Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/, Улсын дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбооноос хамтран хэрэгжүүлж буй “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн үйл ажиллагааг дүгнэжээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт JICA-гийн зөвлөх, төслийн үнэлгээний багийн гишүүн Исой Миха, мэргэжилтэн Канэда Масаюки нар манай улсад ажиллав.
Үнэлгээний багийн бүрэлдэхүүн төсөл хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн болон Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, үнэлгээ хийжээ. Эцэст нь JICA, Улсын дээд шүүх, Сангийн яам, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран төслийн үр дүнг хэлэлцсэн аж. Улмаар санал нэгтэйгээр төслийг амжилттай хэрэгжсэн гэж үнэлсэн байна.
Япончууд төслийг Монгол Улсад хэрэгжүүлсэн явдал нь цаг үеэ олсон, үр ашигтай, бүтээлч, үр дүнгээ өгсөн үйл ажиллагаа болсныг өндрөөр үнэлжээ. Үүнээс гадна УИХ-аас Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг баталсан явдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна.





















































