МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох долоон тэрбумын авилгалын шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 9.30 цагаас эхэллээ. Яг одоо улсын яллагч Ё.Сагсай шүүгдэгчдийг яллах үндэслэлээ танилцуулах шүүмжийн шат явагдаж байна. Үүний дараа ялын тогтоолыг танилцуулж, шүүгдэгчид үгээ хэлснээр шүүх хурал дуусах юм. Н.Энхбаяртай хамт До.Чулаанбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар мөн шүүгдэж байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан хүндэвтэр зүйл ангиар буруутгаад буй. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу бүх эд хөрөнгийг хурааж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар, өмгөөлөгчөөр С.Нарангэрэл, Б.Сайнгэрэл, Г.Оюунцэцэг, Ц.Цэрэнжээ, Л.Өлзийхүү, К.Бауржин нар оролцож байгаа билээ.
Б.Чимэг





















































