УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын даргын албан тушаалд АН-аас З.Энхболд гишүүнийг нэр дэвшүүлж, 95,2 хувийн саналтайгаар дэмжлээ. Түүнийг УИХ-ын даргаар сонгохоос өмнө зарим гишүүд "Сүүлийн үед үүссэн улс төр, чуулганы гацааг яаж арилгах вэ?" гэж асуув. Тэрбээр "Өмнөх УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж чадаагүй. Намын эрх ашгийг хуулиас дээгүүр тавьж байсан. Үүнийгээ зарим намууд санагалзаж, чуулганы ажлыг гацааж байна. Бид хуулийг л барьж ажиллах л зорилготой байна" гэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн З.Энхболд гишүүнд хандан "Энэ мөчөөс гишүүдийн ирцийг кнопоор биш, яг таг бүртгэдэг болох хэрэгтэй байна. Ирцээ бүрдүүлдэг, хуулиа хэрэгжүүлдэг байгаасай гэж хүсч байна. Оюу толгой, Таван толгойн асуудлыг бид байнга хөндөж ирсэн. Энэ удаагийн Засгийн газар Оюу толгойн 51 хувийг төрд шилжүүлж, Таван толгойн бүрэн бүтэн болгох ёстой" гэж захилаа.
Өмнө нь УИХ-ын даргад бие даагч гишүүдийн бүлгээс Ц.Даваасүрэнг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх яриа гарч байсан ч ганцхан З.Энхболд гишүүний нэр дээр санал хураав.





















































