Инчон хотын цагдаагийн газраас цагдаагийн ажилтанг хэл амаар доромжилсон Монгол улсын иргэн А-г 500 мянган воноор торгох шийдвэрийг өнөөдөр гаргажээ. Иргэн А нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр залилангийн хэргээр Инчон хотын Намгү цагдаагийн газар шалгагдаж байхдаа түүнээс байцаалт авч байсан цагдаагийн ажилтанг 2-3 удаа “Бууны нохой” хэмээн нэрлэн дуудсан байна. Үүнд дургүйцсэн цагдаагийн ажилтан эд мөрийн баримт болсон камерны бичлэгийг хуулан авч , хэл амаар доромжлуулсан хэмээн өргөдөл өгсөн ажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Сөүл хотын Жунгру дүүрэгт тус улсад таван жил амьдарсан Монгол оюутан залуу цагдаагийн ажилтанг ингэж нэрлэн дуудсаныхаа хариуд гав зүүн цагдаагийн газарт хүргэгдэн шалгагдаж торгуулж байсан бөгөөд тухайн цагдаагийн ажилтан, хэл амаар доромжлуулсан хэмээн өргөдөл гарган өгч байсан удаатай аж.
Солонгосоор "Жабсэ" хэмээн дуудагдах энэ хараал нь цагдаа нарт зориулсан "Бууны нохой" гэсэн үг аж. Энэ үгийг хэлэхэд цагдаа нар ихэд дургүйцэж, өөрсдийгөө маш ихээр доромжлуулсанд тооцдог байна.
Нэгэнт Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бол тус улсын хуулийг дээдлэн амьдарч, хэв журам сахиулан амар тайван амьдрах орчинг бүрдүүлэн ажиллаж буй цагдаагийн ажилтнуудыг хэл амаар доромжлох нь хуулийн хариуцлагад татах маш том үндэслэл болно. Тиймээс цагдаагийн ажилтанг хэл амаар доромжилсон гадаадын иргэдэд зохих ёсны хариуцлагыг заавал хүлээлгэх болно гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна.
Б.Чимэг





















































