2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хоцорсон МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчдийг дэмжин хөдөөгийн тойргуудад ажиллаж байгаа. Саяхан Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Өвөрхангай, Орхон, Архангай, Дорнод зэрэг аймгуудаар явж, сонгогчидтой уулзаад ирсэн. Улс төрийн ширүүн тэмцлийн гол баатар болоод буй түүнийг ирэх сургаар иргэд хөл тавих зайгүй болтлоо цуглан, хүлээн авч уулзаж байгаа аж. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг хотоос гарахгүй байхыг анхааруулсан. Үүнийг тус намын гишүүд болон дэмжигчид “Олон түмний дэмжлэгийг хүчтэй татах болсон тул эрх баригчид түүнээс эмээхдээ шүүхээр ийм шийдвэр гаргуулсан” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин Н.Энхбаяр “Эрх баригчид намайг алхам бүрт минь хавчиж байна” гэсэн юм. Хэдийгээр хөдөө орон нутгаар явж чадахгүй болсон ч тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд үгээ хэлэх болов. Батлан даалтад гарснаасаа хойш хэвлэлийнхэнд нэг л удаа хандсан тэрээр өчигдрөөс телевиз, сонинд ярилцлага өгөх болжээ. “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт “Би сайн хүн биш. Гэхдээ муу хүн ч биш” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байв. Уг ярилцлага нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн Ц.Нямдоржтой хэвлэлээр дайтсан дайныг санагдуулах шиг болов.
МАХН-ын дарга Н.Энхбаяр, ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж нар эртнээс өшөөтэй байсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сард улам даамжирч, хэвлэлээр хоорондоо тэмцэлдэж байсан. Н.Энхбаяр Ц.Нямдоржийг огцрохыг шаардан удаа дараа хэвлэлийн хурал зарлан, Ц.Нямдорж хариуд хэвлэлээр түүний тухай мэдээ материал нийтэлж, ярилцлагаар бөмбөгдөж байв. Харин энэ бүхэн эцэстээ Н.Энхбаяр Ц.Нямдоржийг нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон хэмээн 100 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд өгснөөр намжсан юм.
Харин Н.Энхбаярын өчигдөр өгсөн ярилцлагаас ихээхэн сонирхолтой зүйл ажиглагдав. Тэрээр шоронд хоригдож байгаа хүмүүс ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржийг үзэн яддаг талаар дурьджээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдсон Н.Энхбаяр алхам бүртээ шоронд байгаа залуусын тухай ярих болсон. Манай хууль хатуу тиймээс хайран сайхан залуус маань амь амьдралаараа баларч байна. Шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад аваачаад хийчихдэг хэмээн залуусын талд орох болсон. Энэ нь ч учиртай байж. Учир нь хоригдож байгаа хүмүүс Н.Энхбаярт Ц.Нямдоржийг үзэн яддаг тухайгаа хэлээд зогсохгүй, Ц.Нямдоржийн зохиосон Эрүүгийн хуулийг үзэн ядаж, энэ харгис хуулийг өөрчлөөгүй цагт бидний амьдрал ч өөрчлөгдөхгүй хэмээн учирласан байна. Мөн Ц.Нямдоржийг огцорсон уу хэмээн байнга асуудаг гэнэ. Харин огцроогүй гэхээр МАН, АН-ыг үзэн ядна хэмээн хариулдаг талаар ч дурьдсан байв. Мэдээж өстөн байсан хүнийх нь тухай Н.Энхбаярт ингэж ярих нь таалагдсан байх. Юутай ч Н.Энхбаярын ярилцлагаас шоронд хоригдож байгаа хүмүүс Ц.Нямдоржийг үзэн ядаж, огцрохыг нь хүлээж суудаг бололтой.
Б.Чимэг





















































