МАХН-ын дарга Н.Энхбаярын биед халдан, өнөөдөр өглөө 06.00 цагийн орчимд хүч хэрэглэн, хууль бусаар баривчилсан. Түүнийг баривчлахдаа 50 гаруй тусгай тасгийн цагдаа, 5О гаруй энгийн хувцастай үл мэдэгдэх этгээдүүд, 600 орчим цагдаагаар хүч хэрэглэсэн хэмээн МАХН-аас мэдээлэв.Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Б.Шинэбаяр, О.Чулуунбат нарын халдашгүй байдал, амь биед халдаж, гэмтэл учруулсан байна.
Түүнчлэн сэтгүүлчдийг зодох, мэдээлэл авах боломж олгохгүй байх зэргээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх чөлөөнд халдаад зогсолгүй ТВ9 зэрэг сувгуудын цацалт түгээлтийг хязгаарлаж, мэдээлэл түгээх, авах эрх чөлөөнд халджээ.
Онц байдал зарлаагүй үед ийнхүү хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөө үгүй болсныг илтгэж байна гэлээ.
Б.Чимэг





















































