АН хамтарсан Засгийн газраас гараад удаагүй байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа солонгос, хятадуудтай төмөр зам барих тухай нууц гэрээ хийсэн хэмээн мэдэгдэж байсан. Энэ гэрээг Засгийн газар, харьяа яам нь ч мэдэхгүй байсан тухай сүр дуулиантайгаар олон нийтэд мэдээлж байв. Түүгээр ч барахгүй яамны удирдах ажилтнуудыг хүртэл Төрийн ордонд цуглуулж, Х.Баттулга гишүүн нууц, хууль бус гэрээ хийсэн гэдгийг нотлуулахаар зүтгэж байсан билээ. Харин үүнийг Х.Баттулга гишүүн тухайн үед нь эрс няцаан үгүйсгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өөрийг нь гүтгэн доромжилж, нэр төрд халдсан гэж Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан юм. Тэгвэл өнөөдөр дээрх асуудлыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх хэлэлцээд Ц.Нямдорж сайдыг бусдыг гүтгэсэн гэж дүгнэсэн байна.
Х.Баттулга гишүүн өнөөдөр заргаа авч чадсан ч Ц.Нямдорж сайд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцвэл давж заалдах боломжтой юм. Тэгээд ч тэрбээр энэ “тулаан”-д ширүүхэн эхлүүлсэн шигээ амархан бууж өгөхгүй гэж байгаа тул давж заалдахаар болж байгаа тухай ойрын эх сурвалж нь хэлэв.
Саяхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр “унтаж байсан” гэх хариулт өгснөөрөө сайдын суудлаасаа огцрох дөхсөн Ц.Нямдоржид одоо түүнээс ч том асуудал бий боллоо. УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа түүнд Х.Баттулгын асуудал том бул хар чулуу болж тээглэх нь ээ. Тэгээд ч хууль хэрэгжүүлэх ёстой гол хүн нь хуулиа зөрчсөн гэж шүүх дүгнэж байгаа нь багагүй асуудал үүсгэж эхлээд байна.
24tsag.mn





















































