Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалангийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутайд тооцож, таван жил, нэг сарын хорих ял оногдуулсан юм.Гэвч тэрээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Хэргийг сануулбал, Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байжээ. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан байна. Тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.
Б.Чимэг





















































