Монголын говь нутгаас олдсон үлэг гүрвэлийн араг ясыг Нью-Иорк хотод дуудлага худалдаагаар зарах гэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Нью-Иорк хотод байрладаг “Херитейж Аокшн”-ы дуудлага худалдаагаар энэ олдвор АНУ-ын цагаар ням гарагийн өглөө орох байсан ч Монголын талаас нэхэмжлэл гаргаж, 10 хоног хойшлуулсан байна. Энэ үйл явдал амралтын өдөр таарсан, цаг давчуу байсан тул Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн нэр дээр нэхэмжлэл гаргасан байна. “Херитейж Аокшн”-ий удирдлага байдаг Даллас хотын шүүхэд Монголын талыг өмгөөлж, хуульч Роберт Петер нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийгээ дөрвөн цагийн өмнө тус байгууллагад хүргүүлжээ. Одоогоор “Херитейж Аокшн”-ий зүгээс ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байна. Тэдний талаас Тиранозаурус Батаар төрлийн үлэг гүрвэлийн араг ясыг Монголынх биш, эсвэл монголчууд өөрсдөө хуулийн дагуу хил давуулж өгсөн гэсэн няцаалт өгөх магадлалтай байгаа юм. Гэсэн ч энэ үнэт олдворыг Монголынх гэдгийг олон эрдэмтэд баталж, Монгол руу буцаахыг дэмжиж байгаа аж. Калифорни хотод амьдардаг плантелогич Нилл Келли өөрийн хүсэлтээр сайт нээж, түүгээрээ дамжуулж уг үлэг гүрвэлийн ясыг Монголд аваачихыг дэмжиж байгаа 1000 хүний гарын үсэг цуглуулахаар ажиллаж байгаа аж. Мөн монгол эрдэмтэн Н.Болорцэцэг ч манай орны олдвор гэдгийг нотлохоор олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.
Дуудлага худалдааг 10 хоног хойшлуулах хугацаанд Монголынх гэдгийг нотлох баримт гаргаж ирж чадахгүй байсан ч 10 хоногийн дараа болох шүүх хурлаар хэлэлцэх тул одоогоор араг ясыг зарах боломжгүй юм. Хэрэв маргааш /АНУ-ын цагаар 11.30 цагт/ товлогдсон “Херитейж Аокшн”-ы дуудлага худалдаагаар зарах гэсэн оролдлого хийвэл цагдаагийн байгууллагынхан нэн даруй зогоох аж. Үүний тулд Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргасан Монголын талын өмнгөөлөгч Роберт Петер Нью-Иорк хотыг зорьжээ. Тиймээс одоогийн байдлаар асуудал Монголын талд давуу байгаа юм.
Энэ хэрэгт ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэхэмжлэгчээр оролцож байгаа тул шүүх хурал, хэрэг мөрдөлтийн зардлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргахаар болжээ. Тиранозаурус Батаар-ын асуудал удаан үргэлжилж, багагүй мөнгө зарцуулах магадлалтай байгаа. Гэсэн ч хэрэв үлэг гүрвэлийн араг ясыг Монголд авчирч чадвал бидний хувьд олон улсын хэмжээнд сайнаар үнэлэгдэх, мөн үнэт олдворын наймаа эрхлэгчидэд том дохио болох юм. Ялангуяа зуны дулаан улирал эхэлж, түүхийн олдвоор дамлан наймаалагчдын ажил идэвхижиж байгаа энэ үед чухал сануулга болох юм. Нью-Иорк хотод амьдарч байгаа монголчуудын хувьд маргааш “Херитейж Аокшн”-ы дуудлага худалдаа эхлэх үеэр жагсаал хийхээр тус хотын захиргаанаас зөвшөөрөл авсан байна. Жагсаалын үеэр Монголын өв, соёлыг сурталчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бусад эрдэмтдээс дэмжлэг хүсэх юм байна. Мөн Тиранозаурус Батаарын бүтэн шахуу энэ араг ясны худалдах үнийг нэг сая доллараас эхэлж дуудана гэсэн мэдээлэл тарсан нь сүүлийн үед шуугиан тариад байсан "Фэйсбүүк" компаниы хувьцаанаас ч илүү бизнесменүүдийн сонирхлыг татаад байгаа аж.
Б.Баяр /24tsag.mn/





















































