Амралтын өдөрүүдэд АН сонин ихтэй байлаа. Хамгийн сонирхол татах мэдээ нь “Мон-Уран” ХХК-ний захирал Б.Наранхүү амралтын өдөр АН-д элссэн явдал байв. Тэрбээр өмнө нь Дундговь аймагт МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвших хүсэлтээ илэрхийлж байсан гэдэг. Гэвч МАН Б.Наранхүүг элсүүлээд баталгаатай нэг суудал авах ч гэсэн өөр тойргуудад сөргөөр нөлөөлж мэднэ гэж хаширлаад хөдлөөгүй юм. Түүний авсан зээл “Анод” банкийг дампууруулахад нөлөөлсөн, бага насны хүүхэд хүчирхийлэх гэж завдсан гэдэг нь нотлогдоогүй ч түүний нэр хүнд олон нийтийн дунд сөрөг хандлагатай байгаа нь намын ерөнхий рейтингд нөлөөлнө гэж үзсэн юм. Эдгээр хэрэгүүд нь батлагдаагүй. Гэвч ард түмний дунд амнаас ам дамжин яригдсаар, хүрээгээ тэлсээр байгаа. Ялангуяа түүнийг газрын ченж гэдгийг Улаанбаатарын иргэд зах зухаас нь мэднэ.Уг нь түүнийг МАН-д элсүүлэх, энэ намын нэрийн өмнөөс Дундговь аймагт нэр дэвшүүлэх гэж шадар сайд М.Энхболд ихээхэн хичээл зүтгэл гаргасан аж. Харин МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хоёр “за” гэж хэлж чадахгүй байжээ. Үүнд нь хорссон Б.Наранхүү АН-д элслээ. Тиймээс баталгаатай нэг суудал авахаа МАН-ын удирдлагуудад харуулах биз. Харин өнөөдрийг хүртэл өсгөж, тордож өдий зэрэгт хүргэсэн шадар сайд М.Энхболдоосоо нүүр буруулж байгаа үйлдэл нь түүнийг хэн болохыг илтгэнэ. Ийнхүү М.Энхболд, Б.Наранхүү хоёр өөр өөр замаар замнахаар шийдлээ.
Харин АН-д элссэн Б.Наранхүү амралтын өдөрүүдэд УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзсан гэсэн мэдээлэл тарлаа. Мөн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай уулзаж ярилцсан гэсэн сонирхолтой мэдээ амралтын өдөрүүдэд улс төрчдийн утас дамжин түгэв. Гэвч эдгээрийг уулзсаныг батлах гэрч бас байхгүй бололтой.
Ямар ч гэсэн “Мон-Уран” ХХК-ний захирал, алдарт шарга азаргаараа ард түмний танил болсон Б.Наранхүү АН-аас Дундговьд зодоглох нь тодорхой боллоо. Тэрбээр амралтын өдөр өөрийн бараа бологчдыг дагуулан төрөлх нутгаа зорьжээ. Өнөөдөр Дундговь аймагт АН-ын хурал болно. Уг хурлаар Б.Наранхүүг аймгаасаа нэр дэвшүүлэхээр Дундговийнхон эцэслэн шийдвэрлэнэ. Түүнийг ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын том хүү Н.Соёмбо дагаж, орон нутгийн гол холбоос, зохион байгуулалтыг хийж байгаа гэнэ. Б.Наранхүүг Дундговь аймагт нэр дэвшүүлэхийн тулд өчигдөр УИХ-ын гишүүн З.Энхболд хэд хэдэн залуусыг дуудаж загнаж зэмлэжээ. Дундговь аймагт нэр дэвшихээ илэрхийлээд байсан Б.Ургамалцэцэг, Б.Мөнхболор гэсэн хүмүүсийг З.Энхболд дуудаж уулзан үүрэг чиглэл өгөн нэрээ татаж Б.Наранхүүг дэмжихийг зөвлөмж болгожээ. Энэ зөвлөмжийн дагуу тэд ч бас Дундговь аймгаа зорьсон сурагтай. Ийнхүү АН дархан нэг суудалтай болохын тулд нэлээд дуулиант эрийг сойлоо.
Ингэснээр Монголын бизнес, гэмт хэргийн ертөнцөд нэр нь бичигдсэн Б.Наранхүү хэмээх эрхэмийг сонгож УИХ дахь суудлынхаа тоог нэмэхээр АН шийдлээ. Суудал л авч байвал хэн байсан, хэнийг дэвшүүлэх нь АН-д хамаагүй бололтой. Харин МАН хамаатай гээд хөдөлж өгөөгүй юм.
Б.Сарангэрэл






















































Сэтгэгдэл (1)