МАН-ын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх дээр санал зөрж, зарим нь намын үйл ажиллагаанд оролцохгүй гэж шийдээд байна. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн гэсэн гишүүд өчигдөр УИХ дахь бүлгийн даргадаа ямарваа нэг үйл ажиллагаанд нь оролцохгүй гэсэн өргөдлөө өгсөн. Харин Д.Балдан-Очир, Р.Раш нарын гишүүд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагагүй гэж нэрээ татсан юм. Чухам яагаад нэрээ татсан нь олон хүний сонирхлыг татаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилсан шалтгааныг сэтгүүлчид асуухад Ц.Нямдорж сайд “Унтаж байсан. Маргааш өглөө нь босоод мэдсэн” гэж хариулсан нь олон нийт хийгээд цөөнгүй гишүүдийн бухимдлыг хүргэсэн юм. Харин тэрбээр бүлгийн хурал дээрээ саяхан тун эвтэйхэн тайлбар хийсэн тул Д.Балдан-Очир гишүүн өнгөрсөн баасан гарагийн чуулган дээр нэрээ татсан байна. Ц.Нямдорж сайд Н.Энхбаярыг баривчилдаг шөнө унтаагүй гэдгээ баталж “түр зуур зүүрмэглэсэн гэдгээ унтчихсан гэж хэлсэн юм” гэжээ. Харин “дуулиант баривчилгаа”-ны маргааш бүлгийн хурал дээр түүнийг “унтаж байсан, мэдээгүй” гэсэн утгатай хариулт хэлж байсныг зарим гишүүд нотолж байгаа юм. Сайдын суудлаас огцрох дээрээ тулаад ирэхээр тэрбээр “унтах” гэдэг үгийг “зүүрмэглэх” гэж эвтэйхэн эерүүлж, намын нөхдийнхөө сэтгэлийг зөөлрүүлж чадсан бололтой.
Нэгэнт Ц.Нямдорж сайд унтаагүй, түр зуур зүүрмэглэчихээд ажлаа хийсэн болохоор түүнийг сайдын суудлаас нь заавал огцруулах шаардлаггүй гэж МАН-ын удирдлагууд нь ч үзсэн байна. Тиймээс ч АН чуулганаас завсарлага аваад байгаа ч түр зуур зүүрмэглэсэн Ц.Нямдорж сайдыг огцруулахгүй гэдэг дээр бат зогссоор байх аж.





















































