Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, дараах асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын илтгэлийн төслийг хэлэлцэн дэмжээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт өргөн барихаар тогтов.Мөн Бүгд Найрамдах Турк улстай байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын цэргийн буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд “БНТУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн тусламжийн гүйцэтгэлийн протокол”-ыг батлах тогтоолын төслийг дэмжлээ.
Түүнчлэн шинэчлэн баталсан Компанийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдийг нийлүүлсэнтэй холбогдуулан ТЕГ-ын албан бичгийг үндэслэн “Жагар интернэйшнл” ХХК-ийн пиво, “Эрдэнэт шанд” ХХК-ийн пиво үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, “Интерстандарт брьюри” ХХК-д зохих хуулиудын заалтын дагуу тусгай зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.





















































