Өнөөдөр МАХН-ын гишүүд болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.30 цагаас эхэллээ. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцов. Харин З.Баянсэлэнгэ, Б.Батболд нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралд оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн тул тэд өмгөөлөгчөөсөө татгалзаж буйгаа мэдэгдэн шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг тавьжээ. Шүүгч И.Ганбат хүсэлтийг хүлээн авч тавдугаар сарын 1-ний 14.00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байна.Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутган, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Хэргийг сануулбал, Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсан. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхаас нь хойш буюу таван жил шадар туслахыг нь хийсэн юм. Энэ утгаараа түүнийг Н.Энхбаярын гэгдэх “Ремит” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Өргөө зочид” буудлыг хариуцан ажиллуулж, хувьчлахад гар бие оролцсон гэсэн үндэслэлээр саатуулсан билээ. Б.Тулгыг саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын өмнө удаа дараалан жагсаал зохион байгуулж байсан юм. Тэгэхдээ прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэмээн буруутгагдсан байна.
Б.Чимэг





















































