Өвөрхангай аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байсан МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх байсан ч дахин тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь нэхэмжлэгч Н.Доржпаламын өмгөөлөгч Н.Мөнхболд өвчтэй байгаа учраас хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд илгээсэн байна. Ийнхүү тэдний гомдлыг хэлэлцэх хурал дахин хойшиллоо. Өнгөрсөн долдугаар сарын 25-нд хэлэлцэх байсан ч нэхэмжлэгч Г.Батхүүгийн талаас шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт тавьснаар өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан билээ.
Өвөрхангай аймаг буюу 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өвдөг шороодсон Г.Батхүүгийн бие төлөөлөгч Доржпалам Хан-Уул дүүргийн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаад байсан юм. Уг нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцээд С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг буруутай гэж үзсэн. Тиймээс Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Хан-Уул дүүргийн шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан хэмээн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн шүүхэд гомдол гаргаад байсан билээ.
Б.Чимэг





















































