Хилсээр хэлмэгдсэн Халимагийн ард түмний холбоо /ХХХАТХ/ хэмээх олон нийтийн байгууллагын төлөөлөгчид ерөнхий сайд Д.Медведевийг Волгогорад хотод ажлын айлчлал хийх үеэр нь шаардлага гардуулах гэсэн ч бүтсэнгүй. Халимагийн Элстэй болон Волгоград хотын хоорондох 300 км замыг хэлмэгдсэн халимагуудын төлөөлөгчид дэндүү олон цаг явж туулжээ. Шалтгаан нь алхам тутамд шахуу зогсоосон цагдаагийн шалгалт. 70 шахам жилийн өмнө Сталины тушаалаар халимагийн ард түмнийг нэг ч хүн үлдээлгүй дүн өвлөөр Сибирьт цөлсөн билээ. 13 жил үргэлжилсэн аймшигт цөллөгийн эцэст Европ тив дэх цор ганц ази төдийгүй монгол үндэстний 40 орчим хувь нь амиа алдсан юм. ХХХАТХ-ны удирдагч Борис Очиров тэргүүтэй 12 төлөөлөгч Оросын ерөнхий сайдыг зэргэлдээ хотод ирэх үеэр нь Засгийн газраас нөхөн төлбөр нэхсэн шаардлага гардуулах гэсэн боловч хүчний байгууллагад өгсөн даалгаврын үр дүнд тэдний энэ зорилтыг таслан зогсоосон байна.
-Замын турш хэд хэдэн удаа цагдаагийн эргүүл зогсоож, дор хаяж хагас цаг саатуулж байсан. Тэгсээр байгаад Медведевийг Москва руугаа буцаж ниссэн хойно нь л биднийг Волгоград руу нэвтрүүлсэн гэж Б.Очиров ярьжээ.
-Дайны үед Германд албадан ажил хийхээр хөөгдөгсөд, бөөнөөр хорих лагерьт хоригдогсон таньж мэддэг халимаг хүмүүс маань хожим Германы засгийн газраас багагүй мөнгөн нөхөн олговор авсан. Харин бид Оросын төр засгаас 10 мянган рубль /400 мянган төгрөг/-ийн нэг удаагийн тэтгэлэг авч байна. Энэ бол доромжлол гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Халимагийн ард иргэд Оросын Засгийн газраас нөхөн төлбөр шаардан нэхэмжлэл гаргасаар байна. Б.Очировын хэлснээр халимагуудын зоримог жишээг хэлмэгдсэн бусад ард түмнүүд ч дагаж байгаа ажээ.
-Бидэн рүү чеченүүд, Кавказын бусад оршин суугчид, Ижил мөрний немцүүд яаж шүүхэд хандах тухай лавлан утасдаж байна гэж тэр хэлжээ.
Оросын эрх баригчид татгалзсан тохиолдолд халимагууд Страсбург дахь Европын хүний эрхийн шүүхэд хандах болно гэв.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (2)