АН хамтарсан Засгийн газраас гарсны дараахан Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК-ний захиралаар ажиллаж байсан Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхад энэ албан тушаалд ажиллаж байсан юм. Харин түүнийг ажлаас нь халсан шийдвэрийг шүүхийн байгууллага хууль зөрчсөн гэж үзжээ. Тиймээс Б.Батзаяа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж Засгийн газрыг хууль зөрчсөн гэх баримтуудыг ярьсан юм. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан Хөвсгөл аймаг, Овоотын чиглэлд шинээр төмөр зам барих шийдвэр нь хууль зөрчиж байгаа талаар тэрбээр хэлсэн юм. Хөвсгөл нуурыг тойрсон ашигт малтмалыг орд газруудын нөөц баялгийг зөөхөөр ийнхүү төмөр зам тавьж байгаа нь Монголын цэвэр усны 70 хувийн нөөц Хөвсгөл нуур аюулд өртөнө гэсэн үг гэлээ.
УИХ 2010 оны зургадугаар сард Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталсан ч энэ чиглэлд төмөр зам тавих тухай тусгагдаагүй аж. Тэгэхээр УИХ-аас баталсан бодлогыг зөрчин ийнхүү төмөр зам тавихаар шийдвэрлэж байгаа Засгийн газар хууль зөрчиж байгаа гэж онцоллоо. Үүнээс гадна одоогийн УИХ-аар энэ шийдвэрээ батлуулахын тулд МАН-ынхан шинэ УИХ-ын тангаргийг өргүүлэхгүй бойкотолж байна гэж ойлгож болохоор байгааг гэв. Тэрбээр сонгууль дуусч, наадам эхлэх гээд иргэдийн анхаарал сарнисан байгаа үеийг ашиглан хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзжээ.
Хэрэв Б.Батзаяаг хууль бусаар халсан гэсэн шүүхийн шийдвэрийг ТӨХ биелүүлж хууль бус шийдвэрээ цуцалбал тэрбээр ажилдаа эргэн орох юм байна.
Б.Баяр






















































Сэтгэгдэл (1)