МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох авилгалын шүүх хурал гурван удаа хойшлоод байгаа. Өмгөөлөгчөөсөө татгалзсан, бие нь муу, өмгөөлөгчөө сольсон гэх шалтгаанаар хойшлоод байсан шүүх хурал энэ сарын 18-нд буюу ирэх лхагва гаригт болох юм. Энэ удаад түүний шүүх хурал хойшлохгүй. Учир нь өнгөрсөн сарын 12-нд болох шүүх хурлыг хойшлуулахдаа тэрээр дахин хойшлуулахгүй гэдэг ам мөчгөө өгсөн юм.Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. Түүнтэй хамт До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар мөн шүүгдэх юм. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцоно.
Б.Чимэг





















































