Эр алдаж, эрэг нурдаг гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нотлон харуулж явна. Уг нь тэрээр нэгэн цагт “Монголын хаан” болж, бүхнийг харцаараа удирдаж байлаа. Харин одоо урьдчилан хорих төвд өлсгөлөн зарлаж хэвтэнэ. Тэрээр өөрөө энэ замыг сонгожээ. Учир нь 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсныхаа дараа хэсэг хугацаанд амарч, их улс төрийнхөө эхлэл, өрнөл, төгсгөлийг сайтар тунгаасан гэнэ. Тэгээд эцэстээ намынхаа нөхдийг АН-ынхантай хуйвалдан сонгуулиар унагаасан гэсэн том дүгнэлтэнд хүрсэн юм. Энэ байр суурийнхаа талаар өөрөө илэн далангүй ярьж ирсэн. Түүний энэхүү дүгнэлтээ хийж байх үед нь намых нь нөхөд сонирхолтой санал гаргажээ. Тэр нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний Ази тивийг хариуцсан зөвлөх болох гэсэн санал юм. Мэдээж түүнд хэлэхээсээ өмнө НҮБ-ын удирдлагууд болон БНСУ-ын талтай ч ярилцаад дэмжлэг аваад байжээ. Харин энэ саналыг сонссон Н.Энхбаяр ихэд уурлаж “Та нар намайг цөлөх гэж байна. Их улс төрөөс зайлуулах гэсэн арга. НҮБ-ын даргын зөвлөх болох нь нэр төрийн хэрэг ч, би өөрийн улс төрийн карерийг дууссан гэж бодохгүй байна” гэсэн утгатай хариу барьжээ. Харин намынх нь нөхөд ихэд гайхан хоцорчээ. Энэ үеэс л Н.Энхбаярын намынхаа бодлогыг сөрөх ажиллагаа эрчимжүүлжээ. Ийнхүү Ц.Элбэгдоржийн талд ажилласан гэх намынхаа нөхөдтэй “тооцоо бодох” гэсэн хор шар нь түүний улс төрийн амьдралын өөр нэгэн шинэ хуудсыг эхлүүлэв.Тэрээр “Тэрэлжийн тунхаг”-аас эхлээд л намын нэр солих үйл явцыг эсэргүүцэн удаа дараа мэдэгдэл хийж, нийтлэл хэвлүүлж, эцэстээ МАХН хэмээх нэрээ сэргээн өрх тусгаарласан юм. Дараа нь “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” хэмээх бүтээлээ хэвлэлд шилжүүлээд “аавын”-д хүчээр хүргэгдсэн. Тэмцлийнх нь шинэ үеийн түүх иймэрхүү л хэлбэрээр бичигдэж байна.
Уг нь тэрээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх болвол яах байсан бэ? Болж чадах байсан уу? Хэрэв Бан Ги Мүний зөвлөх болвол юун түрүүнд НҮБ-ын хамгаалалтад шууд орох байсан. НҮБ-ын паспорттой хүнийг дэлхийн хаана ч хорьж, саатуулж, халдах эрхгүй байдаг. Тиймээс тэрээр дархан хамгаалалтад орох байлаа. Бас Монголоос анх удаа дэлхийн жолоон дээр суусан, хамгийн том албан тушаал хаших хүнээр тодрох байлаа. Авлигын гэх хэрэг нь ч мартагдах байв. Тэгээд ч монголчууд дэлхийд хамгийн том албан тушаал хашиж байгаа хүнээ бор оймстой нь гозолзуулаад хорьж, шалгахгүй нь тодорхой. Тэгэх ч ухамсаргүй бас чадваргүй. Чадваргүй гэдэг нь ганц хамгаалагчтай байхад нь хорих гэж 300 цагдаа гаргаж, Монголоор нэг дуулиан шуугиан тарьж бүх ард түмнийг унтуулаагүй байж НҮБ-ын хамгаалалтад байгаа хүнийг хорино гэдэг бол үлгэр л дээ гэсэн үг юм. Хэрэв тэгдэг юмаа гэхэд НҮБ-ийн системийн бүх орнууд Монголд хориг тавьж манайх олон улсын өмнө онигоо болох байлаа.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн том албан тушаалтай эх орондоо ирж буцах нь сайхан биш гэж үү? Ийм боломж НҮБ байгуулагдсанаас хойшхи хугацаанд өнөөг болтол ямар ч монгол хүнд олдоогүй л байна. Харин ийм замыг сонгохоосоо Н.Энхбаяр яагаад татгалзсан бэ гэдэгт тайлбар хийх хүн олдохгүй байгаа аж. Ямартай ч тэрээр дэлхийн жолоо болсон НҮБ-ын ямбанаас илүү эх орныхоо шоронгийн тамлалыг илүүд үзжээ.
Магадгүй өөрийг нь барьж хорчихно гэж бодоогүйгээс гадна их улс төрдөө эргэн ирж, дахин ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөд эх орондоо байх нь илүү гэж бодсон ч байж болох юм. Бас өөрийнх нь хэлснээр “улс төрөөс цөлж, зайлуулах” арга ч байсан байж болох юм.
24tsag.mn





















































