Төрийн ордонд шинэ, хуучин нийлсэн гишүүд өрөөндөө төвхнөх гэж багагүй бужигнаж байгаа бололтой. Энэ жил 30 гаруй шинэ гишүүн саарал ордонд суух болсон тул УИХ-ын Тамгын газраас өрөөг нь зоож өгсөн байна. Гэсэн ч зарим хуучин гишүүд өрөөгөө суллаж өгөхгүй багагүй асуудал үүсгэжээ. Тухайлбал Ц.Нямдорж гишүүнд хуучин Ц.Мөнх-Оргил гишүүний өрөөг өгөхөөр болсон ч тэрбээр өрөөнөөсөө гарахгүй гэж зөрсөөр байгаа аж. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж: “Ц.Нямдорж сайд төрийн тусгай хамгаалалтаас гарчихсан. Тэгсэн хэрнээ өрөөгөө суллаж өгөхгүй гээд суучихсан. Ц.Нямдорж сайд маань өрөөгөө суллаж өгнө гэж найдаж байна” гэж учирлаж байх юм. Олон жил саарал ордонд эзэн суусан өрөөндөө дасал болсон байлаа ч нэгэнт гарсан Тамгын газрын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь зохисгүй хэрэг гэж шинэхэн гишүүд ч жиг жуг хийлцэж байна. Үүний хажуугаар УИХ-ын гишүүн С.Баяр өрөөгөө суллахыг зөвшөөрсөн ч тусгай хамгаалалтынхан лацдаад өөр хүн оруулахгүй байжээ. Тиймээс уржигдар С.Баярын өрөөний хаалгыг эвдэж, хүчээр нээсэн байна.
Харин шинэ гишүүдийн хувьд оногдсон өрөөндөө хамгийн сэтгэл хангалуун байгаа нь С.Ганбаатар гэв. Фенг шуйгийн зарчмыг мөрдлөг болгодог түүнд Төрийн ордны хамгийн жижиг өрөө оногдсон аж. Гэсэн ч тэрбээр жижиг ч гэсэн тухтай гэж сэтгэл хангалуун байгаа гэнэ. Мөн энэ жил олноороо сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүдийн хувьд ихэнхи нь дөрөвдүгээр давхарт өрөө авчээ. Харин С.Одонтуяа гишүүн л ганцаараа наран талдаа цонхтой гэж доод давхарт нь өрөө авсан байна. Тиймд түүнийг “хамгийн бээрэг гишүүн” гэж хөөрхөн хочилж эхэлсэн сурагтай.
Үүний зэрэгцээ УИХ-ын Тамгын газарт бас нэгэн асуудал тулгарч байгаа нь гишүүдэд тараасан IPAD аж. Хуучин гишүүдэд тараасан IPAD-ыг олонхи нь буцааж өгөхгүй голорч байгаа гэнэ. Арга ядахдаа Тамгын газрынхан “Буцааж өгнө гэж найдаж байна” гэж гуйх аястай сууж байна. Энэ мэт шинэ сайд нарын хажуугаар шинэ өрөөний тухай яриа гишүүдийн бас нэг ярианы сэдэв болоод байна. Хуучин гишүүд улсын төсвийн мөнгөөр авсан IPAD-аа буцааж өгөөд, Ц.Нямдорж гишүүн өрөөгөө хэл амгүй суллачихаасай.
Т.Гэрэл





















































