“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан хурандаа О.Зоригт нар Н.П.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин Хэв журмын хэлтсийн дарга асан С.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан Ш.Батсүх нар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа билээ.Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Монголын өмгөөлөгчдийн холбоонд цагдаагийн экс дарга нарт өмгөөлөгч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл өмгөөлөгчөө сонгоогүй байгаа юм. Учир нь биеэ эмчлүүлэх шаардлагатай хэмээн сонгохгүй байгаа аж. Тиймээс МӨХ-ноос Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд өмгөөлөгч сонгосонгүй гэдгийг танилцуулжээ. Мөн МӨХ-ны Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гаригт уг асуудлаар хуралдаж, цагдаагийн экс дарга нарт эцсийн удаа тус бүр сонгосон гурван өмгөөлөгчөөс сонголт хийх хүсэлт хүргүүлэхээр болжээ. Хэрэв энэ удаагийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол автоматаар өмгөөлөгч томилох болж, шүүх хурлын зургаа дахь тов гаргах аж. Тэдэнд холбогдох шүүх хурал тав дахиа хойшилсон билээ.





















































