Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс эцэслэн тодорлоо. Намууд бүх тойрогт ялалт байгуулах боломжтой гэсэн шилдэгүүдээ сойлоо. Гэвч барианы газар хүссэн бүхэн түрүүлдэггүй. 2012 оны сонгууль хоёр зүйлд онцгой боломжийн хаалгыг нээж өгөв. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдэд. Бүх намууд нэр дэвшигчдийнхээ 20 хувьд эмэгтэй лидерүүдээ бичсэн. Жагсаалтаас харвал хоёр том намаас л гэхэд нилээд хэдэн эмэгтэй шууд гишүүн болох нь тодорхой харагдана. Тиймээс энэ удаагийн парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөнгүй байх бололтой.
Хоёрдугаарт, жижиг намуудад боломж нээгдэв. Ингэснээр парламентад олон намын төлөөлөл суух нь тодорхой байна. Өөрсдийгөө гуравдах хүчин гэж тодорхойлогсод гудамжнаас биш парламентын индэрээс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж эхэлнэ.
Энэ удаагийн сонгуульд МАН, АН-ын нэгдсэн уриа тодорхой болоод байна.
МАН: Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс
АН: Хүн шиг амьдаръя, Улс шиг хөгжье гэсэн мессежтэй орохоор болсноо зарлалаа. Хамгийн том хоёр намын урианы аль нь олон нийтэд таалагдахыг ирэх долоо хоногоос харж болно. МАН-ын уриа илүү албаны өнгө аястай байгаа бол АН-ынх илүү энгийн байна. Бас МАН-ынх төрийн тогтолцооны асуудлыг хөндсөн бол АН-ынх хүний асуудлыг чухалчилжээ. Ийнхүү тодорхой болж олонд зарлагдсан мессежний аль нь онцгой болох талаар та бүхэн байр сууриа илэрхийлээрэй.
24tsag.mn





















































