Энэ
долоо хоног хачин сонирхолтой үйл явдлаар дүүрэн байлаа. МАХН-ын дарга
Н.Энхбаярыг энэ сарын 13-нд АТГ-аас баривчлан, Төв аймгийн цагдан хорих төвд саатуулсан.
Түүний хоригдох хугацаа өчигдөр 07.00 цагт дуусгавар болох байсан юм. Гэвч өнгөрсөн
пүрэв гаригт АТГ-аас Н.Энхбаярыг яллагдагчаар татах дүгнэлт үйлдэж, Нийслэлийн
прокурорын газарт илгээсэн. Харин уг дүгнэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд
хэлэлцэж, үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэр гаргасан билээ. Түүнийг хоёр сар
хоригдох шийдвэр гармагц хэвлэлээр түүнийг УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй
боллоо хэмээн мэдээлж эхэлсэн. Харин түүний өмгөөлөгч О.Баасанхүү “Н.Энхбаяр
ирэх сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой. Учир нь түүнийг гэм буруутай гэдгийг
шүүх тогтоогоогүй байгаа учир нэр дэвших эрх нь нээлттэй байгаа. Одоогоор
тэрээр ямар тойрогт нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа ч нэр дэвших
хүсэлтийг нь ч гэсэн СЕХ бүртгэж авна гэдэгт итгэж байгаа” хэмээн мэдээлсэн юм.
Мөн ШШГЕГ-аас Н.Энхбаярын хоригдож буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, түүнийг хорих ангийн хэд хэдэн дотоод журам зөрчсөн талаар дурьдсан. Тодруулбал, Н.Энхбаяр өмгөөлөгчөөрөө дамжуулан хорих ангид гар утас нэвтрүүлсэн байв. Харин гар утсаараа хэнтэй ярьсан нь тодорхойгүй хэвээр. Мөн ард түмэнд, болон УИХ-ын гишүүд, МАХН-ын гишүүддээ бичсэн захидлаа цагдан хорих төвийн ажилтнуудад шалгуулаагүй байна. Тиймээс уг захидлуудыг хураасан хэмээн ШШГЕГ-ын дэд дарга Т.Батболд дурьдсан билээ.
Түүнчлэн энэ долоо хоногт цагдаагийн экс дарга нарт өмгөөлөл үзүүлж байсан өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нар суллагдав. Тэднийг өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчдээсээ татгалзаж, даргалагчийн зөвшөөрөлгүйгээр шүүх хурлыг орхин гарсан, мөн шүүх хуралдааныг санаатайгаар тасалдуулж, цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэсэн үндэслэлээр хорьсон юм.
Харин өмгөөлөгчдийг суллагдсан энэ үед цагдаагийн экс дарга нар шинэ өмгөөлөгчдийнхөө нэрстэй танилцаж байв. Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгдэгч цагдаагийн экс дарга нарт өмгөөлөгч томилж өг гэсэн албан бичгийг МӨХ /Монголын өмгөөлөгчдийн холбоо/-нд ирүүлсний дагуу тус холбооноос ажлын хэсэг гарсан юм. Тиймээс тэд өмгөөлөгчөө сонгохоор нэрстэй нь танилцаж байгаа аж.
Мөн улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг Хан-Уул дүүргийн шүүхэд шүүсэн. Гэвч нэмж тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр түүний хэрэг хоёр дахиа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байгаа юм.
Б.Чимэг





















































