Н.Энхбаярын журмын нөхөд М.Энхсайхан, Б.Жаргалсайхан хоёр түүнийг баригдсанаас хойш тараа таниулж таг чиг болов. Энэ хоёр хамгийн сүүлд Н.Энхбаярыг баривчлах гэсэн 4 сарын 12 орой олны өмнө гарч яагаад баривчлах гээд байгааг гайхаж “хамгаалагч”-ийг үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс хойш сураг алдарсанд олон хүн гайхаж бас зэвүүцэж байна. Н.Энхбаяр өлсөглөн зарласан, амь насанд нь халтай болсон, Ганц худагт шилжүүлсэн, намынх нь нөхөд, хамтран зүтгэгчид удаа дараа мэдэгдэл хийсэн гээд олон үйл явц өрнөхөд энэ эрхэмүүд олны өмнө гарсангүй. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал л ганц дайчин ганцаардахгүй гэдгийг харуулж байна. Одоо түүн дээр эхнэр хүүхэд нь, хамтран зүтгэгч байсан Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нар хүч хавсран боломжит бүхий л арга хэмжээг авлаа. Харин Н.Энхбаярын намаасаа гараад нэгдсэн журмын нөхөр М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Г.Уянга нар яагаад чимээгүй байна вэ? Уг нь тэд намынх нь нөхөдтэй мөр зэрэгцэн Н.Энхбаярыг суллуулахын төлөө чармайн зүтгэж байх ёстой хүмүүс биш бил үү? Гэтэл одоо араа бодоод ор сураггүй алга болжээ. Олон жилийн өмнө Н.Энхбаярыг гүтгэн доромжилсон О.Уянгийн нэвтрүүлэгүүд л цувралаар гарч байна. Энэ хүмүүс нөхөрлөхөд, улс төрд хамт явахад халтайгаас гадна хүн чанаргүй гэдгээ дахин нотлон харууллаа.
Учир нь М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Г.Уянга нарыг МАХН-ынхан даргаа суллуулах тэмцэлдээ хүч нэмж дэмжихийг хүсчээ. Гэтэл эдгээр эрхэмүүд одоо найдваргүй, ял авах нь тодорхой юм биш үү гэсэн утгатай үг дайсан тухай яриа гарчээ. Мөн Н.Энхбаярын гэргий О.Цолмон ч тэднээс дэмжлэг хүсэхэд “тэгэлгүй яахав” гэж хэлчихээд үйл хөдлөл, санаачилгаараа түүнийгээ нотлохгүй байгаа аж. Тэдний энэ үйлдэл МАХН-ынханд төдийлөн таатай санагдахгүй байгаа бололтой. Хэрэв энэ янзаараа бол МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл урт удаан наслахгүй болоод байна. Магадгүй сонгуулийн өмнө ч задран унахыг олон хүн харж мэдэх юм. Удирдагчаа “аавынд” орсон хойгуур ингэж хүйтэн хандаж байгаа нь тэдний ирээдүйг өөдрөгөөр харах боломжийг олгохгүй байна.
Уг нь нэгэн цагт Н.Энхбаяр, М.Энхсайхан, Г.Уянга, Б.Жаргалсайхан нар эвлэршгүй дайснууд мэт байсан. Хожим Н.Энхбаяр, М.Энхсайхан, Г.Уянга нар намаа сольж эрх мэдлээсээ салсан цагтаа салшгүй нөхөдүүд болсон. Харин одоо нэг нь хоригдож бусад нь нүүр буруулж эхэлжээ. Тэдний улс төрийн нөхөрлөл ийм л хямдхан аж. Гуравдагч хүчнийхний уйваагүй нөхөрлөлийн түүх ингэж бичигдэж байна.
Ч.Хасбаатар





















































