Улс төрийн ороо бусгаа нөхцөл байдалд олон хүний тарыг таниулж эхэллээ. Н.Энхбаярын баривчилгаа МАН-ын олон гишүүний цөсийг хөөргөжээ. Тэд нэгдэн нийлж намынхаа удирдлагыг тойргоор нь шантаажилж байгаа гэх. Мөн намаа хамгаалж хэнтэй ч үзэлцэхэд бэлэн байдаг Ц.Нямдоржийгоо огцруулахаар есөн гишүүн санал нийлэв. МАН-ын түүхэнд ийм томоохон үйлдэл олон гарч байгаагүй. Тэд уугуул буюу МАХН-аа сэргээхээ ч удаа дараа мэдэгдээд байгаа нь хэн нэгнийг сүрдүүлэх эсвэл аргадуулах өнгө аястайг хүн бүхэнд анзаарагдаж байна. Ц.Нямдоржийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд бүгд л ирэх сонгуульд нэр дэвших тойроггүй болсон гэж намын нөхөд нь ярьцгааж байна. Тойрог өглөө ч гэсэн гарах магадлал бараг тэгтэй тэнцэнэ гэх нь ч байна. Тийм байтал намаа хагалах гэж улайрах нь зөвхөн хувийн нэр хүндээ өсгөх гэсэн л арга. Боломж гарвал алдагдсан рейтингээ өсгөөд гишүүн болох эсвэл дараагийн албаа төлөвлөхөд энэхүү шантааж нь хэрэг болно гэж зарим нь үзэж байна. Н.Энхбаярын дуулиант баривчилгаа зарим гишүүдэд ийм боломж өглөө. Харин Ц.Нямдорж эрийн шийр зааж “Би бүлгийн хуралд суухгүй. Та нар миний асуудлыг яаж шийдэхээ өөрөө мэд” гэж хэлээд хоёр ч удаагийн хуралд суусангүй.
Экс ерөнхийлөгчийн баривчилгаа тойрсон инээдтэй явдлуудаас гадна бас эмгэнэлтэй явдлууд өрнөж байна. Н.Энхбаярын баривчилгааг далимдуулж “Иргэний хөдөлгөөний” гэх тодотголтой М.Ичинноров МАН-аас гарахаа сүр дуулиантай зарлав. Тэр ийм агшинг хүлээснээ нуугаагүй бөгөөд “үзэл санааны шорон”-гоос гарч байгаадаа баярлажээ. Харин түүний энэ үйдлийг нь хөндлөнгийн ажиглагчид “чоно борооноор гэгч болов” хэмээн тайлбарласан.
Харин энэ үеэр өөр нэгэн эрхэмийн үйлдэл зарим хүмүүсийн анхаарлыг татаж байна. Сангийн дэд сайдаар томилогдсон Ч.Ганхуяг сүүлийн үед ихээхэн бухимдалтай байгаа сурагтай. Түүнд нам нь тойрог өгөхгүй гэсэн сурагтай. Уг нь Сүхбаатар дүүрэгт нэр дэвшүүлнэ гэж хошгируулж байсан ч байдал өөр тийшээ эргэжээ. Тиймээс Сангийн дэд сайдын бухимдал нь дэвэрч, тэр нь Н.Энхбаярын үйл явдал өрнөсөн үетэй давхацжээ. Тэрбээр “Намын дарга надад тойрог өгнө гэж бараг сонгуулийн штаб байгуулах хэмжээнд хүрээд байхад хэлснээсээ буцлаа. Ер нь цаашдаа энэ хүнийг дагаад явцгүй нь. Зүүний хүчний холбоонд элсэж У.Хүрэлсүхийг дагвал дараагийн суудлаа баталгаажуулж болох юм. Тиймээс зүүний хүчний холбоонд элсэнэ” хэмээн найз нөхөддөө ярьсан сурагтай. Түүний талаарх ийм утгатай яриа газар авч байна. Хэрэв энэ нь үнэн бол тэр тун хуншгүй эр юм. Ч.Ганхуягийг С.Батболд улс төрд оруулж, бас намдаа элсүүлж, бүр дэд сайдын өндөр сэнтийд залсан. Харин тэр нь тусыг бодохоосоо илүү арыг бодож байгаа бололтой. Уг нь Зүүний хүчний холбоонд элсэх нь сонирхол татах асуудал биш л дээ. Энэ намын 35-аас дээш насныхан уг холбоонд элсдэг. Харин Ч.Ганхуягийн хувьд бол дэмжсэн дарга нь дэргэд нь байхад илүү үйлдэл юм.
МАН-ын дарга С.Батболд хүн танихдаа тун муу гэдэг нь харагдаж эхлэв. Харин бизнес хийхдээ, мөнгө олохдоо л сайн байж магадгүй юм. Учир нь С.Батболдын улс төрд хөтлөн оруулж ирсэн хүмүүс түүнээс зайгаа барьж эхэлжээ. Зөвлөх нь байсан гэж зарласан М.Ичинноров түүнийг элдэвээр хэлээд гарч одсон. Бас Ч.Ганхуяг ч У.Хүрэлсүхийг бараадах сонирхолтойгоо найз нөхөддөө илэрхийлжээ. Энэ хүмүүсийг анх С.Батболд л өөрийн намынхаа нөхдийн саналыг эсэргүүцэн байж дэмжсэн.
Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаярын дэмжсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар хоригдох сүүлийн мөч хүртэл хамт байж хүн чанараа харуулав. Харин С.Батболдын хувьд эсрэгээрээ нэр хүнд нь хасах тийшээгээ болж эхлэхэд дэмжиж гаргасан залуус нь нүүр буруулах шинжтэй боллоо.
24tsag.mn





















































