Хүүхдийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран баяр наадмын үеэр иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Эцэг эхчүүд, асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд гол мөрөн, тогтоол усанд осолдож амь насаа алдах тохиолдол гарч байгаа учраас албаныхан сэрэмжлүүлж буй нь энэ юм байна. Баяр наадмаар иргэд олон хоног амарна. Мөн наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороотой, үертэй байна хэмээн цаг уурын газраас мэдээлсэн. Тиймээс иргэд амрах хугацаандаа гол усны аюулаас сэргийлж, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав. Мөн наадмын өдрүүдэд онцгой байдлын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар жижүүрлэн ажиллахаар болжээ. Дулааны улирал эхэлснээр нийт 39 хүн гол усны аюулд өртөж амь насаа алдсан байна. Үүнээс 12 нь хүүхэд байжээ.
Б.Чимэг





















































