МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчилсан цагаас улс төрийн уур амьсгал хурцадмал болоод байгаа билээ. Сонгуулийн чимээ ойртож, цаг давчуу болсон тул намуудын хувьд ч чухал шийдвэр гаргах хүлээлттэй долоо хоног болж өнгөрлөө. Хэдэн өдөр хэлэлцэж, хэлцэлд хүрээгүй хэрнээ цаг нь тулахаар намуудын тохиролцоогоор кноп дараад шийдчихдэг жишиг энэ удаад ч давтагдлаа. 24tsag.mn өнгөрч буй долоо хоногт улс төрийн тогоонд өрнөсөн онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчилсан цагаас улс төрийн уур амьсгал хурцадмал болоод байгаа билээ. Сонгуулийн чимээ ойртож, цаг давчуу болсон тул намуудын хувьд ч чухал шийдвэр гаргах хүлээлттэй долоо хоног болж өнгөрлөө. Хэдэн өдөр хэлэлцэж, хэлцэлд хүрээгүй хэрнээ цаг нь тулахаар намуудын тохиролцоогоор кноп дараад шийдчихдэг жишиг энэ удаад ч давтагдлаа. 24tsag.mn өнгөрч буй долоо хоногт улс төрийн тогоонд өрнөсөн онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
Онцлох буулт: Туулай жилээс луу жил дамжин яригдсан ч АН, МАН-ы гишүүд орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай цуг явуулах эсэх тал дээр зөвшилцөлд хүрч чадахгүй удсан. АН орон нутгийн сонгуулийг намар явуулбал энэ хугацаанд албан тушаал, эрх мэдлийн наймаа явагдана гэж үзэж байсан. Харин МАН-ын гишүүд хоёр сонгуулийг зэрэг явуулах нь ачаалал ихтэй, дээр нь Үндсэн хууль зөрчинө гэж байв.Тэд орон нутгийн сонгуулийн дөрвөн жилийн хугацаа 10-р сард дуусах тул засаг дарга нарын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна хэмээн мэдэгдэж байв. Ул, үндэстэй мэт санагдаж олон хүн ч дэмжсэн. Харин энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар нөгөө Үндсэн хуул зөрчинө гэж байсан асуудал ор мөргүй мэт болов.
Чуулганы танхимд бие бие рүүгээ ширүүхэн үг шидэлцэж байсан АН, МАН-ы гишүүд асуудлыг тун хурдан шийдлээ. МАН нийслэлийн ИТХ-ын сонгуулийг 6-р сард хийхийг зөвшөөрсөн бол АН аймаг, сум, дүүргийн сонгуулийг 10-р сард үлдээх саналыг нь хүлээн авсан юм. Ингэж харилцан буулт хийсний дүнд гацаанд ороод байсан Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль батлагдлаа. Гэхдээ өмнө нь хоёр сонгуулийг зэрэг явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдэгдэж байсан МАН энэ тал дээр дуугүй болов. Цөөн хэдэн гишүүд л энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж ил, тод хэлж байсан ч намын бодлогын дагуу кноп дарагдсан юм. Үндсэн хууль гэдэг намуудын нэгийгээ буулгаж авах “бамбай” болчихоогүй байгаа?
Онцлох суулт: Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудал гишүүдийг шөнийн 04 цаг хүртэл чуулганы танхимд уясан. АН-аас гадна МАН-ын ес, дээр нь С.Оюун, Д.Энхбат нарын гишүүд Хууль зүйн сайдыг огцруулах кноп дарна гэж таамаглаж байсан. Тиймээс намуудын аль аль нь тун сэрэмжтэй хандаж байлаа. Энэ удаа Ц.Нямдорж сайд албан тушаалаасаа буух нь гарцаагүй гэж олон хүн таамаглаж байсан. Гэвч баасан гарагийн шөнө хэрэг явдал огт өөрөөр эргэв. Хууль зүйн байнгын хороонд түүнийг огцруулах хүсэлт гаргасан МАН-ын гишүүд байдаггүй тул АН тоогоор дийлэгдэж, Ц.Нямдоржийг хамгаалж үлдэх МАН-ын гишүүд олонхи болсон юм.
Дээр нь Ц.Нямдоржийг огцруулах ёстой гэж үзэж байсан Р.Раш, Д.Балдан-Очир нар нэрээ татсан нь санал хураах үед тэнцвэрийг алдагдуулах хэмжээнд хүргэсэн аж. Тиймд АН чуулганаас завсарлага авч, тэрүүхэн тэндээ суулт зарлав. Нэрээ татсан Р.Раш, Д.Балдан-Очир нар ирэх долоо хоногт “Яагаад?” гэсэн асуултад булагдах бол АН Ц.Нямдоржийн эсрэг дахин тактик боловсруулах бололтой.
Онцлох мэдэгдэл: МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан нь хууль зөрчсөн үү, эсвэл хуулийн дагуу үйлдэл байсан уу гэдэг талаар олон нийтэд янз бүрийн хандлага байна. Харин үүнд Ц.Элбэгдорж Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд юу гэж дүгнэх нь чухал бас сонирхолтой байлаа. Н.Энхбаярыг баривчилсан нь ерөнхийлөгчийн явуулга гэх хүн ч байсан. Учир нь Н.Энхбаяр урьдчилан саатуулах төвөөс захидал бичихдээ түүний нэрийг дурдсан юм. Харин ерөнхийлөгч өнгөрсөн лхагва гарагт нийслэлийн иргэдтэй уулзах үедээ тов тодорхой хариу өглөө. Тэрбээр “саяын дуулиан баривчилгаа” гэж цохон дурдаад Н.Энхбаярыг баривчилсан нь зүй ёсны, хуулийн дагуу үйл ажиллагаа байсан гэж байр сууриа илэрхийлсэн юм.
“Төрд байхдаа авлигыг цэцэглүүлж байсан хүн төрөөс гараад авлигыг үзэн яддаг болно гэдэгт би итгэдэггүй”, “Авлигатай тэмцэх бол миний хувьд амлалт биш ээ. Энэ бол миний араншин” гэх зэргээр авлига авсан гэх “хэн нэгэн” хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдэв.
Онцлох шийдвэр: Сонгуулийн өмнөх тандалтын судалгаагаар өндөр рейтингтэй явсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг дахин хоёр сар хорих болсон нь намын гишүүдэд нь хүндхэн цохилт боллоо. Н.Энхбаярыг урьдчилан хорих төвд өмгөөлөгчөөрөө дамжуулан гар утас оруулж, хууль зөрчсөн гэж дахин хорих шийдвэр гаргасан. Гэсэн ч өмгөөлөгч нв үүнийг эрс үгүйсгэж, улс төрийн хэлмэгдүүлэлт гэж байгаа юм. Н.Энхбаяр хоёр сар хоригдоод гарлаа гэхэд 6-р сарын 26-нд буюу УИХ-ын сонгуулийн санал хураах өдрөөс хоёрхон хоногийн өмнө суллагдана. Өмгөөлөгч болон намын гишүүд нь Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшинэ гэж нэн дару мэдэгдсэн ч одоогоор хууль зүйн үндэслэл нь тийм ч тодорхой биш байгаа юм.
МАХН-ын лидерийн хүчийг боосноор АН, МАН гэлтгүй бусад жижиг намуудад ч олон санал авах боломж нэмэгдэж байгаа гэж ажиглагчид үзэж байна.
24tsag.mn





















































