Энэ долоо хоног МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд үйл явдал дүүрэн долоо хоног байлаа. Тэрээр хуурай өлсгөлөн зарлаад арав хоноод байхад буюу өнгөрсөн даваа гаригт түүнийг батлан даалтад гаргасан. Түүнийг батлан даалтад гаргаснаар тэрээр эмчилгээ хийлгэж эхэлсэн билээ. Гэвч зарим эд эрхтэн нь эмчилгээ авахгүй, бие нь дээрдэхгүй байгааг эмчлэгч эмч нь мэдэгдсэн юм. Түүнийг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад түүний хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд шилжүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Сүхбаатар шүүх дөрөв хоногийн дотор түүнд холбогдох шүүх хурлын товыг гаргасан аж. Түүнийг ирэх пүрэв гаригт шүүнэ. Мөн яллах дүгнэлтийг маргааш өөрт нь гардуулж өгөхөөр болсон юм. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт ШШГЕГ-аас түүний хоригдож байх үеийн бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Уг бичлэгт түүний гэр бүлийнхэн болон Н.Энхбаяр хэрхэн жүжиглэж байгаа, мөн хуулийн байгууллагын ажилтнууд руу Н.Энхбаяр хэрхэн салаавч гаргаж байгаа зэрэг үлдсэн байв. Бичлэгийг үзсэн хүмүүс төрийн тэргүүн байсан хүн бүдүүлэг, ёсзүйгүй аашиллаа гэсэн ч зарим нэг нь хүнийг салаавч гаргатал тэвчээрийг нь алдагдуулсан хуулийн байгууллагынхан буруутай хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Энэ долоо хоногт Н.Энхбаярын хэрэг явдлаар дүүрэн байвч Улсын дээд шүүхэд циркийн уран нугараач охиныг зодсон багш Г.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг хэлэлцэж, түүний хорих ялыг 3.6 болгон бууруулсан билээ. Түүнд Хан-Уул дүүргийн шүүхээс 5.1 жилийн ял оноосон ч Улсын дээд шүүхээс ийнхүү ялыг бууруулсан юм.
Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам”, “Сентра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү буудсан Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн Д.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал болох байсан ч шүүгдэгч Д.Төмөрбаатар мэс засалд орохоор болсон учраас ирэх сарын 7-ны өдрийг хүртэл хойшлуулсан билээ.





















































