Өнөөдөр 11.00 цагаас МАХН-ын төв байр Цагаан ордонд Япон, БНЭУ, Чех улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд очжээ. Тэднийг МАХН-ын ЕНБД Н.Удвал, НБД Л.Цог, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нар хүлээн авч уулзан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан явдлын талаар мэдээлэл өгсөн байна.МАХН-ын ЕНБД Н.Удвал “2012-04-13-ны баривчилгаа нь маш балмад зэрлэг хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. МАХН-ын дарга Н.Энхбаярыг төрийн тусгай хамгаалалтанд авах хуулийг УИХ-аас тогтоосон. Мөн тусгай хамгаалалтаа цуцлах шийдвэрээ УИХ-аас л гаргадаг. Гэтэл УИХ-аас ТТХ-ыг цуцлах шийдвэрийг гаргаагүй байхад баривчилсан. Шүүхийн тогтоолгүйгээр Н.Энхбаяр даргыг баривчлан, Төв аймгийн урьдчилан саатуулах төвд хорьсон. Тус төв нь түүнд аливаа хэрэг тулган байцааж, албадан гарын үсэг зуруулахаар оролдож байгаа. Энэ бүхнээ гэрчгүй хийхийн тулд тэд нар Н.Энхбаярын ТТХ-ыг хүчээр татан буулгаж, өрөөнийх нь камерыг авсан. Мөн хоол өгөхгүй байгаа. Н.Энхбаяр даргыг баривчлахдаа 600 гаруй цагдаагийн бие бүрэлдэхүүн дайран ирж баривчилсан бөгөөд тэнд байсан тэднийг гэрчлэх бүх баримт материалыг устгасан. Мөн Н.Энхбаяр даргын хажууд байсан УИХ-ын дөрвөн гишүүний биед хүртэл халдсан. Н.Энхбаяр даргыг баривчлаад авч гарах үед тэрээр муужралтын байдалтай байсан бөгөөд түүнийг Төв аймгийн цагдан хорих төв хүртэл машины шалан дээр хэвтээгээр нь авч явсан байсан. Хууль хүчний байгууллагынхны энэ үйлдэл нь хүний эрхэнд ноцтойгоор халдсан явдал гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоосон. Маргааш нь АТГ хэвлэл мэдээлэл хийхдээ өөрсдийгөө зөвтгөх буруу ташаа мэдээллийг олон нийтэд өгч төлбөртэй материалуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан байсан. Мөн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар ташаа мэдээлэл ихээр цацагдаад байгаа. Та бүхэн болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдээлэл аваад өөрсдийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж өгнө үү” хэмээн хүсчээ.
Харин хариуд нь элчин сайдууд энэ мэдээллийг холбогдох газруудад үнэн зөвөөр мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Б.Чимэг





















































