“Нүүдэлчдийн дуу хоолой” этник хөгжмийн уламжлалт наадам Буриадын нийслэл Улаан Үдэд Монголын баяр наадамтай давхцан болж өндөрлөлөө. Дэлхийд нэрд гарсан Буриадын “Намгар” хамтлагаас гадна Өвөр Монголын Anda Union, Нигер улсын Bombino болон Зимбабве улсын Мokoomba зэрэг хамтлаг энэ их наадамд ая дуугаа өргөсөн байна. Ардын аялгууг цахилгаан хөгжмөөр эгшиглүүлсэн өврөмөц туршилтууд Буриадын үзэгчдэд ихэд таалагджээ. “Нүүдэлчдийн дуу хоолой” наадмын үеэр мөн кино үзлэг зохион байгуулсан байна. Буриадын найруулагч Баяр Дышеновын “Ээжийн шийтгэл”, “Сансар” киностудийн Шэнэхээний буриадуудын тухай гурван ангит бүтээл болон Монголын найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Чингисийн эр хоёр загал” киног олны хүртээл болгосон байна. Д.Бямбасүрэнгийн кинонд тоглосон Цахар тугч Урнаа нь “Нүүдэлчдийн дуу хоолой” их наадамд 2009 онд ирж оролцож байсан юм.





















































