
Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Сэрээтэр долдугаар сард болох Лондонгийн олимпийг шүүх эрхтэй боллоо.

Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Сэрээтэр долдугаар сард болох Лондонгийн олимпийг шүүх эрхтэй боллоо. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ноос Лондон-2012 олимпийг шүүх дэлхийн шилдэг 57 шүүгчийг зарласан. Энэ жагсаалтанд Монголоос олон улсын олимпийн зэрэглэлийн шүүгч Цэрэндагвын Сэрээтэр оржээ. Тэрбээр өмнө нь 2008 онд Бээжингийн олимпийн дасгалжуулагчаар оролцож байсан. Тэрбээр "Замчин" спорт хороонд бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад шүүгч болжээ. 2006-2008 онд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн албыг хашиж, 2009 оноос МЧБХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ц.Сэрээтэр олон улсын шүүгчийн зэрэглэлээ ахиулсаар 2011 оны сүүлчээр олимпийн зэрэглэлийн шүүгч болсон юм.