Шинэ Засгийн газрын тэргүүнээр АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын даргаар З.Энхболд нар томилогдох нь тодорхой болоод байгаа билээ. Хэрэв Засгийн газар байгуулагдаж, УИХ-ын ажил жигдэрвэл ийнхүү түүхэндээ төрийн гурван өндөрлөг бүгд АН-ын уг гарвалтай болно. Энэ нь олон нийтийн анхаарлыг татаж, дэлхий нийт ч сонирхож эхлээд байна. Монгол улс ардчилсан ерөнхийлөгчтэй гэдгээс гадна “Ардчиллын гурвал” гэсэн шинэ имижтэй болж байна. Тиймээс ардчиллын үнэт зүйлсийг бодитойгоор хэрэгжүүлэх байх гэж хүлээх нь лавтай. Олон жил хамт зүтгэсэн тэднийг гар нийлэх байх ч гэж ярьж байна.Үүний хажуугаар манай ирээдүйн төрийн өндөрлөгүүд биеийн өндөрөөрөө ч бусдын анхаарлыг татаж эхэллээ. Монголчууд Ази тивийнхний жишгээр тийм ч өндөр нуруутай биш, харин Азиуд дундаа тийм ч намханд тооцогддоггүй. Монгол эрчүүдийн дундаж өндөрийг 167,4 см гэж тогтоосон байдаг аж. Харин Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар дундажаас доогуур өндөртэй байгаа нь гадны хэрэгт дурлагчдын сонирхлыг татсан бололтой. Ц.Элбэгдорж, З.Энхболд нар ойролцоо өндөртэй. Харин Н.Алтанхуяг тэднээс арай өндөр байж мэдэх юм. Гэхдээ тэдний өндрийн хэмжээг яг хэд вэ гэдгийг хэн ч хэлж зүрхлэхгүй байна. Тэдний өндрийн хэмжээг таамаглаж ярихаас цаашгүй байгаа нь сонирхолтой. Аливаа уулзалт хурал, арга хэмжээний үеэр тэд хамт зогсвол биднийг мэдэхгүй гадныханд монголчууд ийм өндөртэй хүмүүс байдаг юм гэх төсөөлөл буухыг үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ нь нөгөө талаас бие нь жижиг ч бэлчээр нь том гэдэг үгийг харуулж байгаа гэж үзэгсэд байна. Намхан биетэй хүмүүс хор шартай, тууштай тэмцэгч байдгийг харуулж байгаа ч гэх хүн байна. Ер нь манай эрэгтэй УИХ-ын гишүүд дотор шавилхан биетэй хэрнээ шаггүй зоримог улс төрчид олон байдаг. Мөн олны дунд цөөн ч гэсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэх зэрэг нуруулаг гишүүд бий. Нуруулаг гишүүдийн эхнэр, хүүхдийг тойруулж ярьж, бичээд байдаг нэг гэм манайхан бий л дээ.
Сонирхуулахад монгол эрчүүдийн дундаж өндөр 19-р зууны эцсийг бодвол 10 орчим см-ээр өссөн гэсэн сонирхолтой судалгаа байдаг юм байна. Энэ нь сүүлийн үед бүдүүн бараг гэгддэг эрчүүд маань эрүүл мэнддээ анхаарч эхэлснийх ч байж мэдэх юм. Тухайлбал сонгуулийн үеэр манай зарим гишүүн “Спиртлэг биш спортлог байя” гэсэн уриа гаргаад спортоор шаггүй хичээллэсэн гэдэг. Энэ мэт ирээдүйн төрийн гурван өндөрлөгийг хүмүүс сонжиж байна. Тэд ч биеийн хүчээр биш, ухааны хүчээр явдаг шүү гэдгийг нэг харуулах биз.
Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гээд төрийн гурван өндөрлөгийг зэрэгцээд зогсож байх ахуйд монголчууд бүгдээрээ ийм өндөртэй хүмүүс үү гэж гадныхан асууж магадгүй юм. Тэгвэл нь “Манай өндөрлөгүүд ардчиллын аагтай хүмүүс ээ” гээд хэлээд сууж байя.
Т.Гэрэл





















































