Нэгэнтээ Монгол улсын ерөнхийлөгч байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ жил сонгуульд өрсөлдөх боломжгүй болов. АТГ-аас түүнийг дахин хоёр сар үргэлжлүүлэн хорих болсноор 2012 оны сонгуульд нэр дэвших гэсэн хүслийг нь хаалаа. Түүнийг чухам сонгуульд л бэлтгэж 7-р сарын нэгний ҮАБЗ-ын протоколыг дэлгэж, одоогийн эрх баригчдыг “хатгаж” байна гэж ярьж байсан. Гэвч байдал өнөөдөр огт өөрөөр эргэв. Н.Энхбаяр Төв аймаг дахь цагдан хорих төвд байхдаа өмгөөлөгчөөрөө дамжуулан гаднаас зөвшөөрөлгүй гар утас оруулан журам зөрчсөн гэж хуулийнхан тайлбарлаж байна. Харин Н.Энхбаярын чухам хэнтэй, юуны тухай утсаар ярьсан бэ гэдэг олны анхаарлыг татаж байна. Янз бүрийн таамаглал ч дэвшүүлж эхлээд байна. Түүнийг юу түрүүнд эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугартайгаа ярьсан гэх нь байна. Мөн өөрийг нь баривчилсныг хууль бус гэж үзэж байгаа талаар МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан гэв. Бас нэгэн эх сурвалж Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ерөнхий прокурор Д.Дорлигжавтай ярьсан байх магадлалтай гэж байгаа ч энэ нь үндэслэл муутай юм. Харин хууль зүйн сайд Ц.Нямдорж руу залгасан гэсэн таамаглал нь нийтийн дунд илүү газар аваад байна. Учир нь Н.Энхбаярыг суллах шийдвэр гаргаж чадах хамгийн ойрын хүн нь Ц.Нямдорж. Тэгээд ч энэ дуулиант баривчилгаанаас болж суудлаасаа огцрох дээрээ тулаад буй тул тэдэнд аваа, өгөө бий. Өнгөрсөн бүтэн сайн өдөр Ц.Нямдорж сайдыг Төв аймаг дахь урьдчилан саатуулах төв рүү зочилоод ирсэн гэх мэдээллийг олон хүн хэлсэн ч нэг нь ч баримтаар нотолж чадаагүй. Нотлох ч зоригтой хүн олдохгүй байна.
Гэхдээ Н.Энхбаяр өөрийн 9911хххх гэсэн дугаараас нэг биш, цөөнгүй хүн рүү залгасан гэж нэрээ илчлэхийг хүсээгүй эх сурвалж хэлэв. Н.Энхбаяр өөрийнхөө барьж байсан утаснаас гэнэт залгахад сайн явахад нөхөр, муу явахад нь дайсан нь болсон зарим хүний толгойтой үс боссон гэв. Гэхдээ чухам хэн, хэний үс өрвийснийг одоогоор дэлгэхэд эрт байна гэсэн юм.
Нөгөө талаас харвал Н.Энхбаярыг дахин саатуулах болсноо гар утастай холбон тайлбарлахын хажуугаар тэнд байгаа хоригдлуудын аюулгүй байдлыг бодолцон бичлэг хийсэн гэдгийг АТГ мэдээлсэн. Тэгэхээр Н.Энхбаярын хэнтэй, хэрхэн ярьсан талаарх бичлэг АТГ-ынханд байгаа бололтой. Тэд хэнтэй хамгийн түрүүнд ярих вэ, хамгийн ойрын хамсаатан нь хэн байж болох тухай мэдэж авахын тулд дотогш гар утас албаар оруулж, чагнасан байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь Н.Энхбаяр дөрвөн захидал бичсэний нэгийг нь хэвлэлээр дэлгэж, нөгөө нь ар гэрийнхэнд нь хүрсэн. Харин юуны тухай нь үл мэдэгдэх хоёр захидлыг нь АТГ хурааж авсан юм. Н.Энхбаяр хоёр сарын дараа гарч ирлээ гэж тооцоход аль хэдийн УИХ-ын сонгууль дууссан байна. Тиймээс энэ хоёр сарын хугацаанд түүнийг хоргоож байх баримт, сэжүүр хуулийнханд туйлын хэрэгтэй байгаа нь гарцаагүй гэх гаргалгаа олон нийтийн дунд байна.
24tsag.mn





















































