Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд Дэлхийн банк дүн шинжилгээ хийж байна. Тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас сар, улирал тутам Монгол эдийн засгийн тоймыг гаргаж, засгийн газар бусад холбогдох байгууллагуудад хүргүүлж, зөвлөмж, дүгнэлтийг харгалзан үзэхийг хүсдэг. 2012 оны эхний улиралд Дэлхийн банкны "нүдээр" Монгол улсын эдийн засаг ямар байв? 1. ДНБ-ийн өсөлт 2010 онд 6.4 хувь байсан бол 2011 онд 17.3 хувьд хүрсэн нь түүхэнд байгаагүй үзүүлэлт боллоо.
2. Эдийн засаг хэт халж байгаагийн үндсэн шалтгаан нь уул уурхайн орлого хурдацтай нэмэгдэхийн зэрэгцээ төсвийн зарлага 2011 онд 56 хувиар өссөн явдалтай холбоотой бөгөөд энэ онд дахин 32 хувиар нэмэгдэхээр төсөвлөгдсөн байна.
3. 2011 оны төсвийн нийт зарлагыг 2009 оны түвшинтэй харьцуулбал хоёр дахин өссөн нь УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн дарамт шахалт, өмнөх сонгуулийн үеэр өгсөн бэлэн мөнгө тараах, хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр нэмэгдүүлэх улс төрийн амлалтыг биелүүлэхтэй холбоотой.
4. Төсвийн орлогын гүйцэтгэл өндөр байсан учраас 2011 оны төсвийн алдагдал ДНБ-ийн 3.6 хувьтай тэнцлээ.
5. Мөнгөний бодлогын тухайд Монголбанкнаас инфляцийг хазаарлах, зээлийн өсөлтийг хумих чиглэлээр 2011 онд чухал арга хэмжээ авч ажилласан.6. Төгрөгийн ханш 2011 онд 11 хувиар суларсан нь инфляци дотоодод өндөр, түүхий эдийн үнэ оны сүүл рүү буурсантай шууд холбоотой.
7. Уул уурхайн салбарын тоног төхөөрөмж, нефть бүтээгдэхүүний импорт асар ихээр өсч, гадаад худалдааны тэнцэл 2011 оны 12 дугаар сард 1.7 тэрбум ам. долларын алдагдалтай болж, түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрлээ.
8. Нийгмийн халамжийн тухай хууль он гарсны дараа батлагдсан. Шинэ хуулийн хүрээнд одоо иргэн бүрт олгож буй бэлэн мөнгөний оронд ядууст чиглэсэн тэтгэмж олгох шийдвэр гарлаа. Ядуу өрхийн тоо 130 мянгад хүрч, таван өрх тутмын нэг нь ядуу гэсэн тооцоо байдаг.
9. Монгол улсад тодорхой бус үе ирээд байна. Дэлхийн эдийн засгийн байдал эрсдэлтэй байгаагаас эдийн засгийг сөрж байгаа салхины эрч нэмэгдэж болзошгүй. Үүний зэрэгцээ удахгүй болох гэж байгаа сонгууль дотоодын нөхцөл байдлыг улам тодорхой бус болгож байна. Тогтворжуулалтын санд хангалттай хэмжээний хуримтлал үүсэх хүртэл Монгол Улс эрдэсийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлд их өртөмтгий байна.10. Яг энэ цаг мөчид “Бэлэн байх” гэсэн үг бодлогын зөвлөмж гаргаж байна. Түүхэн ач холбогдолтой Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд батлахдаа Монгол Улсын бодлого боловсруулагчид “бэлэн байх”-ын ач холбогдлыг ойлгосон.
Эх сурвалж: Дэлхийн банк: Монгол улсын эдийн засгийн улирлын тойм





















































