Маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд Эрүүгийн танхимд 14.00 цагаас МАХН-ын гишүүд болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг шүүнэ. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцохоор болжээ. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд болох байсан шүүгдэгч нар өмгөөлөгдөөсөө татгалзсан учраас ийнхүү хойшлоод байсан билээ. Мөн шүүгдэгч З.Баянсэлэнгэ цагдан хорих 111 дүгээр төвд хоригдож байгаа юм. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараа жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаж 14 хоногоор цагдан хорихоор болсон билээ. Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Хэргийг сануулбал, Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсан. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхаас нь хойш буюу таван жил шадар туслахыг нь хийсэн юм. Энэ утгаараа түүнийг Н.Энхбаярын гэгдэх “Ремит” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Өргөө зочид” буудлыг хариуцан ажиллуулж, хувьчлахад гар бие оролцсон гэсэн үндэслэлээр саатуулсан билээ. Б.Тулгыг саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын өмнө удаа дараалан жагсаал зохион байгуулж байсан юм. Тэгэхдээ прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэмээн буруутгагдсан байна.
Б.Чимэг





















































