“Долдугаар сарын 1”-ний үймээнээр дөрвөн иргэн амиа алдаж, олон арван иргэн хүнд, хөнгөн гэмтсэн билээ. Энэ хэрэгт холбогдуулан цагдаагийн экс дарга нарыг буруутган хориод байгаа. Тэднийг Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдан хорих шийдвэр гаргах үед цагдаагийн экс дарга нарын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн. Учир нь тэд сахарын өвчтэй байсан юм. Гэвч эмнэлэгт хоёр хоног байлгаад цагдан хорих 461 дүгээр төв рүү авч явсан билээ. Харин өчигдөр ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын бие эрс муудаж “Сонгдо” эмнэлэгт хүргэгдсэн. Түүнд амьсгалын аппарат залгаж, эрчимт эмчилгээ хийж байгаа хэмээн зарим сайтаар мэдээлжээ. Энэ талаар түүний ах Ч.Энхболдоос тодрууллаа. -Ч.Амарболдын бие нь тааруу эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Энэ үнэн болов уу?
-Бие нь тун тааруу байгаа. Гэхдээ эмнэлэгт хүргэгдсэн зүйл байхгүй.
-Чухам юунаас болж бие нь тийм тааруу байна вэ?
-Сахарын хэмжээ нь 16-аас доош буухгүй байна. Сахарын өвчтэй хүний дундаж 3 байдаг юм билээ. Гэтэл 16 хүрчихээд буурахгүй байна. Түүнээсээ болж даралт нь ихсээд тааруухан л байна даа. Бас сэтгэл санаагаар ч их унаж байгаа.
-Цагдан хорихын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх боломжтой юу?
-Сахарын өвчинг эмнэлэг болгон үзээд эмчлээд байдаггүй юм билээ. Тэгэхээр цагдан хорихын эмнэлэгт сахарын өвчнийг эмчлэх боломжгүй байх.
-Энэ сарын 16-нд шүүх хурал нь товлогдсон байгаа. Гэвч өмгөөлөгчийг сонгох шүүх хурал болно гээд байна. Чухам яг ямар учиртай товлогдсон юм бол мэдсэн үү?
-Бид нар ч сайн ойлгохгүй л байна. Ямар ч байсан 16-нд товлогдсон байна лээ. Өмгөөлөгч сонгох хурал болно гэж хэвлэлээр гарсан байсан. Өөрсдийнх нь өмгөөлөгчид өмгөөлөл үзүүлэхээс татгалзаад хоригдчихсон байдаг. Цаашид юу болохыг мэдэхгүй л байна.
-Та Ч.Амарболдтой уулзсан уу?
-Уулзаагүй ээ. Биднийг уулзуулдаггүй шүү дээ.
Б.Чимэг





















































