2016 онд манай улс дэлхийн өрсөлдөх чадварын индекс 96 дугаар байрт байгааг 70 дугаар байрт оруулж сайжруулна гэсэн зорилт тавиад байна. Мөн түүнчлэн бизнесийн орчинг сайжруулан 89 дүгээр байрт байгааг 40 дүгээр байрт оруулж, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж хүнд суртал, авлигыг бууруулж, төсвийн ил тод байдал хангана гэж 2012-2016 онд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлд дурджээ. 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү тэргүүлэх чиглэлийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, засаг захиргааны шинэчилж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх юм байна. Эдийн засгийн эрчимтэй хөгжил, бүтцийн шинэтгэлийг хэрэгжүүлж уул уурхайн салбарт томоохон ордуудыг ашиглалтад оруулснаар манай улсад хүнд аж үйлдвэрийн суурь тавигдаж аж үйлдвэржүүлэх бодлого хэрэгжиж эхэлнэ.
Энэ хугацаанд мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс тавигдах юм. Уул уурхайн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар голлон хэрэгжүүлнэ. Ийнхүү томоохон төслүүдийг хэрэгжүүлэхтэй уялдаж засаглалыг сайжруулах, компанийн засаглал, нийгмийн хариуцлагыг дээшлүүлнэ.





















































