Сарын дараа болох УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших хүмүүсээ улс төрийн намууд зүслээд байгаа билээ. МАХН-ын хувьд дарга Н.Энхбаяраа хувь тэнцүүлсэн тойрогт нэр дэвших хүмүүсийн жагсаалтын эхэнд оруулсан. Сүхбаатар дүүргийн шүүхээс ч түүнийг сонгуульд өрсөлдөх хууль эрх зүйн боломж бий гэдгийг мэдэгдсэн юм. Тиймээс МАХН-аас Н.Энхбаярт сонгуульд нэр дэвших эрхийн мандатыг нь өнгөрсөн пүрэв гараг буюу тавдугаар сарын 24-нд гардуулж өгчээ. Энэ өдөр тус нам Их хуралдай хийж, бусад нэр дэвшигчиддээ мандатыг нь өгсөн байна. Харин Н.Энхбаярын хувьд бие нь тааруу байсан тул хэвтэн эмчлүүлж буй Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт нь очиж УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн бичгийг нь олгосон байна. Гэхдээ одоогоор түүний нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээгүй байгааг албаны эх сурвалж хэллээ.
Намууд нэр дэвшигчдийнхээ нэрсийн жагсаалтыг энэ сарын 28-аас зургаадугаар сарын дөрөвний дотор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. МАХН-ын хувьд ч энэ өдрүүдэд багтаан бичиг баримтаа бүрдүүлж өгөхөөр төлөвлөөд байгаа аж. Найм хоногийн дараа буюу зургаадугаар сарын дөрвөнд Н.Энхбаярын эрх мэдлээ ашиглан хууль бусаар өмч хөрөнгөтэй болсон гэх дуулиант хэргийг шүүх хурал болно. Мөн давхцаад тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлнэ. 24tsag.mn-д сүүлд ирсэн мэдээгээр МАХН-ын дарга Н.Энхбаярын бие сайжран, тэнхэрч байгаа аж. Тиймээс энэ удаа түүнийг хэргийг шүүх хурал "бие нь муу байгаа" гэсэн шалтгаанаар хойшлохгүй бололтой.
24tsag.mn





















































