад 7-8 удаа ярилцлагаа нийтлүүлж “рекорд” амжилт тогтоон “мандаж” эхлэв. Монголын улс төрчдөөс ганц ч хүн хагас жилийн дотор ийм олон давтамжтай ярилцлага өгч байгаагүй атал нэг муу шоронгийн луйварчин тэднээс хамаагүй хол даван гарах нь тэр. Түүнд Монголын бүх улстөрчид атаархах хэрэгтэй л дээ…
Монголын олон нийтийн өмнө ТТЭНН-ын тамга тэмдгээ дуртайяа хүлээлгэн өгсөн Баянбилэгээс намын бүх бичиг баримтыг нэхэж аваагүй нь Г.Уянгын гаргасан цорын ганц алдаа байлаа. УИХ сонгууль хаяанд ирсэн учир намын архив сонирхон үзэх цаг зав Г.Уянгад үнэндээ байгаагүй юм. Харин луйварчид үүнийг харж чаджээ…
Монголын Дээд Шүүх бол “доод сүв” мөн
Монголын өмхийртлөө ялзарсан Дээд Шүүх ахиад л улс төрийн шийдвэр гаргаж, луйварчдын талд оров. Ийм адгийн шийдвэр Дээд Шүүхийн хувьд анхных биш юм. 2011 оны 09 дүгээр сард Д.Энхбатын Ногоон Нам, С.Оюуны ИЗН-ууд нийлж, ИЗНН намыг байгуулсан юм. Энэ хоёр нам хуулийн дагуу албан ёсоор хурлаа хийж, шинэ намаа бүртгүүлэхээр Дээд Шүүхэд хандав.
Гэтэл Ц.Элбэгдоржид 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч болох маш өндөр магадлалтай Д.Энхбатыг “устгах” бодит шаардлага үүсчээ. Ингээд Монголын Дээд Шүүх нэртэй адгийн, новшийн байгууллага ИЗНН-ыг ямар ч шалтгаангүйгээр бүртгэсэнгүй. Энэ бол адгийн шившигт, бузар хэрэг байлаа. Тэр үед би “Одоо Дээд Шүүхийг шатааж бослого гаргаж болно.” https://ganaa.mn/2011/09/16/qwiouyy/ гэсэн өгүүлэл бичсэн нь одоо ч миний блогт байгаа.
Энэ удаад Дээд Шүүх бузар луйварчдад үйлчилж Г.Уянгыг ТТЭНН-ын дарга биш, харин шоронгийн луйварчин Баянбилэгийг дарга гэсэн “шийдвэр” гаргав.
2016.04.29-нд Дээд Шүүх Г.Уянгын ТТЭНН-ын намын дарга болсныг хүлээн зөвшөөрч бүртгэсэн. Мөн 2016.11.21-нд Дээд Шүүх: “тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзээд Г.Уянгын талд гаргасан шийдвэрийн бэх нь ч хатаагүй байна. Улс даяар эрэн сурвалжлагдаж буй шоронгийн луйварчин өргөдөл бичих болгонд Дээд Шүүх хуралдаж, түүнд “давуу эрх” олгож, луйварчны талд шийдвэр гаргаж байгаа байгаа нь Монголын Дээд Шүүх “доод сүв” болон хувирсны баттай нотолгоо мөн.
Сая болсон Дээд Шүүхийн хуралд Г.Уянга оролцох боломжгүй байсан. Энэ талаар Г.Уянга өөрөө ийн бичиж байна: “Миний бие 9 долоо хоногтой бие давхар байсан бөгөөд ачаалал, хямрал нэрвэж хүүхэд минь амьгүй болж, улмаар их хэмжээний цус алдаж эмнэлэгт байсан учраас үнэндээ шүүх хуралд оролцох боломжгүй байсан.” Үүнийг Дээд Шүүх “шүүхийг үл хүндэтгэсэн” гэж ойлгожээ. Тэнд чинь голдуу эмэгтэй хүн, эх хүн ажилладаг биз дээ. Ингэхлээр “Одоо Дээд Шүүхийг шатааж бослого гаргаж болно” гэдэг үгээ би давтан хэлж байна…
Тэмцэл дүрэлзэхийн цагт…
Ийнхүү Монголын улс төрд ард түмний дундаас торойн гарч ирсэн ганц хүүхний эсрэг Монголын улс төрийн бараг бүх хүчин, олонхи хэвлэл мэдээллийн хэрэгсэл дайн зарлаж, тэр нь ямар үр дүнд хүрснийг би хангалтай харуулж чадсан гэж бодож байна.
Г.Уянгыг буруутгаж, ил тод шүүмжлэх “зоригтой” улс төрч олон жилийн явцад ганц ч гараагүйг би цохон тэмдэглэж байна. Адгийн шаарууд ил хэлэх “зориг зүрх”-гүй болохоороо далд цуврал хуйвалдаан зохион байгуулсан нь хамгийн жигшилтэй, хамгийн бузар булай үйлдэл юм.
Гэвч Г.Уянга бол ирж яваа цаг, Ц.Элбэгдорж бол харьж яваа цаг юм. Үүнийг улс төрийн үйл явдлын өрнөл тун удахгүй харуулна. Энэ бол гарцаагүй…
Мөн ТТЭНН шоронгийн луйварчны мэдэлд очсоноороо булшныхаа нүхийг ухсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Одоо Г.Уянга болон бидний нөхдөд ТТЭНН огт хамаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бидэнд хулгайч, дээрэмчин, луйварчидтай тэмцэж, тэдний бузар системийг эвдэх тэмцэл өрнүүлэх өөр асар олон арга, зам буй…
Ганцхан бүсгүйн эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгч, эрх баригч АН, МАН-ын эрх баригчид бүгдээрээ нийлж, хуйвалдаж, бөөрөлхөж, гүтгэн доромжилж, гутааж, өш хонзон зангидаж байгаа бол Г.Уянга асар их хүчтэй, үнэн бөгөөд зөв түүний талд байгааг хөдөлбөргүй нотолж байна.
Тэмцэлд хатуужиж, хат суусан Г.Уянга шиг улс төрчийг зогсоож, таягдан хаях боломжгүй гэдгийг хүний адаг болсон шаарууд тун удахгүй мэдэх болно…
-
2017 оны 4 сарын 27
Зөрчлийн хуулийн эсэргүүцсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйлдэлд дургүйлхэх иргэд цөөнгүй байна. Гүтгэхээ л болчих, худлаа зүйл бичихгүй байвал торгууль төлөхгүй, хардах эрх нэрийн дор сэтгүүлчид гүтгэх гэж байна, мөнгөний төлөө худалдагдсан сэтгүүлчид амиа аргацаах нүхээ олж ядаж байна хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн иргэд цахимаар дүүрэн.
-
2017 оны 4 сарын 27
...Өнгөрсөн хугацаанд намынхаа лидерүүдийн нэр хүндийг навсайтал унагааж, бүгдийг нь хулгайч луйварчин гэсэн хаягтай болгоод авав. Өөрийнхөө гарын хүнийг АН-ын даргаар тавилаа. Ингэснээр ёстой л санаснаа хийж, сарвайснаа авдаг болоов шүү...